Л.Оюун-Эрдэнэ: Аймаг, орон нутгийн төсөв үрэлгэн биш, үржүүлэхийн хүрд шиг байх ёстой

2021 оны 11 сарын 17

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр /2021.11.17/ Төрийн ордонд аймаг, нийслэлийн  Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нартай өвөлжилтийн бэлтгэл ажил, цаг үеийн асуудлаар уулзаж, цар тахлын үеийн улс, орон нутгийн хэмжээний асуудлаар санал солилцож, үүрэг даалгавар өглөө.


Ерөнхий сайд уулзалтын эхэнд Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, тулгарч буй хүндрэлийг товч танилцуулаад -5,3 хувьд хүрч унаад байсан эдийн засаг сэргэж байгааг онцлов. Эдийн засгаа сэргээх арга зам болоод байгаа дархлаажуулалтын нэмэлт тунд хүн амын 50-иас дээш хувийг идэвхтэй хамруулахад аймаг бүр онцгой анхаарах нь чухал гэдгийг хэллээ. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахлын хүндрэл салбар бүхэнд хүндээр тусаж эдийн засаг бүхэлдээ амаргүй сорилттой тулгарсан тухай жишээ баримтыг ч дурьдсан юм.

Засгийн газраас иргэдээ вакцинжуулж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөг хэрэгжүүлээгүй бол нөхцөл байдал үүнээс ч дордох байсан. Ирэх онд ч цар тахал үргэлжлэх дэлхий нийтийн төсөөлөл байна. Сэргийлэх гол арга нь вакцинжуулалт гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ.

Аймгийн удирдлагууд “Алсын хараа 2050” Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгийн хүрээнд эхний 10 жил буюу 2020-2030 онд орон нутгийнхаа нийгэм, эдийн засагт орлого оруулах боломжууд, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсээ дор бүрнээ тодорхойлох шаардлагатай байгааг чухалчлав. 


Орон нутгийнхаа онцлогт тохирсон хөгжлийн загвар, төлөвлөлт хийх, ирэх оны төсвөө батлахдаа нээлттэй боомт, хараат бус эрчим хүч, боловсруулах аж үйлдвэр, түгжрэл, төрийн бүтээмж, байгалийн нөөц гэсэн зургаан хүчин зүйлд онцгой анхаарахыг чиглэл болголоо. Мөн төрийн захиргааны байгууллага зөвхөн зохицуулагчийн үүрэг гүйцэтгэж, Засгийн газартай нягт хамтарч ажиллан, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, түргэн шуурхай хүргэж, иргэдийг хөдөө, орон нутагт ажилллаж, амьдрах орчныг нэмэгдүүлж, дэмжих ёстой гэлээ. Цахим шилжилтийг эрчимжүүлж, зөвшөөрөл олгох, гарын үсгийн тоог багасгахыг даалгалаа.

2022 оны улсын төсвийн онцлог, давуу талыг Ерөнхий сайд танилцуулаад орон нутгийн төсөв үрэлгэн биш үржүүлэхийн хүрд шиг байх ёстойг анхаарууллаа. Аймаг, орон нутгийн хөгжилтэй холбоотой асуудал бүрт Засгийн газар анхаарч, тулгамдсан асуудлын санхүүжилтийг  ирэх оны төсөвт тусгуулахыг зорьж ажиллана гэлээ. Ажил хийе гэсэн зөв санаачилгыг дэмжихээ илэрхийллээ.


Цар тахлын энэ хүнд хэцүү цаг үед эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх бодлогыг эрчимжүүлэх нь Засгийн газрын нэн тэргүүний зорилго гэдгийг Засгийн газрын тэргүүн онцлоод ирэх 2022 онд, ковид-19 халдварын эсрэг гуравдугаар тунг эрчимжүүлэх, өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүрэн хангах, ажлын шалгуур үзүүлэлтэд нэмсэн гурван заалтыг хэрэгжүүлэх, эдийн засгийн шийдэл, алсын харааг тодорхойлох, сахилга хариуцлагыг дээшлүүлэхэд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгов.
Аймаг, нийслэлийн удирдлагуудын ажлын шалгуур үзүүлэлтэд төрийн үйлчилгээнд цахим шилжилтийг эрчимжүүлэх, мод тарих, ногоон байгууламжийг нэмэгдүүлж, экологийн тэнцвэрийг хангах, хог хаягдлыг бууруулж, амьдрах орчныг сайжруулах гэсэн гурван заалтыг нэмж тусгажээ.
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top