Шүүхийн эрх мэдлээс татгалзах тухай Ерөнхийлөгчийн саналыг УИХ дэмжив

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 28

УИХ-ын үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 18 дахь хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийг томилж, чөлөөлөхөөр зохицуулсан нь Монгол Улсын шүүхийн тухай хуультай зөрчил бий болгоод байгаа тул хууль хоорондын зөрчлийг арилгахаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн билээ.

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хийх үед эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт аваагүй хэмээн УИХ-ын гишүүн Ш.Адьшаа танилцуулсан.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар "Үндсэн хуулийн цэц 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн их суудлын хуралдаанаараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын шүүхийн тухай хууль бүхэлдээ Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх асуудлаар гаргасан хүсэлтээс Монгол Улсын Ерөнхийлөгч бүхэлд нь татгалзсан хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэсэн. Цэц их суудлын хуралдаанаараа Ерөнхийлөгчийн хүсэлтийг хүлээн авсан ч ШЕЗ-ын гишүүдийг томилох тухай асуудалд институц хоорондын тэнцвэртэй оролцоог хангах ёстой гэсэн маргаантай холбоотой шийдвэр гаргаагүй. Үүнээс болж асуудал үүсэхийг үгүйсгэх аргагүй" гэсэн байр суурийг илэрхийлэв. 

Хууль зүйн байнгын хорооны дарга энэ асуудлаар "Байнгын хороо хэлэлцэж, мэдээлэл авсан гээд ирэх долоо хоногт дахин хэлэлцэнэ" гэсэн хариултыг өгсөн юм.

Асуулт, хариулт үүгээр өндөрлөж УИХ-ын дарга хуулийн төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангах чиглэлийг Хууль зүйн байнгын хороонд өглөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top