УИХ-ын гишүүн Н.Учрал, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ нар өнөөдөр /2021.12.21/ төрийн зарим үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж байгаа талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ "E-Mongolia систем 600 үйлчилгэээтэй болсон. Жолооны үнэмлэх солих, нөхөн олгох үйлчилгээг 94,000, иргэний үнэмлэх дахин авах үйлчилгээг 50,000 гаруй удаа авсан байна. Компани, төрийн бус байгууллагуудыг E-Mongolia системийг ашиглан байгуулдаг болсон. Хоёр сарын хугацаанд 356 хуулийн этгээд байгуулагдсан. Манай багийн хувьд орон нутагт ажиллаж байгаа. Найман аймгийн 498 үйлчилгээг орон нутагт оруулсан. E-Mongolia систем 6.5 сая үйлчилгээг үзүүлсэн байна. Эдгээр үйлчилгээний 56 хувийг Улаанбаатарт 44 хувийг орон нутагт үзүүлсэн. E-Mongolia системээс лавлагаа тодорхойлолт авахад хоёр минут зарцуулж байна. Иргэдийн хувьд E-Mongolia системд оруулах үйлчилгээтэй холбоотой 800-1,200 санал хүсэлт ирүүлдэг. Тус системийг ашиглаж эхэлснээр 65 тэрбум төгрөгийн хэмнэлтийг иргэн болон төрөөс хийсэн. Энэ оны аравдугаар сарын 1-нд E-Mongolia-2-ыг байгуулсан. Ирэх онд 100 гаруй байгууллагын 1,000 гаруй үйлчилгээг E-Mongolia-д оруулахаар төлөвлөж байна. Орон нутагт байгаа иргэдэд үйлчилгээ үзүүлж хүрч ажиллахыг зорилт болгон ажиллаж байгаа. Ирэх жил 21 аймгийн 1200 гаруй үйлчилгээг оруулна. Шуудангийн үйлчилгээг сайжруулна. Эрх зүйн орчныг бүрдүүлсэн таван багц хууль өнгөрсөн долоо хоногт батлагдсан" гэлээ.
Харин УИХ-ын гишүүн Н.Учрал "Монгол Улсын Үндсэн хуульд заасан мэдээлэл авах эрхийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын хуулиар хуульчилсан. Энэхүү хуулиар 67 багц мэдээллийг олон нийтэд нээлттэй болголоо. Мөн хязгаарлагдмал, хаалттай мэдээллийг тодорхой болголоо. Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийг шинэчилж, ард иргэдийн зүгээс гомдол гаргадаг дуу, дүрсний бичлэгийн төхөөрөмжийг байршуулах стандартыг тодорхой болголоо. Хувь хүн өөрийнхөө нууцыг хамгаалдаг байсан бол мэдээлэл хариуцагч тал хариуцдаг болж байна. Хүний эмзэг, хувийн мэдээллийг ангилж өглөө. Цахим гарын үсгийг хуулийг баталсан. Төрийн 600 гаруй үйлчилгээг хурдан шуурхай явуулах шийдэл болсон. Иргэн болгонд цахим гарын үсгийг нэвтрүүлж өгөх нь маш чухал юм. Тухайлбал, интернэт орчноос цалингийн зээлээ авдаг болно" гэх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл ( 0 )