Б.Жавхлан: УБТЗ-ын Дүрмийн санг 83 тэрбумаар нэмэгдүүлэхээр боллоо

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 12 сарын 17

Манай сурвалжлагч Москва хотоос мэдээлж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн албан ёсны айлчлал өнөөдөр /2021.12.17/ өндөрлөж байна.

Сангийн сайд Б.Жавхлан айлчлалын үр дүнгийн талаар хэвлэлийнхэнд байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр "Хоёр орны хамтын ажиллагаа, эдийн засгийн цар хүрээг цааш нь тэлэх тал дээр хоёр улсын Сангийн сайд маш идэвхтэй ажиллана гэж ярилцлаа. Энэ бол маш чухал, ач холбогдолтой зүйл юм. 1990 оноос хойш ОХУ-ын Сангийн яам болон манай улсын Сангийн яам хоорондын харилцаа энэ түвшинд ирж байгаагүй. Сангийн яам гэдэг бол бүх салбараа дэмжиж ажиллах учиртай. Зөвхөн манай Сангийн яам төдийгүй бусад хөдөө аж ахуй, эрчим хүч, дэд бүтэц, соёлын зэрэг хамтын ажиллагаа явж байгаа бүхий л салбарт оролцож, дэмжиж ажиллана гэж ярилцлаа. Мөн "Улаанбаатар төмөр зам"-ыг хоёр талаасаа хувь тэнцүүлж, Дүрмийн санг нэмэгдүүлэх асуудлыг ярилцлаа. Нэгэнт хоёр улс ирэх оныхоо төсвийг баталцгаачихсан. Тиймээс 2023 онд тус бүр 30 сая ам.доллар буюу 83 тэрбум төгрөгөөр Дүрмийн санг нэмэхээр эхний хэлэлцээг хийлээ. Удахгүй санамж бичигт гарын үсэг зурахаар тохиролцлоо" гэв.

Түүнчлэн "Цаашид Улаанбаатар төмөр зам өнөөдрийг хүртэл явж ирсэн өр зээлийнхээ асуудлыг тэглэж, олон улсын стандартад нийцсэн бизнесийн харилцаа дээр харилцан ашигтай, хувь тэнцүүлсэн олон талын өгөөж өгдөг бизнесийн зарчмаар явах суурийг нь тавьж байна гэсэн үг. Үүнд ОХУ-ын талаас нааштай ажил хэрэгч санал тавьсан нь хоёр талаасаа бизнесийн схем дээрээ цуг сууж, судалгаа хийе, яавал бүс нутгийн ашигтай транзит болох вэ, суурь бүтцээ яаж ойрын хугацаанд тэлэх вэ гэдэг нь тодорхой болох юм. Энэ бол хөгжлийн шинэ шатанд аваачих боломж нээгдэж байна гэж ойлгож болно. Харин энэ удаагийнх нь Ерөнхийлөгчийн айлчлал болохоор олон сэдвээр ярьж амжсангүй. Гэхдээ төлөвлөсөн сэдвийнхээ хүрээнд ярилцлаа. Ирэх жил хоёр улсын Сангийн яам хооронд хэд хэдэн удаа сайдын болон мэргэжлийн түвшинд уулзалт хийж, олон салбарыг түлхүү оруулж, харилцан эдийн засгийн ашигтай тал дээр хамтарч ажиллахаар ярилцаад байна" хэмээн байр сууриа илэрхийлэв. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top