“...Үнэн хүчит...” Зүүн, барууны бөхчүүд улс даяар цолоо дуудуулахад олон чимэг урсгадагийн нэг нь “үнэн хүчит” гэх тодорхойлолт. Үнэн гэдэг өөрөө харьцангуй ойлголтын адилаар хүч гэдэг ч бас харьцангуй. Гагцхүү түүхийн аль үед нь монгол бөх “үнэн хүчит” байсан бэ гэдэг бол өөр асуудал. Үнэнд гүйцэгдэх хүртлээ монгол бөх чухам хаа хүрч дуусах вэ гэдэг том асуулт бөх гэдэг том соёлыг тээж яваа хэн нэгэнд, бөхөө харж таашаадаг үзэгч танд бий.
Аварга байж байгаад цолоо хураалгаад арслан дээрээ буусан нэгнээс допинг хоёронтоо илэрч, найман жилээр барилдах эрхээ хасууллаа. Чухам хэнийг яриад байгааг уншигч та төвөггүй таасан байх. Гэхдээ бид өнөөдөр эрхээ хасуулсан субъектийн тухай бус допинг гээч зүйлийн тухай ярих болно.
Допингийн асуудал 2002 оны наадмаас эхтэй. Тухайн үед хожмоо дархан аварга болсон А.Сүхбатаас допинг илэрч байв. Үүнээс хойш нэг, хоёр, нэг хоёр гэж явсаар, гурав дөрөв, тав зургаа болж нэмэгдэх нь тэр. Сүүлд албан ёсны бус иргэний нийгмийн байгууллагын ойгоор барилдсан дөрвөн бөхөөс допинг илэрч улмаар бүгдийнх нь эрхийг хассан байдаг.
Допинг гэдэг бол спортын үнэн гэх шалгуурыг арилгаад зогсохгүй, өрсөлдөгчийнхөө олон жилийн хөдөлмөрийг үгүй хийдэг учраас спортын томоохон байгууллагууд тэмцдэг юм. Нэгэнт хэрэглэсэн л бол алдар нэр, атаа хорсол ямар ч хамаа байхгүй замналыг арчиж орхино.
Уншигч та санаж байгаа бол Тур де Францын аварга, домогт дугуйч Армстронгоос допинг илэрч тэр олон түрүү, дэлхийн чансаа, рекламны гэрээ ч байхгүй болов доо. Энэ бол тэмцэж чаддаг, буруутанд хариуцлагыг нь тогтоож чаддагийн нэгэн жишээ.
1912 оноос эхлэлтэй энэ ойлголт яван явсаар зохион байгуулалттай акц болох дээрээ тулсан тул Дэлхийн допингтой тэмцэх агентлаг 1999 онд байгуулагдаж, Допингтой тэмцэх кодексийг баталсан юм. Түүхийн нуршсан ойлголтыг цааш нь түлхээд гол асуудалдаа оръё. Тэд, тэмцэж, эрхийг нь хасаж чаддаг юм байж.
Харин бид эндээ яах вэ, сорьц гэдэг юмнаас 7-10-ыг нь илрүүлээд, илэрсэн нь ширлээд, ширлээгүй нь уучлал гуйсаар байх уу.
Монгол бөх их спорт мөн үү, мөн бол яагаад аймаг, сумын наадмуудад оролцогчдоос, танхимын өдий, төдий барилдаануудаас допингийн шинжилгээ авдаггүй юм бэ гэдэг эргэлзээ өөрий эрхгүй төрнө. Жишээ татъя. Японы мэргэжлийн сүмо байна. Мэргэжлийн сүмо нь Японы шинто шашинтай нягт уялддаг, ёкозүна гэдэг нь шинто шашны бурхны зүүсгэл ороосон цаасыг бэлгэддэг. Бэлгэдэл нь шашинтайгаа сүлэлдээд, одоо чамгүй орлоготой спортын холбоо болжээ.
Гэтэл башёд түрүүлсэн бөгөөд зодоглосон бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаггүй. Ирээдүйд олимпод орох амбицтай бөхийн төрөл гэхэд “даруухан” байгаа биз. Тэд чухамдаа яагаад авдаггүй вэ гэвэл хэд, хэдэн хариулт гарч ирэх байх. Гэхдээ шашны үнэнийг эргэлзээнд оруулаад хэрэггүй гэх үүднээс допинг авдаггүй ч байж мэднэ. Солонгосын үндэсний сирым бөх байна. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохиогддог энэ төрөл дэлхийн аваргаасаа ч допингийн шинжилгээ авдаггүй. Яагаад гэвэл их спорт бус үндэсний спорт учраас.
Монгол бөхөөр дэлхийн аварга бүү хэл бүсийн аварга ч зохиогддоггүй. Жил бүр Өвөрлөгчдийн хэдэн компаниудын тэтгэлгээр “Алтан бүс” тэмцээн зохиогддогыг эс тооцвол шүү дээ. Нэгэнт Монголынхоо тогооноос хальж чадахгүй байгаа энэ спортын төрлөөс допингийн шинжилгээ авахгүй байсан нь дээр байгаа биз. Мэргэжлийн болгоё, орчин цагийн спортын төрөл шиг минуттай цаг нартай, тогтсон дүрэмтэй болгоё гэхээр ёс уламжлал руу ус цацлаа гэж дайрна.
2000-аад оны эхээр үндэсний бөхийн “Хасу” барилдааныг хөгжүүлчихсэн бол өдийд бид допингоосоо салчихсан байхыг ч үгүйсгэхгүй.
Мэргэжлийн болгоё гэхэд үндэсний юм гээд халгаадаггүй хэрнээ их спортын шүдний өвчин болчихсон допингтой зууралдчихсан нь хачирхаж гайхахаар үйлдэл. Допинг илэрдэг ч хариуцлага ярьж чадахгүй байгаа нь үүний том хариулт гэлтэй.
Найман жилээр барилдах эрхийг нь хасуулдаг этгээдийг өдий, төдий хүмүүс өмөөрч байгаа нь ч үүнтэй холбоотой. Үндэсний юм гээд авдартаа хийчихээд гаргаж ирдэггүй шавар бурхан шиг болчихсон учраас шинэчлэе гэхнээ болдоггүй, мэргэжлийн болгоё гэхнээ болдоггүй ийм нэг нутгийн зөвлөлүүдийн тэмцээнийг хэдий болтол допингт ялагдуулах юм бэ.
“Үнэн хүчит, бахдам гарамгай, баатар зоригт, харьшгүй хүчит, цог жавхлан төгөлдөр, баяр наадмын манлай...” Бичвэр эхлэхэд дурдсан чимэг цааш энэ мэт үргэлжилнэ. Бүгд өнөө цагтайгаа зөрчилдчихсөн байгааг та харж байгаа байх. Гүүглэ хайлтын системээс допинг гээд хаймагц үе, үеийн наадамд барилдаад допинг хэрэглэсэн бөхчүүдийн нэр дурайн гарч ирнэ. Барилдсан ч биш, барилдаагүй ч биш нутгийн зөвлөлүүдийн тэмцээнийг Монголоор нь байлгаад авдартаа хиймээр байвал допингийн шинжилгээ авахаа боль.
Эсвэл бүр допингийн шинжилгээ аваад мэргэжлийн бөхийн чиглэл рүү ойртуул. Шавар хөшөө бариад дөрвөн сая жуулчин ирнэ гээд сэрүүн зүүдэлж байхынхаа оронд үндэсний бөхөө, их наадмаа монгол туургатны наадам болгох нь хойч үедээ тус болж байгаа нэг үйлдэл юм даа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 7 )
бөхчүүл бүгд допингоо хэрэглээд барилддаг болчихвол харин шударга юм биш үү, ккк
zass hudlaa bitgii omoorod bai baahan em shaachaad
Жижигхэн унагыг ямар богинохон хугацаанд шандаст хүлэг болгож байгаа тэр их энергийн эх ундаргыг Гүүний халуун саамны найрлаганаас л мэдэрнэ дээ. Аль 5 сарын сүүлээр хэдэн зуун гүү бариад л саамыг нь халуунаар нь унага шиг нь ууцгаагаад бай. Юун допинг, юун бодигийн уураг, юун шипризтэй витамин жинхэнэ шинэ төрсөн залуу заан шиг л жавхалзаж, шинэхэн уралдах соёолон адуу шиг тачигнан даа.......
Үнэндээ бөхчүүд ч гэсэн хэрэгтэй хэрэггүй Генийн өөрчлөлттэй 6 гуятай тахианы мах, өндөгнөөс гаргаж авсан уургийн бэлдмэл ууж тэнтийтэл хөөж байсанаас Адууныхаа гүү саамыг ууж хэрэглэх нь хамаагүй Байгалийн ориг уургийн нэгдэл юм байгаа юм ш дээ. Та нар бодоод үз дээ. Жижигхэн унага зөвхөн эхийнхээ саамыг уугаад 2, 3 хан сарын дотор тийм их маас, жин, томролтыг авч өсөөд байгааг та нар юу гэж бодож байна. Тэр сүүний гайхамшигтай баялаг уургийн нэгдэлд нь байгаа юм ш дээ. Элдэв янзын исгэлт, хувиргалт айраг биш цэвэр зэлэн дээрээс нь халуунаар нь бүх амин дэм нь өөрчлөгдөхөөс нь өмнө уу....
Удахгүй идсэн адууны мах, төмсөг, уусан айрагны гайхамшигтай уургийн нэгдлүүд маань Допингийн төрөлд орох биз. Бараг адуу малынхаа сүү саам, цагаан идээгээ хүртэл ууж идэж чадахаа болих цаг ирэх дээрээ тулж байх чинь....
Заалны барилдаанд хүртэл өндөр үнэтэй шинжилгээний мөнгө нэхэх дээрээ тулаад байна ш дээ. Одоо энэ чинь явсаар байгаад манайхан шиг цавчаа, авилгалд гаршсан гарууд чинь яаж Допингийн хариугаар дарамталж мөнгө цавчихаа боднуу болохоос биш яаж энэ спорт маань хөгжих үү гэж ёстой ТҮЙ ч бодохгүй биз.
oyunbolduu te ooroo