УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.11.11/ хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2021.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав, дөрөв дэх хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэж эхэллээ.
Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбат "Орчин цагийн боловсролын байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн баярын мэндийг бүх монголчууддаа хүргэе. Дэлхийн синглчүүдийн өдөр юм байна. Монголынхоо ганц бие эрчүүддээ баярын мэнд хүргэе. За, АН-ын бүлэг завсарлага авна аа. Ирэх оны төсвийн алдагдал 2.4 их наяд төгрөг болчихоод байна. Эдийн засгийг тэлэх, орлого нэмэгдүүлэх зүйл алга. Хувийн хэвшлээ дэмжих нэг ч өгүүлбэр алга. Ирээдүйн өв сангаас авч хэрэглэхээр болсон байна. Ингэж болохгүй. Иймээс гурав хоногийн завсарлага хүсэж байна" гэв.
Үүнд, УИХ-ын дарга Г.Занданшатар "АН-ын бүлэг завсарлага авах эрхтэй. Гэхдээ энэ хууль хугацаатай. Ирэх оны төсвийг арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн дотор батлах ёстой. Хугацаатай асуудал болохоор гурав, дөрөв дэх хэлэлцүүлгийг өнөө маргаашдаа хэлэлцэж дуусах ёстой. Хугацаа алга, тиймээс өнөөдрийн 14:00 цаг хүртэл завсарлага өгч байна" гэх тайлбарыг өглөө.
Ингэснээр хуулийн төслүүдийн гурав, дөрөв дэх хэлэлцүүлгийг 14:00 цагаас үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо.
Сэтгэгдэл ( 0 )