БАЙНГЫН ХОРОО: Улстөрчдийн "эмзэг мэдээлэл"-ийг мэдээлэхдээ эзнээс нь зөвшөөрөл авна

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 11 сарын 09

УИХ-ын Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/-ийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд "Энэ мэдээллийн эзнээс зөвшөөрөл авах гэдэг зүйл нь хэвлэлийнхэн болон олон нийтийг бухимдуулаад байгаа гол зүйл шүү дээ. Энэ хайрцаг хүрээг тодорхой хэлээд өгөөч. Улстөрчдийн гэдэг юм уу, хүний хөрөнгө орлоготой холбоотой, эмзэг мэдээлэл гээд яваад байгаа шүү дээ. Энэ хамаарахгүй биз дээ. Тэртээ тэргүй хөрөнгө орлого ил байгаа. Худалдан авалт, сонгон шалгаруулалт бүгд тод бий. Энэ бүхнийг мэдээлэхийн тулд заавал зөвшөөрөл авах ёстой гэдэг мэдээлэл цаашаа явчихвий. Мэдээллийн ил тод байдлыг хангаж ажиллах төрийн үндсэн зарчим нь энэ хуулиараа хаагдчихвий дээ. Энэ хоёр асуултад хариулт авмаар байна" гэлээ.

Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Учрал "Хүний хувийн мэдээллийг хамгаалах хуулийг хэлэлцэж эхлэхэд сэтгүүлчид нэлээн асуусан. Засгийн газрын өргөн мэдүүлсэн хууль дээр Ажлын хэсэг ажиллаад "Сэтгүүлзүйн зорилгоор мэдээллийн эзний зөвшөөрлөөр, эсвэл нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс мэдээллийг цуглуулж, ашиглаж болно" гэдэг хуулийн 12.1 дэх заалтыг "Сэтгүүлзүйн зорилгоор, нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж болно" гээд мэдээллийн эзний зөвшөөрлөөр гэдэг үгийг хасахаар оруулж ирж байгаа юм. Хөрөнгийн асуудал дээр Ажлын хэсгээс тухайн хувь хүний хөрөнгийн талын мэдээллийг эмзэг мэдээлэл дээр оруулж байсан бол эмзэг мэдээллээс хасаж, хувийн мэдээлэлд оруулж ирж байгаа юм" гэх хариултыг өглөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top