ЦУВРАЛ: Шатрын тухай сонирхолтой баримтууд түүхийн хуудаснаа
Нийтлэгч: Олон Улсын шатрын Их мастер А.ЭНХТУУЛ
ЭНЭТХЭГЭЭС ГАРАЛТАЙ ОЮУНЫ ИХ СПОРТ
НТӨ VII зуунаас шатар нь Энэтхэг улсаас үүссэн гаралтай гэдэгт ихэнх эрдэмтэд санал нэгддэг хэдий ч яг баттай нотолж, тогтоосон зүйл үгүй. Энэтхэгт Гуптагийн засаглалын үед шатрыг “чатуранга” хэмээн илүү сайн мэддэг байжээ. Чатуранга нь шатраас бусад сяньчи, жанги, шоги зэрэг хөлөгт тоглоомуудын анхдагч гэж олон эрдэмтэд үздэг ажээ. Тиймдээ ч бусад төрлийн оюуны спортуудтай харьцуулахад зуун, зуун дамжсан аугаа их түүхтэй учир оюуны спортын ноён оргил хэмээн өнөө цагт үздэг байна.
Энэтхэгчүүд эрт үеэс шатар нь гал, агаар, шороо, ус гэсэн дөрвөн элементэд хуваагддаг орчлон ертөнцийг бэлгэддэг хэмээн эрхэмлэсээр иржээ. Мөн Энэтхэг улсад хамгийн алдартай, олноор хичээллэдэг крикетийн спортын дараа шатар ордог байна. Тиймдээ ч, Энэтхэгийн шатарчин, XV шатрын дэлхийн аварга Вишванатан Ананд нь хамгийн их орлоготой тамирчдынхаа тоонд зүй ёсоор багтдаг ажээ.
ШАТАР ЯАГААД ОЮУНЫ СПОРТЫН “ХААН” ГЭГДДЭГ ВЭ?
Орчин үеийн буюу бидний одоо тоглож буй шатар XV зуунаас эхлэлтэй бөгөөд өдийг хүртэл дэлхий дээр зөвхөн насанд хүрэгчдийг авч үзэхэд 605 сая гаруй хүмүүс тогтмол шатар тоглодог гэсэн судалгаа гарсан байна. Орчин үеийн шатрын анхны дэлхийн аваргын титмийн төлөөх халз тоглолт 1886 онд буюу одоогоос 135 жилийн өмнө АНУ-д зохион байгуулагдсан түүхтэй ба өнөөдрийг хүртэл ердөө 16-хан шатрын дэлхийн аваргууд төрсөн байна. Түүнчлэн, XII шатрын дэлхийн аварга, олон улсын шатрын их мастер Анатолий Карпов нэгэнтээ шатрыг урлаг, спорт болон шинжлэх ухааны цогц нэгдэл хэмээн ишлэсэн байдгийг олон яруу найрагчид, эрдэмтэд, улс төрчид сайшааж, өөрсдийн шатартай холбоотой түүхээ хуваалцахдаа хэрхэн замын дундаас ухарч, бууж өгсөн тухайгаа хүүрнэсэн олон нийтлэлүүдийг уншиж болно.
Сонирхуулахад, компьютер дээрх анхны програмуудын нэг нь шатрын програм байсан ба хамгийн анхны онлайнаар тоглосон хөлөгт тоглоом ажээ.
САНСАР ОГТОРГУЙД ТОГЛОГДСОН АНХНЫ ОЮУНЫ СПОРТ
(1970 он)
Шатар нь дэлхий ба сансар огторгуйн хооронд тоглосон анхны оюуны тоглоомуудын нэг байсан. 1970 оны 6 сарын 9-нд Оросын хоёр сансрын нисгэгч үүнийг боломжтой болгохын тулд хүндийн хүчний тусгай шатрын хөлөг авч явсан байна. Хожим нь, энэхүү тэмдэглэлт үйл явдлын 50 жилийн ой 2020 онд тохиож, ОХУ-ын төдийгүй дэлхийн шилдэг их мастеруудын нэг Сергей Карякин, сансрын нисгэгчидтэй “Дэлхий хүртэлх зай” хэмээсэн халз шоу тоглолт хийжээ.
Сонирхолтой нь, сансар огторгуйн багаас ОХУ-ын баатар, сансрын нисгэгч Анатолий Иванишин их мастертай өрсөлдөж, харин өргийг олон улсын сансрын станцаас сансрын нисгэгч Иван Вагнер шууд дамжуулжээ.
Сансрын нисгэгч Анатолий Иванишинтэй их мастер Сергей Карякин Москва хотноо байрлах сансрын нисгэгчдийн музейн төв танхимаас тоглосон байна. Гайхамшигтэй үйл явдлын 50 жилийн ойг ийнхүү тэмдэглэхэд ОХУ-ын шатрын холбоо гол үүрэг хүлээж, 2020 оны 6 сарын 9-ний өдөр амжилттай зохион байгуулсан гэж тухайн үед олон хэвлэлээр мэдээлсэн байдаг.
ШАТРЫН ОХИН ТЭНГЭР “КАИССА” -Г ХЭН БҮТЭЭСЭН БЭ?
Түүнийг 1763 онд Английн яруу найрагч, филологич Уильям Жонс -ын бичсэн “Каисса” хэмээх шүлэгт бүтээжээ. Шүлэгт Ангараг бурхан Фракийн дриад (анахронист) гэж дүрслэгдсэн Каисса бурханд дурладаг. Дараа нь Ангараг бурхан түүний хайрыг татахын тулд Каиссад шатар зааж өгчээ. Жонсын энэхүү шүлэг нь Италийн яруу найрагч Херонимус Видагийн (Марко Гироламо Вида) 1527 онд бичсэн “Scacchia ludus буюу Шатрын өрөг” хэмээх 658 мөрт шүлгээс урам зориг авч, бүтсэн түүхтэй юм.
Сэтгэгдэл ( 1 )
Оюуны спорт шатар агуу гайхалтай шүү дээ