Олон өнгө | Уяа

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 24

 

Монголчууд мөлхөж буй, хөлд ороод дэгдэж буй жаалуудаа аавын бүсээр аргамжиж аюул ослоос хамгаалдаг билээ. Хөгшчүүд хүүхдийн уяа 10 аюулаас хамгаалдаг гэж ярьдаг. Хөдөөний айлууд хүүхдээ уячихаад л сааль сүүндээ гарах, хонь малдаа явахдаа ч сэтгэл амар байдаг сан. Бид ч уяандаа өссөн л хүүхдүүд. Уяаг хүүхдийн өрөөл суган доогуур оруулж, бүсэлхийгээр нь оруулаад хонин холбоо юм уу тооно туших зэрэг төвөггүй тайлах зангилаагаар уяна. Уяандаа дассан хүүхэд аливаад болох, болохгүйн хэм хэмжээг нялх багаасаа мэдэрч өсдөг шиг. Хэтэрхий сулд нь тавиад эрх танхи өсгөсөн хүүхдийг "Буруу өссөн хүүхэд бухын хүзүүнээс хатуу" гэдэг дээ. Энэ нь цаанаа ч ийм л учиртай. Тэр ч бүү хэл хүүхдийн уяан дээгүүр алхдаггүй цээртэй.

Гэтэл сүүлийн үед бид ийм сайхан эрхэм уламжлалаа улам бүр умартаад байна уу даа. Хүүхдээ хэт их эрхлүүлээд, хүний эрх гэсэн нэрэн дор дур зоргоор нь тавиад, анхаарал халамж сул байгаа эцэг, эхчүүдийн буруу гэсэн зэмлэлээр далайлгаад хүүхдийнхээ уяаг эвхээд авдартаа мартжээ. Тиймдээ ч алдрай бяцхан үрсийг минь 10 аюул отож, аймшигт осолд өртөж, алаг хорвоогоос алдаж эндэх нь олширсон гэхэд хилсдэхгүй.

Жишээ дурдахад, Түлэнхийн төвд жилдээ 0-4 насны 1200 гаруй хүүхэд түлэгдэж ирдэг байна. Үүнээс гадна тогонд цохиулах, нүхэнд унах, унаж бэртэх, эмэнд хордох гээд осол гэмтлийг оруулвал бүр ч их тоо гарна. Тэнтэр тунтар алхах бяцхан үрс минь харсан бүхнээ шохоорхож, барьж, амталж үзэх гэж хичээдэг. Араас нь аргамжих уяагүй хүүхэд хаа ч хүрч мэднэ. Тэнд ч буцалсан халуун ус татаж, энд ч улайссан зууханд гараа нааж магадгүй шүү дээ. Хэдий бид үрсээ нүдний цэцгий мэт хайрлан халамжилдаг ч дандаа нүд салгалгүй дагаад байх боломжгүй. Нэг л эргэх хооронд “хэрэг мандаачихдаг” нандин сайхан үрсээ аавын уяагаар аргамжиж 10 аюулаас хамгаалъя.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top