Нутгийн шилмэл хонины цөм болон үржлийн сүргийг үржүүлж байгаа цөөн хэдэн аймгийн нэг нь Өмнөговь аймгийн Ханбогд сум. Энэ суманд сүүлийн арван жил хонин сүргийн тоо тогтмол өссөн бөгөөд 2015 оноос нутгийн шилмэл хонийг мах, ноосны чиглэлээр сайжруулсаар цөм сүргийн хонь өдгөө 8405 буюу сүргийн 35.4 хувийг эзэлж байна.
Цөм сүргийн хонины зүс нь харман, хар нүдэн, хар халзан, хар толгой, хар хүзүүтэй байгаа нь зүсний жигдрэл сайтай, үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулжээ гэж үзэж болохоор байна. Хонины махан ашиг шимийн үзүүлэлтэд хийсэн судалгаагаар нядалгааны жин эр хонинд 44.9 килограмм, эм хонинд 35.5 килограмм, нядалгааны гарц эр хонинд 56.3 хувь, эм хонинд 51.6 хувь байгааг хянан магадалгаа хийсэн ажлын хэсгийнхэн Зөвлөлийн хурал дээр танилцууллаа.
Ингэхдээ тус омгийг “Гавилууд омог” гэж нэрлэх саналыг Зөвлөлийн гишүүдэд танилцуулав. Хянан магадалгааны ажлын хэсгийн хяналтын жинлэлтээр нутгийн шилмэл хонины үржлийн хуцны ноосны гарц 2 килограмм бөгөөд сайн чанарын бат бөх утас болох боломжтой лабораторийн үр дүн гарсан байна.
Харин махны тухайд улаан, ягаан өнгөтэй, цагаан өөхтэй, махны өөрийн өвөрмөц үнэртэй, гадны ямар нэг үнэргүй, чийг, тослог, уураг, илчлэг чанараараа стандартын хонины махтай ижил юм.
Нутгийн шилмэл хонь нь чацархаг, сунац, цээжний заалтаар бусад үүлдэр омгоос илүү, лагс чамбай, ясархаг байгаа нь бие даасан омог хэмээн бүртгэх боломжтойг хянан магадалгааны ажлын хэсгийнхэн танилцуулснаар бүртгэв.
Сэтгэгдэл ( 0 )