Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос зохион байгуулж буй Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын томилгооны өчигдрийн (2021.11.16) нээлттэй сонсгол 9 цаг 24 минутад 52.6 хувийн ирцтэй эхэллээ.
Улсын Их Хурлын 2021 оны 58 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Их Хурлаас албан тушаалтныг томилохтой холбогдуулан томилгооны сонсгол зохион байгуулах журам”-ын 1.7-д “Байнгын хорооны гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр сонсголыг хүчинтэйд тооцно” хэмээн заасан байдаг бөгөөд журамд заасны дагуу гишүүдийн ирц бүрдсэн талаар Байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулаад, Хууль зүйн байнгын хорооны гишүүд, нэр дэвшигчид, оролцогчид болон ажиглагчдад томилгооны сонсголын дэгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд 29 хүн нэр дэвшсэнээс сонгон шалгаруулалтын явцад 3 хүн нэрээ татаж, 1 хүн төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн, 1 хүн ярилцлагад ороогүй тул бүртгэлээс хасаж нийт 24 хүн нэр дэвшсэн байна. Сонгон шалгаруулалтын явцад 1 хүн нэрээ татсан тул сонгон шалгаруулалтад 23 хүн оролцжээ.
Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг 2021 оны аравдугаар сарын 19-нд хуралдаж Улсын Их Хуралд санал болгох, сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн гишүүдийн олонхын санал авсан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшиж буй Н.Отгончимэг, Д.Эрдэнэчимэг, Н.Баасанжав, Р.Онончимэг, Д.Зүмбэрэллхам, Н.Мөнгөнцэцэг нарыг олон нийтэд танилцуулсан юм. Өнөөдрийн томилгооны нээлттэй сонсголд Хууль зүйн байнгын хорооны гишүүдээс гадна зургаан нэр дэвшигч, сонсголын үйл ажиллагаанд хяналт тавих 21 ажиглагч оролцов.
Зургаан нэр дэвшигчийг танилцууллаа
Байнгын хорооны дарга С.Бямбацогт дэгийн дагуу нэр дэвшигчдийн намтарыг танилцууллаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Наранчулууны Отгончимэг нь 1976 онд Хөвсгөл аймагт төрсөн. 45 настай, эмэгтэй. 1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрх зүйч мэргэжлээр, 1999 онд МУИС-ийн магистрантур, магистраар, 2001 онд ОХУ-ын Екатеринбург, Уралын Их Сургуулийн хүний эрхийн курст суралцаж, 2012 онд “Кингс Коллеж Лондон” хууль зүйн магистр цолтой төгссөн байна. Н.Отгончимэг нь 1998-2003 онд “Халх Журам” ХЗДС, “Сүлд” коллежид эрх зүйн багш, 2003-2005 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 2005-2012 онд “ГКЭ” ХХК болон “Сүри Менежмент” ХХК-д хуулийн асуудал эрхэлсэн захирал, 2012 онд “Эрдэнэс Таван Толгой” ХК-д хуулийн хэлтсийн дарга, 2013-2016 онд УИХ-ын Тамгын газрын Нэгдүгээр орлогч (Хууль зүйн үйлчилгээ хариуцсан нарийн бичгийн дарга), 2016-2017 онд УИХ-ын Тамгын газарт “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийн зохицуулагч, 2019-2020 онд “Эрдэнэс Монгол” ХХК-д зөвлөх, 2020 онд Сангийн яамны “Эрүүл мэндийн санхүүжилтийг сайжруулах төсөл”-ийн зөвлөх, 2020-2021 онд Улсын дээд шүүхийн Тамгын газар Захиргааны хэргийн шүүн таслах ажиллагаа хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаад 2021 оноос Улсын дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байгаа аж.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Дашпунцагийн Эрдэнэчимэг нь 1976 онд Говь-Алтай аймагт төрсөн, 45 настай, эмэгтэй. Тэрбээр 1998 онд Отгонтэнгэр Их Сургуулийг олон улсын эрх зүйч мэргэжлээр, 1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч (магистр), 2010 онд Япон Улсын Нагояагийн Их Сургуулийг төгсөж, 2017 онд Дэлхийн Оюуны өмчийн байгууллага болон Италийн Турины Их Сургуулийн хамтран хэрэгжүүлдэг сургалтад хамрагдаж магистр, 2019 онд Отгонтэнгэр Их Сургууль Хууль зүйн ухааны докторын зэргийг тус тус хамгаалжээ. Д.Эрдэнэчимэг нь 1999-2018 онд Отгонтэнгэр Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн багш, 2006-2007 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 2017-2021 онд “DXN” ХХК-д гэрээт хуулийн зөвлөх, 2020 оноос өнөөг хүртэл Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн, 2018 оноос Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбооны тэргүүн, 2017 оноос “Эрх зүйн хөгжлийн төлөө” ТББ-ын гүйцэтгэх захирал, 2012-2013 онд АНУ-ын Калифорнийн их сургуулийн Беркли дэх хуулийн сургууль (UC Berkley Law)-д зочин судлаачаар ажиллаж байсан. 2019 оноос өнөөг хүртэл Отгонтэнгэр Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн захирлаар ажиллаж байгаа юм байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Навагчамбын Баасанжав нь 1974 онд Улаанбаатар хотод төрсөн. 47 настай, эмэгтэй. 1997 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2002 онд ХБНГУ-ын Бавари мужийн Мюнхэн хот дахь Людвиг Максимлианы их сургуулийн хууль зүйн магистраар төгссөн байна. Н.Баасанжав нь 2001-2007 онд “Дусалхан” ХХК-д хуульч, 2003-2007 онд ХБНГУ, Аугсбургийн их сургуулийн Олон улсын эрх зүйн тэнхимд туслах, 2007-2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд туслах багш, 2008-2013 онд Хаан банканд хуульч, ахлах хуулийн зөвлөхөөр ажиллаж байгаад 2011 оноос “Баасанжав консалтинг” ХХК-ийн захирал, 2013 оноос өмгөөлөгчөөр тус тус ажиллаж байгаа юм байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Ренчиндоржийн Онончимэг нь 1979 онд Хэнтий аймагт төрсөн. 42 настай, эмэгтэй. 2000 онд МУИС Хууль зүйн сургуульд эрх зүйч мэргэжил эзэмшин, 2003 онд МУИС Хууль зүйн магистрын зэрэг хамгаалжээ. 2007 он Удирдлагийн академийг бизнесийн удирдлагын менежерээр, 2011 он Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг англи хэлний орчуулагчаар төгсөж, 2018 оноос МУИС-ийн Хууль зүйн сургуулийн докторантурт элссэн байна. Р.Онончимэг нь 2001-2003 онд Монголын Нотариатчдын танхимын архивч, мэдээллийн албаны ажилтан, 2003-2011 онд Монголын Өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч, 2003-2017 онд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатчаар тус тус ажиллаж байгаад 2017 оноос Монголын Нотариатчдын танхимын ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа гэв.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Дорждамбын Зүмбэрэллхам нь 1960 онд Дундговь аймагт төрсөн. 61 настай, эрэгтэй. 1979 он Дундговь Дэлгэрцогт сумын дунд сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшин, 1984 он Оросын холбооны мөрдөн байцаахын дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2001 он МУИС-ийн Хууль зүйн сургуульд докторын зэрэг хамгаалжээ. Тэрбээр 1984-1992 онд Өмнөговь аймагт болон Мөрдөн байцаах газрын Октябрь дүүрэгт мөрдөн байцаагч, Мөрдөн байцаах тасгийн дарга, 1992-2006 онд Цагдаагийн дээд сургууль, Цагдаагийн академид багш, арга зүйч, хичээлийн эрхлэгч, дэд захирал, тэргүүн дэд захирал, 1999-2002 онд Хуульчдыг давтан сургах төвийн багш, 2006-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх, 2008-2013 онд Төрийн албаны зөвлөлийн дарга, 2013-2017 онд БНЧУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, 2018-2019 онд УИХ-ын Тамгын газрын Төрийн байгуулалтын байнгын хорооны ахлах зөвлөх, 2019 оноос Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа юм байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч Нямсүрэнгийн Мөнгөнцэцэг нь 1976 онд Улаанбаатар хотод төрсөн. 45 настай, эмэгтэй. 1997 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуульд франц-орос хэлний орчуулагч, 2001 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд эрх зүйч мэргэжлийг тус тус эзэмшжээ. 2009 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд магистрын зэрэг хамгаалсан бол 2019 онд Удирдлагийн академийн Төрийн албаны сургуулийг төгссөн байна. Н.Мөнгөнцэцэг нь 2003-2008 онд Нийслэлийн өмгөөллийн холбооны гишүүн-өмгөөлөгч, 2008-2013 Улсын дээд шүүх, Судалгааны төвийн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны судалгаа хариуцсан шинжээчээр ажиллаж байгаад 2013 оноос одоог хүртэл Улсын дээд шүүх, Практик судлалын хэлтсийн иргэний хэргийн хууль тогтоомж, практик ажил хариуцсан шинжээч, референтээр дэвшин ажиллаж байгаад одоо хэлтсийн даргаар ажиллаж байгаа талаар С.Бямбацогт дарга танилцуулсан юм.
Нэр дэвшигч тус бүр Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшиж буй үндэслэл, томилогдсон тохиолдолд хийх ажлынхаа талаар танилцуулав
Дараа нь томилгооны сонсголын дэгийн дагуу нэр дэвшигч тус бүр 20 минутад багтаан нэр дэвших болсон үндэслэл, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилогдсон тохиолдолд хийх ажлын талаар, өөрийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.
Нэр дэвшигч Н.Отгончимэг намтраа дэлгэрүүлэн танилцуулсан бөгөөд 2003-2005 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллах үедээ Монгол Улсын хэмжээнд дагнасан шүүх байгуулах ажлыг зохион байгуулах бүрэлдэхүүнд ажиллаж байснаа онцолж, 21 аймагт захиргааны шүүх байгуулах бэлтгэл ажлыг ханган, сургалт, гарын авлагуудыг бүтээж, зохион байгуулалтын ажилд оролцож байснаа танилцуулав. Хувийн эрх зүйн чиглэлээр туршлагаа сайжруулах зорилгоор долоон жил дагнан ажилласан байна. Эрх зүйч, хуульч мэргэжил нь нийгэмд тодорхой үүрэг гүйцэтгэдэг, нийгмийн хариуцлага хүлээж байдаг онцлогтой хэмээн үздэг тул 22 жилийн турш эрх зүйчээр ажиллахдаа эрх зүйн онол, хууль тогтоомжийн техник, захиргааны эрх зүй, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээтэй холбоотой 19 ном, бүтээл гаргаснаа, судалгааны онцлох бүтээлүүдээ мөн дурдав. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилогдсон тохиолдолд нэр дэвшигч Н.Отгончимэг нь нэн тэргүүнд Үндсэн хуулийн хүрээнд бүрэн эрхээ хэрэгжүүлж ажиллахаа илэрхийлсэн. Түүнчлэн Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан шүүх засаглалын талаарх алсын харааг баримтална гэв. Тодруулбал, 2030 он хүртэл шүүх эрх мэдлийн систем нь иргэн төвтэй шүүхийг байгуулах бол 2040 онд иргэдийн итгэлийг бүрэн хүлээсэн шүүх засаглалтай болох зорилтыг дэвшүүлсэн. Иймд Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилогдсон тохиолдолд эдгээр зорилтод нийцүүлэн ажиллах бөгөөд нэн тэргүүнд Шүүхийн ерөнхий зөвлөл боловсруулж, Улсын Их Хурал батлах ёстой шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулах ажлыг гүйцэтгэнэ гэв. Шүүн таслах ажиллагааны чанарын үзүүлэлтийг бусад улс орны жишгийн дагуу тодорхойлох, ойрын болон дунд хугацаанд сайжруулах зорилтыг дэвшүүлэх чиглэлд судалгаа хийж, бодит ажлуудыг хийхээр төлөвлөж байгаагаа танилцууллаа. Түүнчлэн шүүхийн ачааллыг зохистой түвшинд хүргэх, Монгол Улсын шүүхийн тухай хууль дахь шүүх салбарт цахимжилтыг нэвтрүүлэх зохицуулалтуудыг хэрэгжүүлэх, шүүгчийн орон тоог бүрэн гүйцэд ажиллуулах, тойргийн зарчмаар шүүх байгуулахад шүүх иргэдэд ойр, хүртээмжтэй байдлыг хангах, удаад нь шүүгч нарын мэргэшсэн байдлыг алдагдуулахгүй байхад анхаарал хандуулах, хамгийн шилдэг шүүгч нарыг шилж, сонгон, томилоход субьектив хүчин зүйлсийг багасгах чиглэлд бусад улс орны дэвшилтэт туршлагыг нэвтрүүлэх чиглэлд санаачилга гарган ажиллана гэлээ.
Нэр дэвшигч Д.Эрдэнэчимэг, шүүхийн шинэчлэлийн ажлыг дэмжин ажиллаж ирсэн гэдгээ илэрхийлсэн бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо өндөр үүрэг, хариуцлагатай байх юм хэмээн үзэж нэр дэвших хүсэлтээ хүргүүлсэн гэв. Үргэлжлүүлэн тэрбээр нэр дэвшигчид тавигдах шалгуурыг бүрэн хангаж буйгаа дэлгэрэнгүй танилцуулсан юм. Багшлах хугацаандаа судалгааны ажлууд хийж байснаа дурдаад, өмгөөлөгчөөр ажиллахдаа бизнесийн зорилгоор өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлж байгаагүй болохоо тайлбарлав. Өмгөөлөгчөөр ажиллах хугацаандаа оюутнуудыг дадлагажуулах, иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх, зарим тохиолдолд шүүхээр явах хэрэг маргаанд туслалцаа үзүүлж байсан аж. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилогдсон тохиолдолд шүүх байгууллагын соёлыг төлөвшүүлэх, шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулан, холбогдох байгууллагуудад хүргүүлэх, шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийг хөгжүүлэх, шүүгчдийг зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх, шүүх салбарын нэр хүндийг өргөхөд хувь нэмрээ оруулах, хууль зүйн их, дээд сургуулийн сургалтын чанарыг сайжруулах, салбарын боловсон хүчнийг давтан сургахад анхаарал хандуулан ажиллах болно гэв. Мөн шүүхийн шийдвэрийн шинжилгээг хөгжүүлэх, үүн дээр оюуны өмчийн асуудлыг бодлогын түвшинд анхаарах, шүүхийн захиргааны хүний нөөцийг тогтвортой ажиллуулах, шүүхийн ачааллыг тэнцвэржүүлэх, дагнасан шүүхийг байгуулах чиглэлээрх судалгааны ажлыг хөгжүүлэх зэрэг ажлыг хийхээр төлөвлөөд байгаагаа тус бүрд нь дэлгэрэнгүй танилцуулсан.
Нэр дэвшигч Н.Баасанжав 2007 оноос хууль зүйн салбарт тогтвортой ажиллаж байгаа бөгөөд Хуульчдын холбоо байгуулагдсан цагаас нь үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож ирснээ, 2017-2019 онд хуульчдын форумыг зохион байгуулалтад оролцож байсан талаараа дэлгэрэнгүй танилцууллаа. Тэрбээр нэр хүндтэй, болзол, шаардлагыг хангаж буй мэргэжил нэгтнүүддээ Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний нээлттэй сонгон шалгаруулалтад оролцох саналыг дэвшүүлж байхад өөрт нь мөн ийм төрлийн саналууд ирж байсан учир, түүнчлэн хөдөлмөрийн эрх зүйгээр мэргэшсэн хуульчийн хувиар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийн сонгон шалгаруулалтад нэрээ дэвшүүлэх шийдвэрийг гаргасан гэлээ. Томилогдсон тохиолдолд шүүхийн салбарын аливаа үйл ажиллагаанд Зөвлөлийн шүүгч бус төлөөллийн хувиар хандаж, оролцох, нийгмийн хандлага, мэдээллийг шүүхийн салбарт хүргэх чиглэлд идэвх санаачилгатай ажиллах, үүндээ шүүх салбарын цахим хөгжлийг дэмжих, тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулах, шүүхийн үйл ажиллагааг олон нийт, иргэдэд нээлттэй, ил тод, хүртээмжтэй болгох чиглэлд анхаарал хандуулан, ажил хэрэг болгон ажиллах болно гэв.
Нэр дэвшигч Р.Онончимэг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцүүлэг, судалгааны ажилд идэвхтэй оролцож байхдаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний нээлттэй сонгон шалгаруулалтад оролцох боломжтой хэмээн шийдвэр гаргасан болохоо танилцууллаа. Хуульчаар 20 жил, нотариатчаар 18 жил, өмгөөлөгчөөр 8 жил ажилласан бөгөөд мэргэжлийн үйл ажиллагаа нь нэр дэвших болзол, шаардлагыг хангана хэмээн үзсэн болохоо тэрбээр илэрхийлсэн юм. Дээрх хугацаанд нэр дэвшигч бие даасан 3 ном, хамтын 1 бүтээлийг гаргасан бөгөөд олон улсын болон дотоодын илтгэл, хэлэлцүүлгүүдэд тогтмол оролцож, судалгааны өгүүллүүд, бүтээлүүдээ нийтлүүлж ирсэн гэв. Мөн тэрбээр нотариатчийн хувиар хийж, хэрэгжүүлж ирсэн онцлог ажлуудаа дэлгэрэнгүй танилцуулсан юм. Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд ажиллах тохиолдолд хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргийг бүрнээ хэрэгжүүлэхээс гадна эмзэг нөхцөлд ажиллаж, амьдарч байгаа иргэдийн шүүхээс үйлчилгээ авах боломж, нөхцөлийг бүрдүүлэх, шүүх салбарын үйл ажиллагааг шуурхай, нээлттэй, ил тод болгох ач холбогдол бүхий цахим шилжилтийг эрчимжүүлэх, шүүгчийн ачааллыг зохистой болгох, шүүхийн үйл ажиллагааг чанаржуулахад онцгой анхаарал хандуулан ажиллах болно гэв. Мөн шүүгчийг шилж олох, сонгон шалгаруулах үйл ажиллагаан шинжлэх ухааны суурьтай судалгаа, шинжилгээны арга, ажиллагааг нэвтрүүлэх чиглэлд санаачилга гарган ажиллана гэлээ.
Нэр дэвшигч Д.Зүмбэрэллхам нь эрхэлж байсан ажлынхаа хүрээнд шүүх засаглалтай олон жилийн турш холбоотой ажиллаж байснаа онцолж, зарим бүтээлийнхээ талаар дурдав. 1999 онд нийт хуульчдын дундаас долоон хуульчийг сонгон шалгаруулж Мельбурны их сургуульд хуульчдыг давтан сургах багшийг бэлтгэх сургалтад хамруулсан бөгөөд энэ хүрээнд нэр дэвшигч Д.Зүмбэрэллхам шүүхийн мэтгэлцээн, мөнгө угаах, зохион байгуулалттай гэмт хэргийн сэдвээр Монголын хуульчдыг давтан сургахаар бэлтгэгдсэн болохоо онцолж танилцуулж байв. Түүнчлэн арав гаруй жилийн хугацаанд төрийн албаны шинэтгэлийг хийхээр ажиллахын зэрэгцээ хуулийн салбар дахь үйл ажиллагаагаа орхигдуулалгүй ном, бүтээлээ гаргах, хуульчдыг давтан сургах чиглэлээр ажиллаж байснаа хэллээ. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, үүнд нийцүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталсан нь шүүхийн шинэчлэлийн том үйл явдал хэмээн үзэж буйгаа тэрбээр онцолж, энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулах, хүчин зүтгэх эрмэлзэлтэйгээр сонгон шалгаруулалтад нэрээ дэвшүүлсэн гэв. Зөвлөлд ажиллах тохиолдолд хууль тогтоомжийн хүрээнд хуулиар хүлээсэн чиг үүргээ бүрнээ хэрэгжүүлэх чиглэлд онцгойлон анхаарч ажиллахын зэрэгцээ шүүх салбарын хүний нөөцийн бодлогыг зохистой болгох, шүүгчийн сул орон тоог бүрэн нөхөж, үүний үр дүнд шүүгч нарын ачааллыг тэнцвэржүүлэх, шүүгч нарын хараат бус байдлыг хангаж, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах, шүүхийн санхүү, эдийн засгийн баталгааг хангах зэрэгт анхаарал хандуулан ажиллана гэв. Нэн тэргүүнд шүүх эрх мэдлийн стратеги төлөвлөгөөний биелэлтийг гаргаж, зорилтот төлөвлөгөөгөө батлах ажлыг шуурхай зохион байгуулна гэдгээ хэллээ. Шүүхийн ерөнхий зөвлөл нь хамтын удирдлагатай байгууллага бөгөөд нэр дэвшигч Д.Зүмбэрэллхамын хамтын удирдлагатай байгууллагуудад ажиллаж байсан туршлага нь Зөвлөлийн үйл ажиллагаанд дэмжлэг болно хэмээн үзэж байгаагаа мөн онцолсон.
Нэр дэвшигч Н.Мөнгөнцэцэг нь орчуулагч, хуульч мэргэжилтэй бөгөөд 18 жил хууль зүйн салбарт ажиллаж байгаагаа танилцуулав. Тэрбээр энэ хугацаандаа эмзэг бүлгийн иргэдэд хууль зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэн ажиллаж байсан туршлагаа онцоллоо. 2008 оноос өмгөөллийн эрхээ түдгэлзүүлээд, судалгааны чиглэлээрх үйл ажиллагаа эрхэлж, багшаар ажиллаж байсан туршлагынхаа талаар дэлгэрэнгүй танилцуулав. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцүүлэг, судалгааны ажилд идэвхтэй оролцож байхдаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний нээлттэй сонгон шалгаруулалтад оролцох боломжтой хэмээн шийдвэр гаргасан гэв. Тэрбээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд ажиллах тохиолдолд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлж ажиллана гэв. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д “… зөвлөл нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зорилго бүхий шүүхийн захиргааны төв байгууллага мөн” хэмээн заасан байдаг. Түүнчлэн тус зөвлөл нь шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр шүүхийн бие даасан байдлыг хангах; шүүхийг хүний нөөцөөр хангах; шүүгчийн хараат бус байдлыг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах; шүүхийн санхүү, эдийн засгийн баталгааг хангах; мэдээллээр хангах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хуулиар хүлээсэн энэ үүргийг хэрэгжүүлэх чиглэлд хийх ажил, зорилтоо дэлгэрэнгүй танилцуулсан юм.
Томилгооны сонсголд оролцсон Улсын Их Хурлын гишүүд, оролцогчид нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авлаа
Ийнхүү нэр дэвшигчид өөрсдийн талаар танилцуулсны дараа томилгооны сонсголд оролцсон Улсын Их Хурлын гишүүд нэр дэвшигч тус бүрээс асуулт асууж, хариулт авав. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар Хууль зүйн байнгын хорооны 2021 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн 6 дугаар тогтоолоор баталсан “Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ын 2.3-т “Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаагүй” гэдэг шалгуур байгааг онцолж, нэр дэвшигчид энэ шалгуурыг хангаж буй эсэхийг, сонгон шалгаруулалтын ажлын хэсгээс энэ талаар тайлбар хүссэн. Мөн судлаач-нэр дэвшигчдээс Авлигын дагнасан шүүх байгуулахтай холбоотой байр суурийг нь тодруулж, хариулт авав. Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Н.Алтанхуяг нар “Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүн” гэдэг нь шүүх салбарт ажиллаж байгаагүй, ашиг сонирхолын зөрчил үүсгэхгүй байх нь чухал хэмээн үзэж, үүнд Улсын Их Хурал, Хууль зүйн байнгын хороо ихээхэн анхаарал хандуулан ажилласан гэдгийг онцолсон. Нэр бүхий гурван нэр дэвшигчээс болзол, шаардлагуудыг бүрэн хангаж буй эсэхийг нь лавлаж, тайлбар авсан. Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн шүүхийн үйл ажиллагааны талаарх нэр дэвшигч бүрийн үнэлэмж, байр суурийн талаар асууж, зургаан нэр дэвшигчээс хариулт авлаа. Б.Энхбаяр гишүүн нэр дэвшигчид өөрсдийн хүсэлтээр ард түмнийг төлөөлөн ажиллахаар сайн дураараа сонгон шалгаруулалтад оролцож байгааг тэмдэглэв. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний статусыг шүүгчийн хэмжээнд үзэж, хуульчилсан гэдгийг онцолж, Зөвлөлийн гишүүд хараат бусаар ажиллах нь нэн чухал гэдгийг санууллаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн гарт Монгол Улс дахь шударга ёсны баталгаа, шүүхийн шинэтгэлийн хувь заяа байгааг сануулж, Зөвлөлийн гишүүнээр томилогдсон тохиолдолд гишүүн нэг бүр энэхүү өндөр үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, хичээж ажиллахыг хүссэн юм. Үүний зэрэгцээ Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүгчдийн нэр хүндийг хамгаалах үүргийг хүлээж, эрх мэдлийг хэрэгжүүлэх эрх зүйн боломж байгааг байгааг онцлон сануулсан.
Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир шүүх байгуулахтай холбоотой нэр дэвшигчдийн байр суурийн талаар тодруулсан бол Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат нэр дэвшигчдийн жендэрийн харьцааны талаар байр сууриа илэрхийлж, нэр дэвшигчдийн ихэнх нь нийслэлээс өөр газар ажиллаж байгаагүй, ажил олгогчоор ажиллаж байсан туршлагагүй байгааг хэлж байв. Мөн шүүгчдийн цалин хангамж, нийгмийн баталгааны өнөөгийн нөхцөлийг нэр дэвшигч бүр хэрхэн үнэлж байгааг тэрбээр тодруулж, хариулт авсан. Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүгчийн хараат бус байдлыг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах бүрэн эрхийг хэрэгжүүлэх үүрэгтэй гэдгийг Ц.Мөнхцэцэг гишүүн онцлоод, нэр дэвшигч бүр Зөвлөлийн бүрэлдэхүүнд ажиллах тохиолдолд энэ чиглэлээр хийж, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний талаар тодруулж, дэлгэрэнгүй хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар томилгооны сонгон шалгаруулалт ийнхүү олон нийтэд нээлттэй, ил тодоор зохион байгуулагдаж байгаагийн ач холбогдолыг онцлоод, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний анх удаагийн нээлттэй сонгон шалгаруулалт, томилгооны сонсголд нэрээ дэвшүүлэн, оролцож буй нэр дэвшигч, нийт хүсэлт гаргагчдад талархал илэрхийлж байсан юм.
Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалт, томилгоог улс төрийн байгууллага шийдвэрлэж байгаа талаар ямар байр суурьтай байгааг нэр дэвшигчдээс асуусан бол Ц.Мөнх-Оргил гишүүн шүүхийн захиргаа гэдэг тусдаа шинжлэх ухаан, тусгай мэргэжил, мэргэшил болж байгааг онцолж, зөвлөлийн гишүүнээр ажиллах тохиолдолд энэ чиглэлээр тусгайлсан зохион байгуулалт, сургалт явуулж, шүүхийн захиргааны чиглэлээр дагнасан төрийн албан хаагчдыг бэлтгэх шаардлага байгааг сануулсан. Мөн шүүгчийн сонгон шалгаруулалт явуулахдаа шүүгч нэг бүрийн хувь хүний төлөвшил, хүмүүжил, зан араншин, сэтгэл зүйн төлөв, төрөлх хандлага, өгөгдлийг судалдаг, тодорхойлдог, үр дүнг нь харгалздаг байхын нэн чухлыг хэлж, нэр дэвшигчид Зөвлөлийн гишүүнээр ажиллах тохиолдолд энэ жишгийг нэвтрүүлэх чиглэл анхаарахыг санал болголоо. Шүүгчийн хараат бус байдлыг хангахад нэн чухал нэг хэрэглүүр нь нөлөөллийн мэдүүлэг бөгөөд үүнийг хэрэглэх, хууль дахь нөлөөллийн мэдүүлэгтэй холбоотой зохицуулалтыг хэрэгжүүлдэг байхыг Ц.Мөнх-Оргил гишүүн тэмдэглэж, дүрэм, журмын хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдээсээ эхлэн шүүгч нэг бүр нөлөөллийн мэдүүлэг хөтөлдөг байх, холбогдох хариуцлагыг хүлээдэг байх тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр ажиллах эсэхийг тодруулж, хариулт авсан юм.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын томилгооны нээлттэй сонсголд оролцсон Хууль зүйн байнгын хорооны гишүүд нэр дэвшигч нэг бүрээс асуулт асууж, хариулт авсны дараа томилгооны сонсголын дэгийн дагуу оролцогчид нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, Нээлттэй нийгэм форумын Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх хөтөлбөр хариуцсан менежер П.Бадамрагчаа, “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын захирал Т.Амарзаяа, нийслэлийн тойргийн нотариатч Б.Шатар, иргэн С.Чулуунбаатар, С.Оюунцэцэг, Г.Баасан нар асуулт асууж, хариулт авсан.
Үргэлжлүүлэн томилгооны сонсголын дэгийн дагуу Улсын Их Хурын гишүүд, оролцогчид үг хэлж, томилгооны сонсголын дэгтэй холбоотой санал, байр сууриа илэрхийллээ. Н.Алтанхуяг гишүүн томилгооны нээлттэй сонсгол амжилттай зохион байгуулагдаж байгааг тэмдэглээд дэгтэй холбоотой зарим санал хэлэв. Томилгооны нээлттэй сонсголыг ийнхүү зохион байгуулж буй нь хаалттай хаалганы цаана, хэнд ч мэдэгдэхгүйгээр болоод өнгөрдөг байсан томилгоог бүх нийтэд ил тод, нээлттэй болгож буйгаараа Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэрэгжүүлэх явцад гарч буй дэвшил гэдгийг Б.Энхбаяр гишүүн цохон тэмдэглэв. Хуулиар зөвлөл, хороог бүрдүүлэхдээ таван босго тавьсан гэлээ. Нэн тэргүүнд оролцогчид өөрсдөө нэрээ дэвшүүлнэ, тэдгээр нь олон талын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийн бүрэлдэхүүний 50 хувийн саналыг авсны дараа гурав дахь буюу томилгооны нээлттэй сонсголд оролцох байлаа. Үүний дараа Хууль зүйн байнгын хороо хуралдаанаараа нэр дэвшигчдийн талаар хэлэлцэн, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналыг авсан нэр дэвшигчдийг л Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулна. Эцсийн шийдвэрийг Улсын Их Хурал гаргах юм. Таван шатны ийм өндөр босгыг давсан нэр дэвшигч сая Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилогдох болно гэдгийг Б.Энхбаяр гишүүн тайлбарласан.
Ийнхүү 11 цаг үргэлжилсэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын томилгооны нээлттэй сонсголыг хааж, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт үг хэлэв. 2021 оны гуравдугаар сарын 10-нд холбогдох журмыг Хууль зүйн байнгын хороо баталж, үүнээс хойш 21 хоногийн хугацаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийг бүртгэсэн юм. 2021 оны дөрөвдүгээр сарын 1-15-ны хооронд материалуудыг нэгтгээд, шаардлага хангаагүй материалуудыг хассан болохыг С.Бямбацогт дарга дуулгасан. Үүнээс хойш томилгооны сонсголтой холбоотой бүхий л мэдээллийг тухай бүрд нь олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлж ирсэн гэдгийг дурдав.
Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ хэмээн Үндсэн хуульд заасан байдаг. Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигчдийг оролцуулсан томилгооны нээлттэй сонсголыг ийнхүү 15, 16-ны өдрүүдэд ил тод зохион байгуулсан нь төрийн үйл хэрэгт шууд оролцох иргэдийн эрхийг хангаж байгаа нэг хэлбэр хэмээн үзэж буйгаа тэрбээр хэллээ. Томилгооны сонсголын явцад иргэд, олон нийт зөвхөн нэр дэвшигчдийн талаар төдийгүй Монгол Улсын шүүхийн тухай хуулийн талаар, шүүхийн хараат бус, бие даасан байдлыг хангах чиглэлээр хийсэн эрх зүйн зохицуулалтын талаар мэдээлэл авсан хэмээн найдаж буйгаа илэрхийлсэн.
Төгсгөлд нь С.Бямбацогт дарга, томилгооны сонсголд оролцсон нийт оролцогчид болон нэр дэвшигчид, 2021 оны гуравдугаар сараас хойш идэвх чармайлт гарган ажиллаж буй сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн гишүүддээ талархал илэрхийллээ. Үүгээр хоёр өдөр үргэлжилсэн томилгооны сонсгол өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 1 )
iim puldiisen tsaraytay , nud ni khuuramch kharaatay iim khumuus turiin tuluu , ard olny tuluu gej baykhguyee\n