Баянхонгор аймгийн 2021 оны ажлын үр дүн, 2022 оны орон нутгийн төсөв болон цаг үеийн нөхцөл байдлын талаар тус аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхантай ярилцлаа.
-Танай аймгаар өвөлжилт сайхан уу. Хадлан тэжээлээ хангалттай хураав уу?
-Хадлан тэжээл бүрэн хангагдсан. Бэлчээр сайхан дулаахан өвөл болж байна. Одоохондоо бараг өвсний хэрэг байхгүй ч аймаг нөөцөө 100 хувь бэлдсэн. Сумдын нөөц ч бүрдсэн.
-Малын гоц халдварт өвчин, тэр дундаа шүлхий өвчин нийт нутгаар энэ жил их байлаа. Танай аймгийн хувьд одоо байдал ямар болсон бэ?
-Сая Онцгой комиссоос шалгалт ирсэн. Одоо бид 14 хоног тэсэхэд ногоон бүс болно. Үүний тулд хичээж байна. Завханы Отгон суманд шүлхий өвчин нэмэгдэж байгаагаас хил залгаа сумдаа хамгаалах тал дээр анхаарч байгаа. Өвлийн идэш гээд малын хөдөлгөөн нэмэгддэг. Баянбулаг, Гурванбулаг сумдын постуудыг анхаарах, гаднаас мал, мах, малын гаралтай түүхий эд авахгүй байхыг үүрэгдсэн. Хамгийн сүүлд манай аймгийн Жаргалант суманд шүлхий өвчин бүртгэгдсэн. Одоо хорио цээрийн дэглэмийг сулруулж, ногоон бүс болоход 14 хоног л үлдсэн.
-Ер нь энэ жил шүлхий өвчин танай аймгийн хэдэн суманд бүртгэгдсэн бэ?
-Долоон суманд бүртгэгдээд, хариу арга хэмжээг бүрэн гүйцэд авсан. Өвчлөл дахин бүртгэгдээгүй.
III ТУНД ЗОРИЛТОТ БҮЛГИЙН 50 ОРЧИМ ХУВЬ ХАМРАГДСАН
-Ковид-19 халдварын нөхцөл байдал, вакцинжуулалт ямар байгаа вэ?
-Халдвар намжсан. Түргэвчилсэн оношлуураар өдөрт 7-8 орчим тохиолдол бүртгэгдэж байгаа бол ПСР шинжилгээгээр ганц, зарим өдөрт халдвар бүртгэгдэхгүй байна. Хүнд хэлбэрийн өвчтөн байхгүй. Эмнэлгийн ачаалал хэвийн болсон. Ковид-19 халдвараас гадна эмнэлгийн бүх төрлийн үйлчилгээг хэвийн үзүүлж байна. Ялангуяа сүүлийн 14 хоногт гуравдугаар тунгийн вакцинд иргэдийг хамруулах ажлыг эрчимжүүлсэн. Гуравдугаар тунд зорилтот бүлгийн 50 орчим хувь хамрагдсан. Иргэдийг вакцинд сайн хамруулахын тулд сумдын хооронд уралдаан зарлах, албан үүрэг даалгавар өгөх, шинэ жилийн үйл ажиллагаанд гуравдугаар тунтай хүмүүсийг оролцуулах зэргээр идэвхижүүлэх ажил хийлээ.
-Сүүлийн үед аймгийн хэмжээнд ямар ажил, арга хэмжээ зохион байгуулсан бэ?
-Улсын төсөв, орон нутгийн төсөв хэлэлцээд дууслаа. Манай аймгийн төсөв бусад аймгийг бодвол онцлогтой байсан. Барилга байгууламж гэхээс илүү иргэдийн нийгмийн байдал, амьдрах нөхцөл, орлогыг сайжруулах, дэд бүтцийн асуудлыг шийдэх, утаа, нүхэн жорлон, хөрсний бохирдлоос салах, иргэдийг ажилтай, орлоготой болгох, хөдөө аж ахуй, тэр дундаа газар тариалангийн салбартаа анхаарахад аймгийн төсвийн гол бодлого чиглэгдсэн. Иргэдийн амьдралын чанарыг сайжруулах нь манай аймгийн ирэх жилүүдийн чухал зорилт юм. Жишээлбэл, бид ингэний сүүний үйлдвэр барьж байна. Гэр хорооллыг цэвэр, бохир усны шугамд холбох ажилд онцгой анхаарч байна.
-Баянхонгор аймгийн Баянлиг суманд цагаан будаа тариалж, хурааж авсан гээд нэг хэсэг шуугилаа. Энэ ажил юу болсон бол оо?
-Монголын нөхцөлд цагаан будаа тариалж ургах юм байна гэдгийг нотолсон. Үүнээс биш хэрэгцээг хангаж, улс даяар зарахад мэдээж түргэднэ. Будаа боловсорч гүйцтэл урт зун болох хэрэгтэй юм билээ. Гэхдээ арга технологийг нь олоод будаа тариалж болохыг баталсан л зүйл.
-2021 оны бүтээн байгуулалтын болон онцлох ажлаа дүгнэвэл?
-Иргэдийн амьдрах нөхцөлд анхаарсан тоглоомын талбай, цэцэрлэг барих, орлогыг нэмэх ажлыг хийлээ. Иргэдийг цалинжуулж мод тариуллаа. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ажлууд хийлээ. Цогц усан бассейн, амбулаторийн төв ашиглалтад орж байна. Ингэний сүүгээ үйлдвэрлэж экспортлоно. Бид одоо үйлдвэрээ барьж байна. Ингэний сүүний 4000 ферм барихаар төлөвлөлөө. Хятад улсын төрийн өмчийн компани Монгол Улсын төрийн өмчит компани хамтарч хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт босгож, томоохон үйлдвэр барьж байгаа нь анхны тохиолдол гэхэд болно. Энэ бас онцлог. Эдгээр хөрөнгө оруулалтын үр өгөөж 2022 онд сайн харагдана гэж бодож байна.
-Цар тахал, хилийн хориг аймгийн иргэд, аж ахуйн нэгжид хэр нөлөөлж байна вэ?
-Мэдээж иргэд, аж ахуйн нэгжийн амьдрал ахуйд цар тахал нөлөөлөлгүй яах вэ. Гэхдээ аймгийн зүгээс цар тахлын нөлөөллийг бууруулах, арилгах зорилгоор гурван зорилт, арга хэмжээ дэвшүүлж аймгийн Иргэдийн хурлаараа батлуулаад байна. Нэгдүгээрт, Баянхонгор аймгийнхаа иргэдийг 2022 ондоо эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулна. Ялангуяа уушгины үзлэг сайн явуулна. Хоёрдугаарт, эдийн засгийг сэргээх бодлого явуулна. Улсын төсөв, аймгийн төсөвт ч иргэдийн амьжиргааг дээшлүүлж, орлогыг нэмэгдүүлэх ажлууд тусгагдсан. Гуравдугаарт, цар тахалтай холбоотойгоор боловсролын хоцрогдлыг арилгах төлөвлөгөөг хэрэгжүүлнэ. Энэ гурван ажилд аймаг, орон нутгийн төсвөөр анхаарч ажиллана. 2022 оны гуравдугаар сараас гэхэд эрүүл мэндийн үзлэгээр ажлууд эхлээд явна.
МОД ҮРЖҮҮЛЭХ АЖИЛД НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ЗАРЦУУЛНА
-Засаг даргын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг иргэд яаж дүгнэсэн бэ. Аймгийн хөгжлийн цаашдын чиглэлээ хэрхэн тодорхойлж байгаа вэ?
-Засаг даргын мөрийн хөтөлбөрийн биелэлт “Хангалттай” үнэлгээ авсан. 2022 оны улс, орон нутгийн төсөв бол Баянхонгор аймгийг хөгжлийн шинэ дээд түвшинд хүргэх онцгой төсөв болсон. Аймгийг утаагүй, нүхэн жорлонгүй болгох ажлын эхлэлийг тавьж, бүх бодлого чиглэлээ нэгтгэж тодорхойлсон. 2024 он гэхэд нүхэн жорлон, утаанаас бүрэн салж, орон сууцжуулах төслүүд явагдана. Аймаг нэг зөв бодлогоо бариад дөрвөн жилийн төсөвтөө тухайн бодлогын ажлуудаа зөв тусгуулж чадвал хөгжих боломж бүрэн нээлттэй.
Олон аймагт утааны асуудал тулгамддаг шүү дээ. Манай аймагт 6000 хашаа байна. Эдгээр хашаанд амьдарч байгаа өрхүүдийг л яндангаас салгах ажлыг явуулна. Баянхонгор аймагт дулааны цахилгаан станц байгуулах гэрээний ажил явагдаж байна. 2022 ондоо ажил нь эхэлнэ. Мөн “Шаргалжуут” рашаан, сувиллын 35 хувийг орон нутгийн иргэд эзэмших боломжийг хэлэлцэж байна. Тус рашаан сувиллаа иргэд эзэмшсэнээр хувь хүртэх, хамгаалах, хяналт тавих боломж бүрдэнэ.
Харин ингэний сүүний үйлдвэр бол манай аймгийн олон иргэнийг ажлын байраар хангаж, төсөвт өндөр өгөөжөө өгөх юм. Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөр нь иргэдийг ажилтай орлоготой болгох, байгалиа хайрлаж хамгаалахад том боломж гэж харж байна. Энэ хүрээнд мод үржүүлгийн газар, мод тарих, үржүүлэх ажлыг дорвитой хийхээр төлөвлөсөн.
-Жишээлбэл, мод үржүүлгийн чиглэлээр яаж ажиллах вэ?
-Баянхонгор аймаг улсын төсөвт анх удаа зөвхөн мод үржүүлэх, тарих, хамгаалах ажлыг хийхээр нэг тэрбум төгрөг суулгууллаа. Манай аймаг мод тарих, үржүүлэх ажлыг нэлээд эртнээс ч хийхээр төлөвлөж байсан. Бид бодлогоо зөв явуулж чадвал бүрэн хөгжих, аймгаа моджуулах бүрэн боломжтой. Баянхонгорт мод тарина гэхээс илүү ургуулж үржүүлэх нь зүйтэй. Жишээлбэл, аймгийн Ойн анги одоо 3-4 хүнтэй байгааг 30 албан хаагчтай болгохоор төлөвлөсөн. Ойн инженерүүд, туслах албан хаагч гээд 30 хүний бүрэлдэхүүнтэй орон нутгийн өмчийн байгууллага байгуулна.
-Та бүхэн 2022 оныг ямар ажлаар эхлүүлэх вэ. Танай аймаг архидалт, архины эсрэг үйл ажиллагааг дорвитой зохион байгуулж байгаа сурагтай байсан. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Бид 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын 1-ний хооронд бүх сургалт, зөвлөгөөний ажлаа хийж дуусгана. Хоёрдугаар сараасаа өөр сургалт, зөвлөгөөн гэж сатаарахгүй аж ахуйн ажлуудаа хийнэ. Баянхонгор аймгийн “Жаргалтай амьдрал төв”-ийн үйл ажиллагаа маш сайн явж байгаа шүү дээ. Манай аймаг архины эсрэг бүх шатандаа арга хэмжээ зохион байгуулж байгаа. Үүнийг нэг жилийн хөтөлбөр биш цаашдаа тогтмол хэрэгжүүлнэ. Монголдоо жишиг болохуйц наркологийн төвийг Баянхонгор аймагт байгуулж, 250 гаруй хүнийг эмчлээд байна.
Орон нутгийн өмчөөсөө хөрөнгө гаргаж, орон нутгийн төсөвт хөрөнгө оруулалт суулгаж, эмнэлэг, хүчирхийллийн эсрэг байгууллагуудын дэмжлэгийг авч нийтээрээ дэмжиж архины эсрэг төв байгуулсан. Тус төвөөр эмчлүүлсэн хүмүүс сум дээрээ очоод ч архи уухгүй байхаар зохицуулалт хийж байгаа. Тухайн сумын дэлгүүрүүд тэр хүнд архи зарахгүй гэсэн гэрээ хүртэл хийх жишээний. Баянхонгор аймагт баруун бүсийн томоохон наркологийн төв байгуулах ажлыг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас дэмжиж байгаа.
-“Жаргалтай амьдрал төв”-д 250 гаруй хүнийг архины эсрэг эмчилгээнд бүрэн хамруулсан байна шүү дээ. Эдгэрэлт ямар гарсан бол?
-250 гаруй хүнийг эмчилсэн. Үүнээс 50-60 хувийн үр дүнтэйгээр эдгэрэлт явж байгаа. Тэр дунд архинд донтож гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, гэр бүлдээ дарамт болдог олон хүн байсан шүү дээ. Нэг хүн архинаас татгалзахад цаана нь тухайн гэр бүл амгалан тайван байж, амьдрал нь сайжирдаг. Мөн төрийн албыг архидалтгүй болгоно гээд хатуу сахилгын арга хэмжээг архи уусан алба хаагчид, өндөр албан тушаалтнуудад авсан. Ажлаас халагдсан хүмүүс ч бий. Цаашдаа төрийн албанд ажилладаг хэн ч байсан архи уувал ажлаас халагдах хяналт руу орсон.
-“Сумын төвийн шинэчлэл” төслийн сүүлийн үеийн явцын талаар товч мэдээлэл өгнө үү?
-Сумын төвийн шинэчлэл төсөл Өлзийт суманд хэрэгжээд дууслаа. Галуут, Эрдэнэцогт, Баацагаан сумын төслүүд хэрэгжиж эхэлсэн болон 2022 ондоо хэрэгжинэ. Төслөөр дэд бүтцийн асуудлыг шийдэж, иргэдийн амьдрах нөхцөлийг сайжруулах ажлууд л хийх юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )