УИХ-ын чуулганы хуралдаанаар Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар хэлэлцлээ.
Уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс 2021 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр авсан завсарлагааны хугацаа дууссан тул хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Энэ үеэр Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар намын бүлэг хуралдаж, уг хуулийн төслийг дэмжих боломжгүй гэсэн шийдвэр гаргасан талаар мэдэгдлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, Т.Аюурсайхан нар хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хойшлуулах горимын санал гаргахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.
Иймд Байнгын хорооны саналаар Автотээврийн хэрэгсэл эзэмшигчийн хариуцлагын даатгалын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Автотээврийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Автотээврийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Автотээврийн хэрэгсэл эзэмшигчийн хариуцлагын даатгалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх мөн дэмжсэнгүй.
Иймд “Хуулийн төслийг буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа.
Сэтгэгдэл ( 0 )