УИХ-ын Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан өчигдөр (2021.11.10) боллоо. Тус хурлаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үргэлжлүүлэн хэлэлцсэн юм. Өмнөх хамтарсан хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авч буйгаа мэдэгдсэн бөгөөд завсарлагын хугацаа өчигдөр дуусаад байв. Тус хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хорооны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар Н.Учрал ажиллаж буй. Ингээд хэлэлцүүлгийн үеэр гишүүд хэрхэн байр сууриа илэрхийлж, асуулт асуусныг тоймлон хүргэж байна.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:
-Энэ хуулийн төсөл яригдаж эхэлснээс эхлээд мэдээллийн эзнээс зөвшөөрөл авах гэсэн заалт нь хэвлэлийн салбарынхны бухимдлыг төрүүлж байна. Улстөрчдийн хөрөнгө оруулгын мэдүүлэг, төрийн албаны худалдан авах ажиллагаа, тендер цахим хуудаснаа ил бий. Эдгээр мэдээллийг сэтгүүлчид нийтлэхэд эздээс нь зөвшөөрөл авах хэрэг үү. Аюулгүй байдлын журмыг байгууллага өөрөө тогтоох юм байна. Тэгвэл тухайн байгууллагын удирдлага өөрт хамаарах бүх мэдээллийг аюулгүй байдлын үүднээс хамгаалж байна гээд мэдээллийг хаах эрсдэлтэй. Энэ нь мэдээллийн ил тод байдлыг хангаж ажиллах гэсэн төрийн үндсэн зарчимтай зөрчилдөж байна.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
-Ажлын хэсэг “Сэтгүүл зүйн зорилгоор, мэдээллийн эзний зөвшөөрлөөр эсвэл нийтийн эрх ашгийн зорилгоор мэдээллийг цуглуулж, боловсруулж ашиглаж болно” гэсэн 12.1 дэх заалтыг “Сэтгүүл зүйн зорилгоор эсвэл нийтийн эрх ашгийн зорилгоор мэдээллийг цуглуулж, боловсруулж ашиглаж болно” гэж өөрчлөх санал оруулж ирж байгаа. Өөрөөр хэлбэл, сэтгүүл зүйн зорилгоор эсвэл нийтийн эрх ашгийн зорилгоор мэдээллийг цуглуулж, боловсруулахдаа мэдээллийн эзнээс зөвшөөрөл авахгүй гэсэн үг. “Мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр бусад эх сурвалжаас боловсруулж мэдээллийн эзнийг таньж тодорхойлохыг хориглоно” гэсэн заалтыг мөн хасаж байгаа. Тэгэхээр сэтгүүлчид ямар нэгэн мэдээлэл гаргахдаа мэдээллийн эзнээс зөвшөөрөл авахгүй.Гэхдээ мэдээллийн эх сурвалж нь үнэн бодитой байх ёстой. Бусдыг гүтгэж, нэр хүндэд халдсан бол бусад хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.
УИХ-ын гишүүнЦ.Сандаг-Очир:
-Хүний эмзэг мэдээллээс хөрөнгө орлогыг нь хасаж байгаа юм байна. Эмзэг мэдээлэлд цахим мэдээлэл орохгүй юу. Энэ хамгийн их ормоор л санагдах юм. Кодыг нь мэдээд орчихдог, хувийн нууцыг нь мэдчихдэг. Цахимжсан нөхцөлд хамгийн их эмзэг мэдээлэл цахим орчинд л явж байна.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:
-Хувь хүний захидал харилцаа, чат, фэйсбүүк, хувийн гэрэл зургийн мэдээлэл гээд л янз бүрийн зүйл гараад ирдэг. Энэ бүгдийн аюулгүй байдлыг яаж хангах юм. Нэг талдаа хэвлэл мэдээллийн байгууллага, мэдээлэл олж авч байгаа эх үүсвэрээ эзнээс нь асуух шаардлаггүй гэж хэлчихээд нөгөө талдаа мэдээлэл боловсруулах, цуглуулах зэргийн аюулгүй байдлыг нь хэрхэн хангах юм. Хамгийн гол нь, цахим аюулгүй байдлын орчин цахим халдлага гэж зүйл байна. Цахим гүтгэлгийг яаж зохицуулах юм. Хүний нэр төр, удам судар, үзэл бодол, ажил мэргэжлээр нь нь гүтгэж, нийгмийн хог шаар, шавхруу болтол нь гүтгэдэг асуудлын мэдээллийн аюулгүй байдлыг нь яаж зохицуулж, хангаж байгаа юм. Энэ гүтгэлэгтэй холбоотой асуудлыг Эрүүгийн хуульд тодорхой заалт оруулж өгөх хэрэгтэй. Нэгэнт гарсан мэдээлэл засардаггүй.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
-Хувь хүний нууцын тухай өмнөх хуулиар иргэн өөрөө мэдээллийнхээ аюулгүй байдлыг хариуцдаг байсан. Одоо энэ хуулийн төслөөр мэдээлэл хариуцагч тал мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүргийг хүлээж байгаа. Төр Е-Mongolia дээр суурилан иргэдийн мэдээллийг цуглуулж байгаа бол үүрэг хүлээнэ. Жишээ нь төр миний мэдээллийг ашигласан бол эргээд заавал мэдэгдэх ёстой. Энэ хуулиар мэдээллийн эзэнд мэдэгдэл очно. Иргэдийн хувийн мэдээллийг төр ийм шалтгаанаар ашигласан байна гэдгийг мэдэхгүйн улмаас хувийн байгууллагууд, маркетинг, судалгааны зорилгоор ашиглаж байна. Гааль татварын санхүүгийн алба гэх байгууллага хүний амжиргааны түвшинг тодорхойлж байна. Хувь хүний мэдээллийг хамгаалах хуулийг давуулж Эрүүгийн хариуцлагыг нэмэгдүүлэх зохицуулалт оруулж ирээгүй. Ажлын хэсэг дээр ийм асуудал яригдаагүй. Харин цахим орчинд хүний эрхийг хамгаалах чиглэлээр Засгийн газар хууль санаачлаад оруулж ирж байгаа гэх мэдээллийг бидэнд өгсөн.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:
-Орон сууцны орох, гарах хэсэг, дундын эзэмшлийн талбайд шаардлагатай бол дүрсний бичлэг байрлуулж болно. Хувцас солих, ариун цэврийн өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний болон караоке, зочид буудлын өрөөнд дуу дүрсний бичлэг хийхийг хориглож байгаа юм байна. Үүнийг иргэдэд сайн ойлгуулах нь чухал байна. Хувь хүний нууцад халдаад байгаа этгээдэд Эрүүгийн хариуцлага хүлээлгэмээр байна.
ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж:
-Зөрчил, Эрүүгийн хуульд тодорхой өөрчлөлт орж байгаа. Хүний эмзэг болон хувийн нууцад хамаарсан мэдээллийг задруулж, түгээн дамжуулсан бол тухайн хүн эрүүгийн хариуцлага хүлээнэ. Үүнээс бусад хүний хувийн мэдээллийг бусдад задруулсан бол тухайн хүн зөрчлийн хариуцлага хүлээнэ.
Ж.САЙХАН
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )