Өвлийн өвөө хүн бүхний ЗҮРХ СЭТГЭЛД оршдог

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 09

ӨВЛИЙН ӨВӨӨ ХААНААС ИРДЭГ ВЭ?

Өвлийн өвгөн хаанаас ирдэг юм бол. Хүүхэд бүхэн ид шидийн орноос, цасан мөстэй үлгэрийн орноос ирдэг гэдэгт итгэдэг. Шинэ жил дөхөхөөр л сүлд ногоон гацуураа засаж, өнгө өнгийн шаазан чимэглэлүүдээ өлгөн, сагсгар саануудаа намируулан гялтагануулдаг байсан сан. “Шинэ жилийн вальс”, “Уран хас” эгшиглэж, “Сүлд модны наадмын дуу” уянгалж “Цалин мөнгөн тэнгэртээ...” хэмээн хадан цуурайлдаг сан.

“Сүрлэг Монгол орныхоо

Сүлд модныхоо наадамд

Угтах оноо мялаагаад

Яруу дуугаа өргөцгөөе өө”

Энэ дуу сургууль, цэцэрлэг, албан байгууллага, гудамж талбай хаа сайгүй уянгалж, хүн бүхэн амандаа аялан алхана.

Социализмын үед өссөн хүүхдүүд бидэнд шинэ жилийн баяр гэдэг ер бусын баяр бахдал, догдлол хөөр авчирдаг байв. Ангийнхаа найзуудтай анги танхимаа чимээд л, хөвөн бөөрөнхийлж утсанд хэлхэн таазнаас унжуулан цасан будруулдаг байв. Өнгө өнгийн цаасыг таван хошуу, цэцэг навч, цасан ширхэг болгон хайчилж ханандаа тогтоож үзэмж нэмнэ. Бидний гоёо цасан охидын гэрэлт өмсгөл, цагаан өнгийн гялгар саа байлаа.

Хүүхэд багачуудын хамгийн их догдлон хүлээдэг мөч бол он солигдохоос өмнө өвлийн өвгөн ааваас бэлэг гардаж авах билээ. Шинэ жилийн тоглолт дундуур хаанаас ч юм торгон цэнхэр нөмрөгөө намируулсан баргил бүдүүн хоолойтой бадриун өндөр биетэй өвлийн өвөө цав цагаан сахал үсээ хийсгэсээр цасан охидоо дагуулсаар орж ирдэг сэн.

“Сайн байцгаана уу, хүүхдүүд ээ

Цал буурал өвгөн аав нь

Цас мөсний их орноос

Цан хүүрэг татуулан

Үүлтэй тэнгэрээс доогуур

Үзүүртэй модноос дээгүүр

Цасан охидоо дагуулан бүжсээр ирлээ”хэмээн танхим дүүргэн орж ирэх нь нэн бахтай. Үймж шуугиж байсан хүүхдүүд амаа ангайн нам гүм болж гагцхүү өвлийн өвгөнийг цасан охидтой нь бишрэн гайхан ширтэцгээнэ. Би өвлийн өвгөн ааваас хэд хэдэн удаа бэлэг авч байсан болохоор түүнийг тун ойрхоноос харах завшаан тохиосон юм. Түүнээс жавар сэнгэнэж, сахал нь цантсан байсан агаад эргэн тойронд нь цас бударч байх шиг цагаан хялмаа гялтаганаж байлаа. Саагаар ороосон шидэт таягаа газар нэгэнтээ товшиход нь цасан охид эргэлдэн бүжиж байлаа.

Цаасан ууттай бэлгийг нь задалбал алим, мандорины амтат үнэр ханхийж, ховор живрийн чихэр бурам арааны шүлс асгав. Бөөрөн дээрээ гацуурны мөчир, чимэглэл бүхий зурагтай цаасан уутыг нь нандигнан хадгалж эвхээд цааш хийчихдэг сэн. Ер нь л энэ үеэр хүүхэд бүхний зургийн дэвтэрт шинэ жилийн уур амьсгал амилж, мөрөөдлийнхөө ертөнцийг өнгө будгаар зурцгаана.

Үдэш нь гэртээ гацуурныхаа дор ор засаж унтана даа. Өнгө өнгөөр солигдох гэрлийг нь удаан ширтэж, өвлийн өвгөний дүртэй шаазан чимэглэлийг нь эргүүлж тойруулж сонжин “Өвлийн өвөө хаанаас ирдэг юм бол” хэмээн гайхан сууна. Яг тэр мөчид өвлийн өвөө нүдээ ирмэх шиг болов. Мөрөөдөлд умбасан үдшийн зүүд ер бусын агаад маргааш нь зүүд минь биелэх шиг гэрт өвлийн өвөө айлчилна даа. Аавын ажлын газраас ирсэн өвлийн өвөө гэсэн. Өвлийн өвөө аавын маань ажлыг яаж мэддэг юм бол. Тэр бүгдийг мэддэг байх нь. Нөмрөгөө намируулсаар

“Дараа ирэхэд далай шиг

Буцаад ирэхэд булаг шиг ундарч байгаарай”

гээд гараа даллан даллан одсон өвлийн өвөө маань тэр л он цагуудаас хойш ирэх зай нь холдсоор байсныг сая л анзаарлаа.

ӨВЛИЙН ӨВӨӨ ХААЧСАН БЭ

Дүүгийн таван настай охин шинэ жилээр догдлон хөөрч “Санта Клаус өвөөд хүслээ шивнэнэ” гэж дэвхцэн хөөрцөглөх. Цаа бугын эвэртэй үсний даруулга зүүж, улаан өнгийн Сантагийн өмсгөлөөр гоёжээ. Санта өвөө Зул сарын үдэш айл бүхний яндангаар орж ирээд гацуур модных нь дор орхисон оймсонд бэлэг хийгээд явдаг гэнэ. Бяцхан дүү минь өрөөсөн оймсоо зэхээд “Өвлийн өвөө ямар царайтай вэ” гэж асуухад нь түрхэн зуур балмагдан ээрч бодолхийллээ.

Уртаа цагаан сахалтай, цав цагаан дээлтэй, торгон цэнхэр нөмрөгтэй, модон таягтай монгол өвөө насан багын минь дурсамжаас өндийн сэрж жавар сэнгэнэтэл хүд хүд инээв. Дүүдээ түүний тухай дүрслэн хэлэхэд нүдээ бүлтийлгэн гайхсанаа “Тэгвэл яагаад монгол өвлийн өвөө ирэхээ байчихсан юм бэ” гэдэг асуултаар ам таглалаа. Би багадаа өвлийн өвөө хаанаас ирдэг юм бол гэж өөрөөсөө асууж байснаас өвлийн өвөөг яагаад ирэхээ байчихав гэж сураглаж байлуу даа.

Энэ бодлыг минь таасан юм шиг шинэ жилийг угтаж нэгэн сайхан кино цацагдаж эхэлжээ. “Анхны баяр” нэртэй уран сайхны кино мартагдах шахсан гэгээн ертөнцөөр аялуулж, чин сэтгэлээсээ хүсэж, мөрөөдөж чадвал биелэхгүй зүйл үгүй гэдгийг ухааруулж, зөндөө санасан ч зүрх сэтгэлийнхээ мухарт хадгалчихсан өвлийн өвөөтэй минь уулзуулж өгөв. Тус кино сүүлийн үед нэгэн хэвийн болоод байгаа алаан хядаан, зодоон нүдээнээс хол гэгээлэг бүтээл болжээ. Киноны гол дүрд жүжигчин Э.Төрбат, Соёлын тэргүүний ажилтан Д.Түвшинтөр тоглосон бол бусад дүрүүдэд Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Г.Золбоот, Соёлын тэргүүний ажилтан Д.Энхбаяр, Т.Бархүү нар тоглосон нь даацтай, мөлжүүртэй санагдав.

“Анхны баяр” кинонд багаасаа л жинхэнэ өвлийн өвөөгөөс бэлэг авахыг хүсдэг байсан нэгэн залуугийн хөгжилтэй, сургамжтай адал явдлууд хөвөрдөг юм. Гэвч бэлэг авах мөч бүртээ бүтэлгүйтдэг “азгүй” нэгэн учир тэр л бүтэлгүйтлээс өвлийн өвөөгийн тухайх бодол эмзэг, таагүй болсон агаад өөрийнхөө бүхий л азгүйтлийг үүнтэй холбож ойлгоно. Харин энэ удаад тэрбээр он солигдох арванхоёрдугаар сарын 31-ны гайхамшигт өдөр өвлийн өвөө болдог юм. Ажлынхаа хамт олны хүүхдүүдийн хүсэл мөрөөдлийг биелүүлэх хүндтэй үүрэг оноогджээ.

Он солигдох мөч хүртэл хөгжилтэй, адал явдалтай, баяр гуниг хосолсон онц сонирхолтой үйл явдлууд түүнд ар араасаа тохиож эхэлдэг. Шинэ жилийн баярын өдрүүдэд хүн бүрийн сэтгэлийг догдлуулсан, итгэл найдвар төрүүлсэн гайхамшиг биелдэг шүү дээ. Энэ л гайхамшиг биелж тэр жинхэнэ өвлийн өвөөтэйгөө  учирдаг билээ. “Эрхэт Монгол” групп, ТВ8 телевиз болон “Попкорн пикчерс”-ийн хамтын бүтээл, цоо шинэ уран сайхны кино “Анхны баяр” IPTV-ийн бүх сувгаар цацагдаж байна. Гэр бүл хайртай дотнын хүмүүстэйгээ энэ киног үзэж сэтгэлийн гүнд гялтаганаж гэрэлтсэн он цагийг гэртээ авчирвал ямар гоё вэ. Кино TV5, TV9, ETV, Star, “C1”, “Channel11”, “Өлзий”, “Малчин” телевизүүдээр цацагдаж байгааг энэ ташрамд дуулгаж байна.

ӨВЛИЙН ӨВӨӨ Ч БАЯРЛАХ ЭРХТЭЙ

“Анхны баяр” киноноос өвлийн өвөө хаана байгааг олсон нь том олз байлаа. Өвлийн өвөө хүн бүхний сэтгэлд оршсоор байдаг юм байна. Барууны соёл нэвтэрч уламжлалт, үндэсний үнэ цэнтэй бүхэн маань алдран бүдгэрч байгаа учраас л бид өвлийн өвөөгөө ч энэ шуурганд алдаж шүү дээ. Санта Клаусын эрин үед эзлэгдэж, залуу хүүхдүүд маань шинэ жилээр яндангийн нүхээр шагайж, оймсны өрөөснөө зэхдэг болж. Гэтэл бид ямар сайхан уужим, дэлгэр сэтгэлтэй, уулын хангай шиг сайхан өвлийн өвөөтэй билээ дээ.

Улаа бутарсан царайнаас нь гэрэл цацарч, цав цагаан хөмсөг, сахалнаас нь уур савсаж байдаг монгол өвлийн өвөө цаанаа л нэг нүнжигтэй. Өвлийн өвөө өөрөө хүн бүхний баяр дээр баяр нэмж, хүүхэд бүрийг баярлуулж явдаг ч харин өөрөө баярладаг болов уу. Хүн баярлуулах дуртай хүн байдаг даа. Тийм хүнийг өвлийн өвөө шиг сэтгэлтэй өгөөмөр хүн гэж хэлэлцдэг. Өвлийн өвөө ч бас баярлах эрхтэй гэдэг санааг “Анхны баяр” кино ойлгуулна. Ерөөс хэн хэндээ хайртай байх, хэн нэгнийг хүлээх, хэн нэгнийг баярлуулах гэдэг чинь л өөрөө ид шид юм шүү дээ гэдгийг “Анхны баяр” кино хүүрнэж байлаа.

Шинэ жилийн баярын цэнгүүний хамгийн хүндтэй зочин болох өвлийн өвөө нь манай улсад хамгийн анх 1947 онд “иржээ”. Өвлийн өвгөний дүрийг төгс гайхамшигтай бүтээсэн хүн бол  Монгол Улсын Ардын жүжигчин Г.Гомбосүрэн агсан билээ. Тэрбээр 28 настай байхдаа өвлийн өвөө “болжээ”. Түүнээс хойш тасралтгүй 50 гаруй жил өвлийн өвгөний дүрд хувирч үе үеийн хүүхдүүдэд баргил сайхан хоолойгоороо мэндчилгээ дэвшүүлэн амтат чихэр, алим жүржийн бэлэг түгээсээр ирсэн юм. Г.Гомбосүрэн гуайгаас хойш Монгол өвлийн өвгөний дүрийг Ардын жүжигчин Д.Жаргалсайхан, Гавъяат жүжигчин З.Жарантав, Б.Жаргалсайхан /Хасар Жагай/ нар “албан ёсоор” амилуулжээ. Жил бүрийн төгсгөлд цасан охидоо дагуулан ирж тухайн жилд сурсан мэдсэн бүхнээрээ шалгарсан шилдэг тэргүүний хүүхэд багачууд, ажилтан ажилчдад бэлэг гардуулан урамшуулж “Шинэ жилийн мэнд” дэвшүүлдэг ёсон тогтсон.

Тэгвэл өвлийн өвөөгийн жинхэнэ мөн чанарыг дурайлган гаргаж яваа “жинхэнэ” өвлийн өвөө нарын түүчээ болж байгаа Хасар Жагай “Анхны баяр” кинонд тоглосон нь киног илүү үнэмшилтэй, үнэн болгож чаджээ. Тэрбээр 2004 оноос өвлийн өвөө болсон бөгөөд шинэ жил дөхөхөөр өөрийгөө сойдог морь шиг л болдог гэнэ лээ. Б.Жаргалсайхан “Ардын жүжигчин Г. Гомбосүрэн гуайгаас хойш Харшийн сүлд модны наадамд өвлийн өвгөн хэн болгох вэ хэмээн яригдаж байсан юм.

Надад анх өвлийн өвгөн болооч гэсэн санал ирэхэд би “Уучлаарай. Би хараахан өвлийн өвгөн болох болоогүй байна. Залуухан байна” гэсэн хариу өгч байлаа. Орой нь гэртээ ирээд Т.Урнаад хэлтэл “Юу ярьж байгаа юм бэ. Монголын ард түмэнд хоногшсон агуу хүний бүтээсэн өвлийн өвгөний дүрийг цаашид өвлөөд авч явна гэдэг бол хэр баргийн хүнд олдохгүй том хувь зохиол. Чиний энэ нас байтугай чамаас залуудаа Г.Гомбосүрэн гуай өвлийн өвгөн болсон байдаг гэж хэлсэн юм. Тэгээд маргааш нь Г.Гомбосүрэн агсны гэр бүл рүү нь утасдаж өвлийн өвгөн болох болсон тухайгаа хэлж, албан ёсоор талийгаачийн гэрт нь хадагтай очиж өмсөж байсан өвлийн өвгөний хувцсыг нь авч байлаа. Өвлийн өвгөний халааг авсныхаа дараа Г.Гомбосүрэн гуайн өмсөж хэрэглэж байсан дээл хувцсыг хоёр жил өмсөж, шинэ жилд оролцож байсан. Тэр агуу буянтай хүний сайхан энергийг өөртөө шингээсэн гэж боддог.

Тэр үе л миний сэтгэлд хоногшин үлдсэн байдаг. Г.Гомбосүрэн агснаас хойш хувцаснаас нь нөмрөгийг нь би жил болгон хэрэглэдэг. Энд тэнд явахдаа минийх шиг ийм нөмрөгтэй өвөө алга даа гэж хардаг юм. Өвлийн өвгөний хувцсыг өмсөөд гарна гэдэг үнэхээрийн сүр хүч, энерги өгсөн, урд жилийн бүтээлийг магтан дуулсан их сайхан ажил болохоор сэтгэл хангалуун байдаг” хэмээн бахдан, догдлон өгүүллээ. Мөн тэрбээр өвлийн өвгөн болсноосоо хойш гэр бүлийнхээ зүгээс жил бүр 100 хүүхдэд бэлэг өгдөг уламжлалтай болжээ. Асрамжийн газар, хорих анги гээд нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүдэд бэлэг тарааж тэдний баярласан харцанд гэрэл гялбахыг харах хамгийн сайхан хэмээж байлаа. Харин тэр өөрөө баярлаж амждаг болов уу.

Б.Жаргалсайхан: Мэс заслаар хараа орсон хүүхдийн анхны шинэ жилд бэлэг өгсөн  минь хамгийн сайхан нь  байсан

Он солигдох торгон мөч дөхөх тусам хүмүүсийн сэтгэл оргилуун дарс шигээ хөөрдөг билээ. Айл бүхэнд гэнэтийн бэлэг хүлээсэн, гайхамшиг амилна гэдэгт итгэсэн бяцхан зүрхнүүд цохилж буй. Томчууд ч үлгэрт итгэдэг хэвээрээ жаахан хүүхэд шиг хөөрч орхидог шүү дээ. Өвлийн өвөө энэ үед л хамгийн эрэлттэй байдагтай хэн ч маргахгүй. Нэг хөгжилтэй дурсамж сөхөхөд аав минь манай охиныг зургаан настай байхад өвлийн өвөө болж байлаа. Ах, эгчийн хүүхдүүд бүгд нэг дор цуглачихсан баяраа тэмдэглэж байв.

Эгчийн сургуулиас монгол өвлийн өвгөний хувцас зээлдэж “жинхэнэ” өвөө боллоо доо. Хүүхдүүд өвлийн өвөө хараад нүдээ бүлийтэл гайхаж, амаа ангайж хоцров. Өвөөгийн айлчлал бүтэмжтэй болж явахын алдад хамар нь сахландаа сэвтнээд найтааж орхив. Наасан сахал нь салж байхыг охин маань ажиглачихаж. Өвөөг гараад явсны дараа охин маань  “Андрей өвөө байна” гээд нэг их чангаар нээлт хийсэн юм шиг хашхирч билээ.

Гэрээр дүүрэн инээдэм болж жинхэнэ өвөө гэж итгүүлэхийг хичээгээд ч бараагүй юм. Харин аав шиг минь энэ мэтээр хэзээ ч бүтэлгүйтэж байгаагүй энэ цагийн “жинхэнэ” өвлийн өвөө бол яахын аргагүй Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан билээ. Хүмүүс түүн рүү залгаад өвөө эмээтэйгээ уулзуулж баярлуулмаар байна, бяцхан хүүхдүүддээ бэлэг өгмөөр байна гэсэн хүсэлт тасрахгүй.

Б.Жаргалсайхан “Миний хамгийн дурсгалтай шинэ жил нь 2006 оны шинэ жилээр Хүүхдийн ордны Харшийн сүлд модны наадам дээр сэтгэл догдлуулсан нэг сайхан үйл явдал болсон юм. Зургаан настай хүүхэд бэлэг авсан. Тэр хүүхэд өмнө нь хараагүй байж. Мэс заслаар хараа ороод анх удаа шинэ жилийн баяр гэдгийг үзээд өвлийн өвгөнийг харсан нь тэр байж л дээ. Тэгээд би тэр хүүхдэд бэлэг өгч байлаа. Тэр хүүхдийг харахаар надад бахархмаар ч юм шиг, сэтгэл нэг л хөдлөөд үнэхээр сайхан байсан” хэмээн дурсан ярилаа. Хүүхэд баярлуулна гэдэг өөрөө баярлах шалтгаан билээ. Өвлийн өвөө маань зочилсон айл бүхнээсээ баяр талархал түүж, өөрийгөө улам энергитэй болгодог ажгуу.

Сүүлийн үед шинэ жилийг энэ мэтээр сүртэй тэмдэглэдэг болжээ. Дэлхийн өнцөг булан бүрд шинэ жилийг сүр дуулиантай тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Шинэ жилийн өдрүүдэд Оросын Дед морознь Финляндын Санта-Клаус, Якутын Чисхан өвлийн өвгөн, Чехийн өвлийн үлгэрч Микулаш зэрэг дэлхийн өнцөг булан бүрээс өвлийн эзэд гэнэтийн бэлгүүдээ задалдаг. Дэлхий даяар гайхамшиг амилж, өвлийн өвөө ирэх мөч ойртсоор л. Орон оронд өөр өөрсдийнхөө улсын өвлийн өвөөг чин сэтгэлээсээ хайрлаж, догдлон хүлээдэг.

Манай оронд жавар тачигнаж ес эхлэх дөхжээ. Цасан бүрхсэн өвлийн уудам тэнүүн оронд минь цан хүүргээ татуулсаар монгол өвлийн өвөө маань айлчилж яваа. “Анхны баяр” уран сайхны кинон дээр гардаг шиг үлгэр амилж, итгэл сэтгэл, хүсэл мөрөөдөл байхад та ч гэсэн өвлийн өвөөгөөс бэлэг авч яагаад болохгүй гэж. Би л лав энэ шинэ жилээр өвлийн өвөөтэй яг л хүүхэд нас шигээ учран золгоно гэдэгт итгэж байна. Түүнээс жавар сэнгэнэж, сахал нь цантсан байх агаад эргэн тойронд нь цас бударч байх шиг цагаан хялмаа гялтаганах байх даа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(66.181.191.30) 2021 оны 12 сарын 09

ene 1 balai bayarig bolih heregtei,huuhduuded zoriulj bayarlah baital,er emgui hugshin zaluugui arhidaj baliartdag hachin muuhai yum bolood huvirchihlaa,ene bayarig tom humuusd zoriulaagui yummshde

0  |  0
Zocnin(108.63.60.245) 2021 оны 12 сарын 09

Manai tsenkher nomrogtei mongol showgor malgaitai owoo hamgiin shildeg ni

0  |  0
Top