Б.Бат-Эрдэнэ: Ц.Анандбазарын асуудлыг хуулийн байгууллага шалгаж, тогтооно

Б.Төрбат | Zindaa.mn
2021 оны 11 сарын 11

УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.


-УИХ-ын гишүүн Ц.Анандбазар хүчингийн гэмт хэрэгт холбогдож, яллагдагчаар татагдан шалгагдаж байна. Таны ахалдаг УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороонд ч гэсэн гишүүнтэй холбоотой гомдол, өргөдөл ирсэн юм билээ. Тэр өргөдөл, гомдлыг хэлэлцэх боломжтой юу, эсвэл хууль эрх зүйн хувьд боломжгүй зүйл үү?

-Нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй. УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо бол зөвхөн гишүүдийнхээ ёс зүйтэй холбоотой асуудлыг л хэлэлцэнэ. Иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн гомдол мэдээллийг хэлэлцдэг. Хэрэв иргэд тэрхүү мэдээллээ хуулийн байгууллагад өгчихсөн тохиолдолд манайх хэлэлцэхгүй. Өөрөөр хэлбэл, хуулийн байгууллагад шалгагдаж байгаа асуудлыг бид хэлэлцэхгүй л гэсэн үг.

Тэгэхээр Ц.Анандбазартай холбоотой асуудал хуулийн байгууллагад очсон, өгчихсөн. Хуулийн байгууллага нь шалгаад аль шатандаа яваа юм, тэр шатандаа явж байгаа асуудал. Хэрэв хуулийн байгууллага шалгаж, гэмт хэргийн нөхцөл байдал тогтоогдох аваас УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороогоор орж ирнэ. Тэгж байж УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудал хөндөгддөг. Үүнийг та бүхэн мэдэж байгаа шүү дээ.

Ямар зорилгоор юм, мэдэхгүй. Ганцхан УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо л бүгдийг шийддэг юм шиг ярих юм. Ийм л ойлголтыг нийгэмд түгээгээд байх юм.

-Яах вэ, Ц.Анандбазар гишүүний асуудлыг хуулиараа УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо хэлэлцэх боломжгүй байдаг юм байж. Гэхдээ энэ хүн чинь ёс зүй байхгүй гэдэг нь тодорхой харагдаж байгаа юм биш үү?

-Хуулийн байгууллагын шалгаж байгаа асуудлыг авч хэлэлцэхгүй байх заалттай.

-УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчилж, өргөн бариад байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Хуулийн төслийг боловсруулж, өргөн барьсан. Манай байнгын хороо өчигдөр хуралдаж, хэлэлцээд хэлэлцэх эсэхийг нь шийдчихсэн. Одоо өнөө, маргаашдаа хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ороод явчих байх. Өмнө нь 2009 онд УИХ-ын 34 дүгээр тогтоолоор УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг баталсан.

-Та тэр үед Ажлын хэсэгт байсан байх аа?

-Тийм. Би Ажлын хэсэгт нь орж ажиллаж байсан. Өмнө нь дэд хороо байхдаа УИХ-ын гишүүний асуудлыг л авч хэлэлцдэг байсан. Зөвхөн гишүүний хөрөнгө орлого, хуралдааны ирц, дэгтэй холбоотой асуудлыг л хариуцдаг байсан. Одоо бол байнгын хороо болсноор үүрэг, хариуцлага нь нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, төрийн бүх шатны байгууллагын сахилга, хариуцлагыг хариуцаж байна. Өнгөрсөн хугацаанд улсын хэмжээний зөвлөгөөнийг байгуулсан. Улс орон даяар байгуулагдах ёстой Ёс зүйн зөвлөлүүдийн ажиллагаа жигдэрсэн байна.

-Хуулийн төсөлд хариуцлагын асуудлыг хэрхэн зохицуулж, тусгаж өгч байгаа вэ?

-Өмнө нь 2009 оны 34 дүгээр тогтоолоор Ёс зүйн дэд хорооны ажиллах журмыг нь УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо баталдаг. Тэр журмын хүрээнд зөвхөн сануулах арга хэмжээ авдаг байсан. Одоо бол сануулах, хатуу сануулах, уучлалт гуйхаар хариуцлагыг зохицуулж өгсөн. Энэ төслөөр цалингийнх нь 20 хувийг хасах заалт хүртэл бий. Зөвхөн ёс зүйн хүрээнд л асуудал хөндөгдөх юм.

-УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногт чуулганы аравдугаар сарын ирцийн мэдээллийг олон нийтэд ил болгох чиглэл, үүрэг өгсөн. УИХ-ын гишүүдийн өнгөрсөн сарын ирцийн мэдээллийг хэзээ нийтэд ил болгох вэ?

-УИХ-ын дарга аравдугаар сарын нэгдсэн чуулганаар үүрэг, чиглэл өгсөн. Гишүүдийн ирцийн мэдээллийг нийтэд мэдээл гэж. Хуулиараа нийтэд мэдээлэх ёстой. Улирал тутамд шүү. Харин УИХ-н дарга тусгайлан аравдугаар сарын ирцийн мэдээллийг нийтэд мэдээлэх үүрэг өгсөн. Би ганцаараа шууд татаж аваад нийтэд мэдээлчихэж болохгүй. Хуралдаан зохион байгуулах хэлтэс гээд ажил хариуцаж байгаа хүмүүс бий. Тиймээс нэгдсэн журмаар ирэх долоо хоногт та бүхэнд мэдээллийг өгнө.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хууль гууль(192.82.90.243) 2021 оны 11 сарын 11

шилүүсний шар ногоон нүд гаргачихаад энэнд хийдэг ажил мэддэг зүйл гэж байна уу???!!! тэр анандбазартай нь хам хэргээр цааш нь хийвэл таарна

0  |  0
хууль гууль(192.82.90.243) 2021 оны 11 сарын 11

шилүүсний шар ногоон нүд гаргачихаад энэнд хийдэг ажил мэддэг зүйл гэж байна уу???!!! тэр анандбазартай нь хам хэргээр цааш нь хийвэл таарна

0  |  0
хууль гууль(192.82.90.243) 2021 оны 11 сарын 11

шилүүсний шар ногоон нүд гаргачихаад энэнд хийдэг ажил мэддэг зүйл гэж байна уу???!!! тэр анандбазартай нь хам хэргээр цааш нь хийвэл таарна

0  |  0
хууль гууль(192.82.90.243) 2021 оны 11 сарын 11

шилүүсний шар ногоон нүд гаргачихаад энэнд хийдэг ажил мэддэг зүйл гэж байна уу???!!! тэр анандбазартай нь хам хэргээр цааш нь хийвэл таарна

0  |  0
Top