Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул Б.Ууганхүү, Х.Отгонтуяа нарын гэр бүлд гурван ихэр хүүхэд мэндэлсэн билээ. Нэг хүү, хоёр охин эрүүл саруул өсөн бойжиж, өдгөө ой гарантай болжээ. Тухайн үед Дорнод аймгийн Баян-Уул сумын нутгийн зөвлөлийнхөн санаачилж ихэр заяа түшсэн энэ залуу гэрт туслахаар “Ихэр заяаг мялаая” хандивын аяныг өрнүүлсэн байна. Тус аянаар тоглолт хийж, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун хурдан морины дуудлага худалдаа зохион байгуулж нийт 60 сая төгрөг цугласан аж. Ийнхүү энэ оны өвлийн тэргүүн сарын Балжиннямтай билэгт сайн өдөр гурван ихрийн маань гэр бүл хоёр өрөө шинэ байртай боллоо. Шинэхэн байрандаа ороод удаагүй байгаа залуухан ээж Х.Отгонтуяатай ярилцсанаа хүргэж байна.
-Үрс нь сайхан торниж байна. Нэг хүүхэд асрахад ямар их ядардаг билээ дээ. Ядар ч байна уу, гайгүй юу?
-Гайгүй ээ, хоёр ээж минь ирээд хүүхдүүдийг маань өсгөхөд хамжилцаж байна. Хань маань гурван ихрийг нэг нас хүртэл нь хамт харж байгаад саяхан ажилд орсон.
-Хөхний сүү хэр байна вэ. Нэмэлтээр сүү тэжээл өгч байгаа юу?
-Нэмэлт сүү өгдөггүй, өөрийнхөө хөхний сүүгээр л болгож байгаа. Харин хаа очиж сүү сайтай байна шүү. Эх хүн сайн унтах, амрах, зөв идэж хооллох хэрэгтэй юм билээ. Хоёр ээжийнхээ буянд бие сайхан тэнхэрсэн. Хоёр охин маань саяхан мөөмнөөс гарсан. Хүү маань мөөмөө хөхөж байгаа.
-Хүүхдүүддээ “Цолмон”-той нэр хайрласан байна лээ. Нэрийг нь хэн хайрласан бэ?
-Гурван ихэр маань Эх нялхаст өдөр 12 цагт төрсөн. Нэрийг нь хоёр эмээтэй нь ярилцаж байгаад өгсөн. Хүүг маань Цолмонбаяр, охидыг маань Цолмончимэг, Цолмонгэрэл гэдэг. Нэрийг аав нь чихэнд нь шивнэсэн дээ.
-Том хүү нь дүү нараа хэр сайн харж байна вэ?
-Том хүү маань одоо гурван настай. Гэнэт олон дүүтэй болчихсон чинь зэрэгцээд л эрхлээд л, хүмүүсээс дүү нараа харамлаад л байгаа. Одоогоор хөдөө эзгүй байна.
-Анх гурван ихэр хүүхэдтэй байна гэдгийг сонсоод гайхаж догдлов уу?
-Эмч гурван ихэр хүүхэдтэй болох нь баяр хүргэе гээд хэлэхэд нь итгэж өгөхгүй маш их сандарч, гайхсан. Хоёр хүүхэд нь охин байна. Нөгөө жаал нь ичимдгээ нуугаад байна гэж байсан л даа. Тэгсэн хүү байсан юм билээ /инээв/.
-Та хоёр ямар мэргэжилтэй вэ, өмнө нь ямар ажил эрхэлж байсан бэ?
-Бид Дорнод аймаг дахь Политехникийн коллежийг төгссөн. Би тогоочоор, нөхөр маань гагнуурчин мэргэжилтэй. Мэргэжлээрээ “Дорнын хүдэр” компанид ажиллаж байгаад маамуутай болсон тул амралтаа авсан даа. Манай хүн тус компанид ээлжийн ахлагч хийж байсан.
-Хань тань саяхан ажилд орсон гэлээ. Гурвын гурван хүүхдийн хувцас хэрэглэлд зардал их гарч байна уу?
-Харин тийм ээ. “Шиншинь” компанид дүүргэлтийн цехэд ажиллаж байгаа. Нэг хүүхдийн хэрэглээ ямар байдаг билээ дээ. Бүх л хэрэглээ гурваар үржигдэнэ. Ахан дүүс, аав ээж, нутгийн зоныхоо хайр халамжаар болж л байна. Хүүхэд хүнстэйгээ ирдэг гэдэг дээ. Манай гурав аав, ээжийгээ нэг их зовоохгүй хүн болж байгаа.
-Танай гэр бүл хоёр өрөө байранд орлоо шүү дээ. “Ихэр заяаг мялаая” хандивын аянд оролцсон тусалж дэмжиж сэтгэл зүтгэл гаргасан хүмүүстээ хандаж юу гэж хэлэх вэ?
-Манай гурвыг гурван сартай байхаас нь эхлээд Дорнод аймгийн Баян-Уул сумын нутгийн зөвлөлөөс санаачилж биднийг орон байртай болгох хандивын аяныг эхлүүлсэн. Гэрт маань нутгийн телевизийнхэн ирж лайв хийх, нэвтрүүлэг хийхээс эхлээд маш их хөдөлмөр орсон. Мөн түүнчлэн урлаг соёлынхон лайв тоглолт хийх зэргээр олон ажил санаачилсан ч цар тахал гээд цар хүрээ нь хумигдсан талтай. Нэгэнт л сэтгэл гаргаж зорьж хийсэн зүйлийг юу ч хааж боож чаддаггүй юм байна.
Хандивт гар сунгасан 400 гаруй хүн, 50 гаруй байгууллагад бүгдэнд нь талархаж байна. Ус нутгаас дэвшин гарсан УИХ-ын гишүүн Х.Болорчулуун хүртэл хурдан морины дуудлага худалдаа явуулж мөнгөний тал хувийг нь буюу 30 сая төгрөг хандивласан. “Талын шилтгээн” гэдэг орон сууцанд 48 мкв хоёр өрөө 81 сая төгрөгний байрандаа 21 гаруй сая төгрөгийн хямдрал үзүүлж бидэнд маш том дэм боллоо.
Үрсэд минь ийм сайхан элгэн халуун сэтгэлээ дэвсэж эрвийх дэврийхээрээ тусалсан нутгийн зон олондоо чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Энэ хандивт оройлон оролцсон бөхчүүд, уяачид, сурын холбооныхондоо мөн талархал илэрхийлье.
-Ард түмэндээ хандаж юу гэж хэлэх вэ?
-Та бүхнийхээ итгэл сэтгэлийг алдахгүй үр хүүхдүүдээ хүний дайтай өсгөж, үлгэр жишээ сайхан гэр бүл байж өнөр олноо хайрлан хүндэлж явах болно.
А.СҮЛЕНА
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Ухаантай эмэгтэй байна, сайхан ярилцлага болжээ, танай гэр бүлд аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе