Өвчтөнийхөө буруу хөлийг тайрсан эмчийг торгов

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 02

Австрийн Линц хотын шүүх өвчтөнийхөө буруу хөлийг тайрсан эмчид 2700 еврогийн торгууль ногдуулжээ. Шүүх хурал болохоос өмнө нас барсан золгүй өвчтөний бэлэвсэн эхнэрт мөн 5000 еврогийн нөхөн төлбөр олгохоор болсон байна.

“AFP” мэдээллийн агентлагийн мэдээлснээр, 82 настай өвчтөн энэ оны тавдугаар сард Фрайштадт хотын эмнэлэгт хүргэгджээ. Түүний зүүн хөлийг тайрах ёстой байсан ч эмч буруу хөл дээр нь тэмдэг тавьж, хөл тайрах мэс заслыг амжилттай хийжээ. Мэс заслаас хойш хоёр хоногийн дараа боолт солих үеэр буруу хөл тайрч, алдаа гарсныг мэдсэнээр өвчтөнд нөгөө хөлийг нь бас тайрах шаардлагатай гэж мэдэгдсэн байна.

Тухайн үед эмнэлгийн удирдлагууд таагүй нөхцөл байдлын улмаас золгүй явдал гарсан тухай мэдээлж, ерөнхий эмч нь уучлал хүсжээ. Гэвч хэрэг шүүхэд очсон байна. Шүүх хурлын үеэр мэс заслын эмчээс яагаад буруу хөл дээр нь тэмдэг тавьсан талаар асуухад “мэдэхгүй” гэж хариулжээ.

Эмнэлгийн практикт ийм золгүй хэрэг туйлын ховор гардаг байна. 1995 онд АНУ-д мэс заслын ид үед эмч нь чихрийн шижинтэй өвчтөний буруу хөлийг тайрах гэж буйг мэдсэн ч тэр үед бүх булчин, шөрмөсийг тасалсан байсан тул мэс заслыг буруу хөлийг тайрахаас өөр аргагүйд хүрч байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top