Парламент баталсан хуулийнхаа хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг болно

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 11 сарын 12

УИХ-ын өнөөдрийн /2021.11.12/ чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Төрийн байгуулалтын байнгын хороо 2021 оны 10 дугаар сарын 27, 11 дүгээр сарын 9-ний өдрүүдийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан журмын дагуу явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар танилцуулсан. 

Тэрбээр танилцуулгадаа, Төрийн байгуулалтын байнгын хорооны 2021 оны 04 дугаар тогтоолоор төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатараар ахлуулан, гишүүдэд А.Адъяасүрэн, Ё.Баатарбилэг, Г.Ганболд, М.Оюунчимэг, Ц.Мөнх-Оргил, Б.Пүрэвдорж, Н.Энхболд нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан, Ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, мэдээллээр хангах үүрэг бүхий ажлын дэд хэсэгт холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулан ажилласан. Ажлын хэсэг болон дэд ажлын хэсэг 2021 оны 10 дугаар сарын 22, 25, 26, 27, 28, 29, 11 дүгээр сарын 1, 2, 3, 4, 8-ны өдрүүдэд нийт 11 удаа хуралдаж, холбогдох зарчмын зөрүүтэй саналын томьёолол болон найруулгын саналыг боловсруулж Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оруулсан гэж байлаа. 

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Ажлын хэсгээс боловсруулсан Улсын Их Хурлын хяналт шалгалтыг хэрэгжүүлэх зарчим, Байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хяналт шалгалтын төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хэлбэрийн зохицуулалтыг нарийвчлах, Улсын Их Хурлын гишүүний асуулт, асуулга, хяналт шалгалтын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээ, төсвийн хяналт, нэр дэвшигчийн сонсгол, хяналтын сонсгол явуулах санаачлага гаргах босго болон хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүн, хугацаа, татан буугдах нөхцөл, хянан шалгах түр хорооны сонсголтой холбоотой ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүдээс гарсан санал, түүнчлэн хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийтийн сонсголын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдох нийт 51 санал зарчмын зөрүүтэй санал, найруулгын 3 багц саналуудыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар танилцуулгадаа онцлов.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top