Д.Ганбат: Хотод үлгэр жишээ ганц ч зам алга

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 12 сарын 23

УИХ-ын өнөөдрийн /2021.12.23/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээр /Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл/-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/-ийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна. 

Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбат "Үндсэн хуулиараа хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Тэрийг нь төр, засаг хангаж өгөх үүрэгтэй. Энэ байдалд алдагдаад маш олон жил болж байна. Ер нь, тийм орчинд амьдарч чадах ч үгүй байгаа. Тэрний нэг нь Улаанбаатар. Улаанбаатарт маш олон хүн сонгогдсон байгаа. Манай намаас бараг хүн байхгүй. Гэтэл ээлжит зээл авах зүйл л оруулж ирж байна. Энэ зээл чинь үр дүнтэй байх уу, өмнө нь авсан зээл үр дүнтэй байсан уу. Улаанбаатар хотод үлгэр жишээ зам алга. Үүнд л хариулт хэлчих. Энд Хотын дарга нь байна. Баахан өр авлагатай хүн Улаанбаатар хотыг удирдаад байна. Хувийнхаа юмыг удирдаж чадахгүй нөхөр хотыг удирдаж чадах уу" гэх асуултыг Хотын даргад тавилаа. 

Үүнд, Хотын дарга Д.Сумъяабазар "Банктай холбоотой асуудал мэдээлэл нь банк дээр л байгаа. Үүнд өр шир яриад хэрэггүй. Банкны асуудлыг надтай наах гээд байх зүйл байхгүй. Та өөрөө ч бизнесийн салбараас гарч ирсэн төлөөлөл. Зөв ойлгож байж мэдээллийг олон нийтэд өгч байх хэрэгтэй байх гэж бодож байна. Улаанбаатар хотыг болохгүй, бүтэхгүй юм шиг яриад байна л даа. Хотод эрх зүйн чадамжийг нь нээж өгсөнд талархалтай ханддаг. Ингэснээр өөрсдийн бие даасан эдийн засаг болох эхний алхмаа хийж байна. Ажлаа аваад жил боллоо, амаргүй нөхцөл байдалд байна. Улаанбаатар хот улс төрийн талбар болдог, хүн амын тал хувь нь ажиллаж амьдардаг. Хотод ажил боломжийн явж байгаа гэж бодож байна. Бүтээн байгуулалтад асар их мөнгө хэрэгтэй. УИХ-д тайлагнаж байж үр дүн гарна" гэх тайлбарыг өглөө.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top