Коронавирусний “омикрон” хувилбар нь өдөрт олон зуун мянган хүнийг халдварлуулах чадвартай. Герман улс үүнд бэлэн бус гэж шинжээчид анхааруулжээ.
Коронавирусний “омикрон” хувилбарын тархалтаас үүдэлтэй цар тахлын шинэ давлагаа Германыг нөмрөх нь цаг хугацааны асуудал болоод байна гэж Германы эрдэмтэд анхааруулж байна. Оройтлоо гэхэд ирэх нэгдүгээр сарын дунд үе гэхэд Германы эл хувилбар давамгайлна гэж Фрайбургийн их сургуулийн эмнэлгийн профессор Кристоф Нойманн Хэфелин үзэж байна. “Омикрон” нь “дельта” хувилбарыг бүрэн шахаж, улмаар халдварын тархалт огцом нэмэгдэн, өдөрт олон зуун мянгаар тоологдоно гэж таамаглаж байна.
Эрдэмтэд энэ таамгаа Их Британи дахь “омикрон” хувилбарын нөхцөл байдал дээр үндэслэн хийжээ. Тус улсад “омикрон” халдварын тохиолдол 2-3 хоног тутам хоёр дахин нэмэгдэж байгаа юм. Энэ нь өмнөх хувилбаруудаас 3-4 дахин их гэсэн үг гэж Гумбольдтын нэрэмжит Их сургуулийн профессор Дирк Брокманн онцолжээ.
Британийн шинжээчдийн тооцоолсноор, халдварын шинэ тохиолдлын тоо хоногт 400-700 мянгаар тоологдож, ирэх дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд “омикрон” халдвар авсан хүний тоо 20-34 саяд хүрэх магадлалтай байна. Ингэхдээ амны хаалт зүүж, хүн хоорондын зай барьж, сургуулиудыг хаан хязгаарлалтын арга хэмжээ авсан ч ийм дүр зураг гарч байна.
Бүүстер тун халдвараас хамгаалахгүй
Омикрон бусад хувилбаруудаас илүү халдвартайгаас гадна хүний дархлааны хариу үйлдлээс зугтаах чадвартай. Өөрөөр хэлбэл, бүүстер тун хийлгэсэн хүмүүс ч халдвар авах боломжтой аж.
Бүүстер тун нь дархлааны хамгаалалтыг 70-75 хувиар нэмэгдүүлдэг ч өвчний хүндрэлээс л сэргийлж чадна. Тиймээс гуравдугаар тунгаа хийлгэсэн хүмүүс халдвар аваад зогсохгүй бусдад халдвар тараах эрсдэлтэй гэж Майны Франкфуртын их сургуулийн эмнэлгийн дэргэдэх Вирус судлалын хүрээлэнгийн тэргүүн Сандра Цизек сэрэмжлүүлж байна.
“Омикрон” нь бодсоноос аюултай
“Омикрон” хувилбар нь “дельта”-ийн нэгэн адил аюултай байх талтай гэж вирус судлаачид онцолжээ. Дани, Их Британиас авсан мэдээллээс үзвэл, халдвар авсан өвчтөнүүд хүндэрч, эмнэлэгт хүргэгдэх байдал нь өмнөх хувилбаруудтай ижил байна. Өмнөд Африкаас ирүүлж байсан эхний мэдээллүүд найдвар төрүүлж байсан хэдий ч шинэ хувилбараар халдварласан хүмүүс олон тоогоор эмнэлэгт хүргэгэдэж, хэд хэдэн хүн эндээд байна.
Эрүүл мэндийн системд сүйрэл нүүрлэж байна
Хэрэв эрдэмтдийн хийж буй таамаг биелбэл, эрүүл мэндийн систем ачааллаа дийлэхгүй. Профессор Брокманн өнөөдөр төсөөлөхөд бэрх нөхцөл байдал үүснэ гэж анхааруулж байна. Тиймээс эрдэмтэд шуурхай арга хэмжээ авахыг уриалж байна. Улстөрчдөд шийдэмгий арга хэмжээ авахад туйлын бага цаг үлдсэн гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )