Жирэмсэн болон 3 хүртэлх насны хүүхэдтэй ээжүүдийг амралтын өдөр АЖИЛЛУУЛАХЫГ ХОРИГЛОНО

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 22

Хөдөлмөрийн тухай хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх гэж байна. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр дагалдан болон туршилтаар ажиллаж буй хүмүүс хуулийн дагуу цалин хөлс авах эрхтэй болж байгаа юм.

Мөн жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй ажилтан өөрөө зөвшөөрөөгүй бол илүү цагаар ажиллуулахыг хориглох зэрэг заалтууд оржээ.

Дагалднаар суралцах хугацаандаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доошгүй цалин хөлс авах. Туршилтаар ажиллах ажилтны үндсэн цалинг тухайн ажлын байрны үндсэн цалингаас багагүй байхаар тогтоох бөгөөд түүнд нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал, олговрыг энэ хуульд заасны дагуу олгоно.

Ингэхдээ туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа гурван сараас илүүгүй байх бөгөөд харилцан тохиролцсоноор нэг удаа гурван сараас илүүгүй хугацаагаар сунгаж болно гэж заажээ.

Хөдөлмөрийн тухай хуулиар жилд 15 удаа бүх нийтээрээ амрах аж.

  • Шинэ жил: нэгдүгээр сарын 1;
  • Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3;
  • Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр: гуравдугаар сарын 8;
  • Бурхан багшийн Их дүйчин өдөр: билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15;
  • Хүүхдийн баяр: зургадугаар сарын 1;
  • Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: долдугаар сарын 11, 12, 13, 14, 15;
  • Их Эзэн Чингис хааны өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1;
  • Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр: арван нэгдүгээр сарын 26;
  • Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр: арван хоёрдугаар сарын 29.

Нийтээр амрах баярын болон долоо хоног бүрийн амралтын өдөр жирэмсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй иргэд ажиллахыг хориглоно:

  • Тасралтгүй ажиллагаатай үйлдвэрлэл, хүн амын нийтлэг үйлчилгээ, тээвэр, холбооны болон зайлшгүй шаардлагатай ажил гүйцэтгүүлэх, энэ хуулийн 91.2-т зааснаас бусад тохиолдолд нийтээр амрах баярын болон долоо хоногийн амралтын өдөр ажилтан өөрөө зөвшөөрснөөс бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар ажиллуулахыг хориглоно.
  • Жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй, эсхүл 16 хүртэлх насны байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилтан өөрөө зөвшөөрснөөс бусад тохиолдолд нийтээр амрах баярын болон долоо хоног бүрийн амралтын өдөр ажиллуулахыг хориглоно.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top