Угсаа залгамжлах ханхүүг зочилсны дараа Монголын павильоныг сонирхогчид нэмэгджээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 10 сарын 25


Арабын Нэгдсэн Эмират Улсын Угсаа залгамжлах ханхүү, Дубайн Гүйцэтгэх зөвлөлийн дарга Шейх Хамдан бин Мохаммед бин Рашид Аль Мактум “ДУБАЙ ЭКСПО 2020” дахь Монголын павильоноор зочилсон талаар өмнө нь мэдээлж байсан билээ.

Тэгвэл угсаа залгамжлах ханхүүг зочилсны дараагаар манай улсын павильоныг сонирхох жуулчид, зочдын тоо нэмэгдэж, аравдугаар сарын 21-ний өдөр гэхэд 4500 хүн үзэж, сонирхжээ.
 

“ДУБАЙ ЭКСПО 2020” арга хэмжээ энэ сарын 1-нээс эхлэн 2022 оны гуравдугаар сарын 31-ний өдөр хүртэл нийт зургаан  сарын туршид үргэлжлэх юм. Экспогийн хүрээнд  438 га талбайг хамарч, 191 улс өөрийн улс орноо дэлхий дахинд сурталчлан, таниулан оролцож байгаа. Энэ хугацаанд арга хэмжээг 25 сая хүн үзэж, сонирхоно гэсэн тооцоолол бий.

Монгол Улсаас тус үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагчаар Гадаад харилцааны яам, Соёлын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, хамтран зохион байгуулагчаар Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын Үндэсний Музей, Монголын Үндэсний Номын сан, Зэв дижитал нүүдлийн музей зэрэг байгууллагууд ажиллаж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top