Хот тохижилтын ажилтнуудад ТӨРИЙН ОДОН гардууллаа

2021 оны 11 сарын 25

Хот тохижилтын гурван ажилтан өнөөдөр төрдөө үнсүүлж, Алтан гадас одонгоор энгэрээ мялаалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрхэлсэн салбартаа амжилт гаргасан иргэдийг төрт ёсны түүхт тэгш ойнууд давхацсан онцгой жил, анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан өдрийг тохиолдуулан төр, засаг, ард түмэн нь шагнан урамшуулж байгааг хэлээд мөн гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

“ХОТ ТОХИЖИЛТЫН ГАЗАР”ОНӨААТҮГ-ын удирдлагууд болон албаны бусад хүмүүс, хамт олны төлөөлөл Төрийн өндөр шагнал хүртсэн эрхэм ажилтан ажилчдаа угтан аваад Газрын дарга Б.Мөнхцэцэг мөнгөн аягатай цагаан идээний дээжийг, номин цэнхэр хадгийн хамт өргөн бариад нийт хамт олны өмнөөс баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.

Тэрбээр “Ажилд эртэч, үйлс бүтээл нь арвин, хамт олондоо нэр хүндтэй, хөдөлмөрч та бүхэн минь өглөөний ургах нартай уралдаж нийслэлийнхээ өнгө төрх, цэвэр цэмцгэр, эрүүл аюулгүй орчинд иргэдээ ажиллаж амьдруулах гэсэн хичээл зүтгэл өнөөдөр биелэлээ олж, 700 гаруй ажилтан ажилчдын төлөөлөл болж “ТӨРДӨӨ ЗҮТГЭЛЭЭ ҮНЭЛҮҮЛСЭН” энэ сайхан шагналыг хүртэж буйд чин сэтгэлийн талархал илэрхийлж байгаагаа хэллээ.

Архангай аймгийн Төвшрүүлэх сумын харьяат Самбуугийн Жаргалсайхан /ТҮА-ны Зам талбайн мастер/, Увс аймгийн Зүүнхангай сумын харьяат Гилааны Бямбадорж / Автобаазын албаны хог тээврийн ачигч/ болон Ховд аймгийн Булган сумын харьяат Ноосонгийн Батмөнх /1-р бригадын зам талбайн үйлчилгээний ажилтан/ нар АЛТАН ГАДАС ОДОНГООР энгэрээ мялааж ТӨРДӨӨ ҮНСҮҮЛСЭН нь тохижилт үйлчилгээний халуун сэтгэлт, хөдөлмөрч бүх байгууллага, хамт олны баяр боллоо. Үйлс нь арвин, ажил үйлс тань өөдрөг байх болтугай.

Эх сурвалж: ХМОНХМ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top