Засгийн газрын өнөөдрийн /2021.12.22/ ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.
Хуралдаанаар ямар асуудал хэлэлцэж, шийдвэр гарасан талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Сангийн сайд Б.Жавхлан нар яг одоо /14:00 цаг/ мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан "Удахгүй 2022 оны төсвийн жил эхэлнэ. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар үүнтэй холбоотойгоор түүний дагуу авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төсөл батлагдсан. Энэ тогтоолын төсөл нь үндсэндээ 2022 оны төсвийн үйл ажиллагааг чанаржуулах юм. Тогтоол найман хэсгээс бүрдэнэ. Орлогын чиглэлээр уул уурхайн экспортыг нэмэгдүүлнэ. Төрийн өмчит компаниудын ашигтай ажиллагаа, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, гадаад худалдааг хөнгөвчлөх, төсвийн хэмнэлтийн горимыг үргэлжлүүлэх талаар чиглэл өглөө. Гадаадын зээл тусламжийн хувьд дамжуулан зээлдүүлсэн тусламжийн өрийг барагдуулах тогтоол гарч, чиглэл өглөө.
Дээр нь орон нутагт байгаа төрийн үйлчилгээний байгууллагын ажилтнуудыг цомхотгох, ажлыг нь өөрчлөх, хувийн хэвшлээр гүйцэлдүүлэх зэрэг асуудал үүсээд байгаа. Түүнийг тодруулж өгсөн гэхэд болно. Энэ нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль 2021 оны арванхоёрдугаар сарын 24-нд батлагдсан. Тэр хуульд боловсрол, эрүүл мэнд, нийгэм, соёлын байгууллагын барилга байгууламж, хөдлөх хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээ, орон нутгийн чиг үүрэгт шилжсэн. Энэ бол маш ойлгомжтой заалт юм. Өөрөөр хэлбэл, тухайн сум, дүүрэг, аймгийн Засаг даргын Тамгын газарт шилжиж байна гэсэн үг. Үүнийг дагаад 2022 оны төсөвт зохицуулж, уялдуулж тодорхой зүйл тусгагдсан. Түүнээс төсвийг нь багасгаад хувь руу шилжүүлж, орон тоог нь багасгаагүй гэж ойлгож болно. Одоо байгаа статусаараа цааш үргэлжлүүлэх аваас төсвийн хувьд санаа зовох зүйл байхгүй" гэж ярилаа.
Сэтгэгдэл ( 0 )