Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Лувсандоржийн Өлзийсайхан “Парламентын хуралдааны дэг: Эрх зүйн харьцуулсан шинжилгээ” сэдвээр хууль зүйн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгааллаа.
Харьцуулсан эрх зүй судлалаар хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалуулах “Шихихутаг” их сургууль, Эрхүүгийн Улсын Их Сургуулийн хамтарсан Эрдмийн зөвлөлийн гишүүд түүнд докторын зэрэг олгохыг 100 хувийн саналаар дэмжжээ.
Л.Өлзийсайханы докторын зэрэг горилсон бүтээл нь парламентын хуралдааны дэгийн сэтгэлгээний хөгжил хувьсал, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн үүсэл, хөгжил, төлөвшлийн асуудал, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн зохицуулалтад хийсэн эрх зүйн харьцуулсан шинжилгээ гэсэн үндсэн асуудлуудыг хөндсөн байна.
Дэвшүүлсэн асуудлыг харьцуулсан эрх зүй судлал болон хөгжлийн тухай онол, арга зүйг гол баримтлал болгож, Үндсэн хуульт болон парламентат ёс, нормативизмийн үүднээс парламентын дэгийн түүхэн эх сурвалж болон Монголын парламентын хуралдааны дэгд хамаарах хууль цаазын дурсгал, дэлхийн 40 гаруй улсын Үндсэн хууль, парламентын хууль тогтоомжийг харьцуулан судалжээ.
Улмаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн зохицуулалт нь УИХ-ын хараат бус, бие даасан байдлын баталгаа болж чадаж байгаа, эсэхийг задлан шинжилж, ололтыг бататгах, тулгамдсан асуудал, бэрхшээлийг даван туулах онол-практикийн үндэслэлийг тодорхойлсон байна. Түүнчлэн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн хэрэгжилтэд үнэлгээ хийх аргачлалыг шинээр тогтоон, дэгийн хэм хэмжээний хөгжлийн шинэ үзэл баримтлалыг дэвшүүлсэн нь хууль зүйн шинжлэх ухаанд чухал ач холбогдолтой гэж Эрдмийн зөвлөлийн гишүүд үзжээ.
Сэтгэгдэл ( 1 )
kk