Урьдчилсан мэдээллээс үзвэл ковидын халдвар авч, эдгэрсэн хүмүүс коронавирусний шинэ “Омикрон” омгоор халдварлах эрсдэл өндөр байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ.
Илүү дэлгэрэнгүй мэдээлэл ойрын долоо хоногуудад бэлэн болно гэж ДЭМБ онцолсон байна.
Өдгөө ашиглаж буй PSR шинжилгээ шинэ омгийг илрүүлэх чадвартай гэж ДЭМБ мэдэгджээ.
Шинэ омог хангалттай судлагдаагүй тул “Дельта” хувилбараас илүү аюултай гэсэн дүгнэлт хийхэд эрт байна гэж ДЭМБ дурдаад вакцин нас баралтыг буруулах, өвчний хүндрэлээс сэргийлэхэд шийдвэрлэх ач холбогдолтой гэж анхааруулсан байна.
Энэ сарын сүүлээр мэргэжилтнүүд Ботсван, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад коронавирусний шинэ B.1.1.529 омог илэрсэн тухай мэдээлсэн билээ. ДЭМБ шуурхай хуралдаан зарлаж шинэ омгийг “Омикрон” гэж нэрлэн, “сэтгэл түгшээсэн” ангилалд оруулсан. Израил, ЕХ болон бусад улс орнууд Африкийн зарим улсаас зорчих хөдөлгөөнийг хориглоод байна.
Өмнөд Африкт “Омикрон” омгийн халдварын 150 орчим тохиолдол бүртгэгдээд байгаа бол Хонконг, Израил, Австрали болон Европын хэд хэдэн улсад шинэ омог илрээд байна.
Ихэнх улс орнууд тусгай үүргийн онгоцоор өөрсдийнхөө иргэдийг Өмнөд Африкаас татан авч эхэлжээ. Дараах улс орнууд шинэ омог бүртгэгдсэнтэй холбогдуулан хилийн хязгаарлалт тавьж эхлээд байна. Тухайлбал, ОХУ, Герман, Израил, АНУ, Их Британи, Сингапур, Бахрейн, Итали, Нидерланд, Морокко, Франц, Чех, Австри, Малайз, Саудын Араб, Швейцар, Турк, Канад, Египет, Аргентин, Бразил, Австрали, Унгар, БНСУ, Япон, Грек, Румын, Гүрж, Кувейт, Иран зэрэг улс Өмнөд Африк, Ботсван, Лесото, Намиб, Зимбабве, Мозамбик, Мадагаскар, Эсватини, Танзани зэрэг улсаас ирэх гаднын иргэдэд хилээр нэтрэх хязгаарлалт тавих, Өмнөд Африктай агаарын харилцаагаа түр зогсоох, ард иргэдээ татан авах, Африкийн зарим улс оронд зорчиход нь хязгаарлалт тавих зэрэг арга хэмжээг шуурхай аваад байна.
Сэтгэгдэл ( 0 )