ОУПХ-ны ээлжит 143 дугаар Ассамблейн чуулганд Монголын парламентчдын төлөөлөгчид оролцлоо

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 03

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоор ахлуулсан Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн, Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны Нэгдсэн үндэстний байгууллагын асуудлаарх байнгын хорооны Удирдах товчооны гишүүн Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Ж.Сүхбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан нарын бүрэлдэхүүнтэй Монголын парламентын төлөөлөгчид ОУПХ Испанийн Хаант Улсын парламенттай хамтран зохион байгуулж буй ОУПХ-ны ээлжит 143 дугаар Ассамблейн чуулганд оролцоод ирлээ. Мадрид хотноо 2021 оны 11 дүгээр сарын 25-30-ны өдрүүдэд болж буй тус чуулганд дэлхийн 100 гаруй орон, олон улс, бүс нутгийн байгууллагуудын 1000 гаруй төлөөлөгчид хүрэлцэн иржээ.

Монголын парламентын төлөөлөгчид чуулганы нэгдсэн хэлэлцүүлэг, салбар хуралдаанууд болон байнгын хорооны хуралдаануудад үг хэлэн, хоёр талт уулзалт хийж, мэргэжил нэгтнүүдтэйгээ саналаа солилцов. Мөн чуулганы үеэр хуралдсан эмэгтэй парламентчдын форумын хурлаар Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам форумын Удирдах товчооны гишүүнээр, Ардчилал хүний эрхийн байнгын хорооны хаалттай хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг тус хорооны дэд ерөнхийлөгчийн орон тоонд тус тус сонгогдсон талаар өмнө мэдээлсэн билээ.

ОУПХ-ны Испанийн Хаант Улсын парламент, Испанийн Эрүүл мэндийн яам төлөөлөгчдийг тогтмол хугацаанд “Ковид 19”-ийн давтан шинжилгээнд хамруулж, амны хаалтыг байнга зүүлгэн, зөвхөн шинжилгээнд хамрагдаж сөрөг хариу гарсан төлөөлөгчдийг хурлын байранд нэвтрүүлэх, хурлын танхимд хүн хоорондын зайг баримтлуулах зэргээр цар тахлын үеийн нөхцөлд тавигдах шаардлагуудыг сайтар мөрдүүлэн, зохион байгуулалтыг хангажээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top