Г.Занданшатар: Богд хаант Монгол Улсын Төрийн туганд хүндэтгэл үзүүлж хэвших нь чухал ач холбогдолтой

2021 оны 12 сарын 29

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойд зориулсан Монгол Улсын Их хурлын хүндэтгэлийн хуралдаанд УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг хүргэж байна.

(2021.12.29)


Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө, Ерөнхий сайд аа,

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Хүндэт зочид, хатагтай, ноёд оо,

Монгол Улсын нийт ард иргэд ээ, 

 

Тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөгөө сэргээн мандуулсан түүхт 110 жилийн ой, Зүрхний бичлэг шиг үйл явдалтай 100 жилийн төгсгөл 2021 оны сүүлчийн долоо хоногийн мэндийг ирээдүйд үүнээс илүү сайхан 100 жилийн эхлэл, шударга нийгэм, цэцэглэн хөгжсөн Монголыг үр хүүхдүүддээ үлдээхийн төлөө зорьж яваа ЭХ ОРОНЧ монгол хүн бүхэнд өргөн дэвшүүлье.

Энэ бол Монгол үндэстний хэдэн мянганы түүх, төрт ёсны 2200 гаруй жилийн түүхэнд алтан үсгээр бичигдэж үлдсэн үйл явдал юм. Монголоо гэсэн хатан зориг, мохошгүй зүтгэл, тууштай тэмцлээрээ Их Монголын гал голомтыг сэргээн мандуулсан эх оронч өвөг дээдэстээ гүн хүндэтгэл үзүүлэхээр Монгол Улсын Их Хурлын Хүндэтгэлийн чуулган хуралдуулж байна.

Тэдэндээ гүн хүндэтгэл үзүүлж 1 минут босож зогсохыг хүсье. 

Элэг нэгт Монгол ахан дүүс ээ, 

Монгол үндэстэн бусдын хараат болж, дарлал хоцрогдолд нэрвэгдэж, үндэсний эрх чөлөөгөө алдаад байсан гашуун цагт 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал мандсан юм.

Шинэ тулгар Монгол Улс өдгөөгөөс 110 жилийн өмнөх энэ өдөр буюу 1911 оны арван хоёрдугаар сарын 29-нд VIII Богд Жибзундамбыг тусгаар улсынхаа хэмжээгүй эрхт Эзэн хаанаар өргөмжилж, улсаа Монгол, оны цолыг “Олноо өргөгдсөн” хэмээж, 5 яамтай  Засгийн газраа байгуулсан нь Монгол орон дахин бие даасан, тусгаар улс болсноо дэлхий ертөнцөд тунхаглан зарласан хэрэг байлаа.

Цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын Шинийн 9-ний энэ түүхт өдөр улсаа сэргээн мандуулсан монголчууд “Тэнгэрийн цаг ирэв” хэмээн баясаж, баярын нулимс асгаруулан залбирч, мөргөж байсан нь уг үйл явдлыг нүдээр үзсэн гэрчүүд, гадаад улс орнуудын элч төлөөлөгчдийн дуртгал, дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хуудсанд тэмдэглэгдэж үлдсэн байдаг. 

Өнөө өглөө Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт орших Шанхын Баруун хүрээ хийдэд хадгалагдаж буй Богд хааны шар тугийг цэнгүүлэх ёслолд тухайн тойргоос сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргатай хамт оролцож, хүндэтгэл үзүүлээд ирлээ. Зуун арван жилийн өмнөх яг энэ өдөр Төрийн тугийг шинээр бүтээн залж, мандуулсан нь энэхүү шар туг билээ.

Эзэн Чингис хааны алтан ургийн гал голомт оршин байсан нутаг орон, Чингисийн их хар сүлдийг цэнгүүлэн тахидаг байсан тахилгат газар, өдгөө Богд эзний Шар туг хадгалагдан буй гэдэг утгаараа Шанхын Баруун хүрээ бол Монгол төрийн түүхтэй салшгүй холбоотой газар юм.

Цаашид үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойн энэ өдөр Богд хаант Монгол Улсын Төрийн туганд хүндэтгэл үзүүлдэг болж хэвших нь эх орон, эцэг дээдэс, түүх соёлоороо бахархах бахархлыг сэрээж, залуу үедээ өвлүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Түүнчлэн үе үеийн эзэнт гүрний нийслэл болж, их хаадын минь оршин амьдарч байсан үзэсгэлэнт Орхоны хөндийд ШИНЭ ХАРХОРИН хот байгуулах нь өнгөрсөн-одоо-ирээдүйн гурван цагийн хэлхээсэнд түүхэн утга учир төгөлдөр болно хэмээн үзэж, Улсын Их Хурлын гишүүд санал санаачилга гаргаж байгааг хэлэхэд таатай байна. 

Мөн нэг зүйлийг зориуд тэмдэглэж хэлэхэд, Богд хаант Монгол Улс 5 яамтай байсан нь монгол төрт ёсны бодлогын хэлхээ, гүйцэтгэх засаглалын уялдаа холбоо, үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой байсан байна.

Гадаад бодлого Дотоод бодлогоос эхтэй гэж эцэг дээдэс минь үзэж байжээ. Тиймээс хууль ёсыг хэрэгжүүлэн сахиулах, засгийн бодлогын үр нөлөөг сайжруулах, иргэндээ ээлтэй төрийг төлөвшүүлэх, Шинэ сэргэлтийн бодлогыйг хэрэгжүүлэхэд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүй, дотоод хэргийн яам онцгойлон анхаарч, түүнийг нь гадаад бодлогын алтан аргамжаар бэхлэн бөхлөхөд Гадаад харилцааны яам үйл ажиллагаагаа чиглүүлэх ёстой.

Гадаад, дотоод цэгцтэй, тууштай, үр өгөөжтэй бодлогод суурилан улсын сан хөмрөгийг арвижуулан баяжуулах, төсвийн сахилгыг бэхжүүлэн, төсөвт шинэчлэл хийх нь Сангийн яамны ямагт эрхэмлэх үйл хэрэг мөн. Монгол цэрэг Эзэн Чингисийн үеийнх шиг ямагт ялагч байх албагүй ч ялагдашгүй байх учиртай. Үүнд манай батлан хамгаалах төрийн бодлого чиглэж, энэ чиглэлээр эрх зүйн шинэчлэл хийхээр төлөвлөж байгаагаа  өчигдөр миний бие мэдэгдсэн.

Эрхэм монголчууд аа,

Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн монгол түмэн, Богд эзэн хаан болон улс төрийн манлайлагч удирдагч нар Монгол Улс цаашид олон улсын жишгийг даган, тухайлбал Англи, Швед зэрэг улс шиг Үндсэн хуульт Хаант засгийн хэлбэрийг сонгох ёстой гэж төсөөлж байсан юм. Иймээс Америкийн олон улсын хуульч эрдэмтэн Хэнри Уйтоны зохиосон Олон улсын эрх зүйн үндсийг тодорхойлсон бүтээлийг “Түмэн улсын ердийн цааз”, “Түмэн улсын албан цааз” хэмээх нэртэй хоёр дэвтэр болгон орчуулж, судалж байжээ.

Мөн Ерөнхий сайд Т.Намнансүрэн билгүүн номч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээнд Үндсэн хуулийн эх боловсруулах даалгавар өгч, “Улсын эрх” хэмээх удирдамжийн шинжтэй баримт бичиг боловсруулсан нь бидэнд уламжлан иржээ.

1914 онд хоёр танхимтай парламент буюу Улсын Дээд, Доод хурлыг байгуулсан нь олон улсын жишгийг харгалзан парламентат ёсонд шилжих гэсэн анхны оролдлого байлаа.

1912-1913 онд хааны зарлигаар Халхын 86 хошууг 92 болгож, тамгатай 13 хутагтын шавиас бүрдсэн засаг захиргааг эмхлэн байгуулжээ. 1912 онд  Бүгд ерөнхийлөн захирах яам, Гаалийн яам, Шашин төрд туслах сайдын яамыг нэмж байгуулснаар гүйцэтгэх засаглалын тогтолцоо бүрдсэн байна.

“Зарлигаар тогтоосон Монгол улсын Хууль зүйлийн бичиг” хэмээх 65 дэвтэр хууль журмыг боловсруулан баталж, түүгээр 1912-1919 онд төр захиргаа, эдийн засаг, сургууль, гадаад бодлого гэх мэт нийгмийн бүхий л хүрээний харилцааг зохицуулж байв.

Олноо өргөгдсөн Монгол улс ард түмнийхээ үндэсний ухамсрыг сэргээхэд эх түүх, эрдэм боловсрол чухал үүрэгтэйг анхаарч, тухайн үеийн нэрт түүхч Галсандоной тэргүүтэй арваад түүхчдээр 11 дэвтэр “Зарлигаар тогтоосон Монгол улсын шастир” хэмээх бүрэн түүхийг зохиолгон, бага, дунд сургуулиудыг байгуулан, улсаас санхүүжүүлж, 10-15 насны эрүүл хүүхдийг сайн дураар нь хамруулж байв.

Улсын эдийн засаг, санхүү, төсөв, татвар, гааль, гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах дүрэм журмыг шинээр батлан мөрдүүлж эхэлсэн байдаг. Худалдаанд 5 хувийн татвар оноож, архины худалдаанаас 10-15, алт, эрдэнийн чулуунаас 16.5-30 хувийн татвар хурааж байв. Татвар, гааль хураамжаас зайлсхийвэл 10 хувиар торгож, торгуулийн мөнгөний 50 хувийг мэдээлсэн хүнд, хэрэг илрүүлсэн цагдаад 30 хувийг нь өгдөг байсан түүхтэй.

Орост иргэний дайн дэгдэж, Монгол дахь нөлөө нь суларсныг Дундад Иргэн Улс ашиглан 1918 онд цэргийн батальоныг Монголд оруулж, улмаар 1919 онд цэргийн хүчээр цөмрөн орж, Монголын сюзернитетийг устгаснаар Үндэсний хувьсгалын үйл хэрэг түр тасалдсан билээ.  Гэсэн ч 1911 оны үндэсний ардчилсан хувьсгалын шууд үргэлжлэл болж, 1921 онд Ардын хувьсгал ялан мандсан түүхтэй. 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал нь 1921 оны үндэсний ардчилсан хувьсгалын угтал байсан юм.

1921 оны хувьсгалын дараа Хэмжээт цаазат хаант засгийг тогтоон, 1921 оны аравдугаар сард Улсын түр цагийн хурлыг байгуулсан нь Монголын нийгмийн янз бүрийн давхрааны үзэл санаа, хүсэл зоригийг илэрхийлсэн ардчилал, үндэсний нэгдлийн шинжтэй байгууллага байлаа.

Улс орны цаашдын хөгжлийн асуудлаар Монголын удирдагчид өөр өөр санал бодолтой байсныг Ерөнхий сайд Д.Бодоо хэмжээт цаазат хаантай, парламентын Бүгд Найрамдах байгуулалд шилжих, С.Данзан Бүгд Найрамдах улс байгуулах, жанжин Сүхбаатар “тэгш журамт, баян хүчирхэг улс” байгуулах, эрдэмтэн Жамсрангийн Цэвээн хөгжлийн гурав дахь замыг эрэлхийлж байснаар жишээлж болно.

Ардын засаг, Монгол Ардын Нам байгуулагдсан үеэсээ л сонгож байгуулах ардчилсан засгийн тухай үзэл баримталж байлаа. Монголчуудаас Сюй  Шү Жаны хаалган дээр наасан бичигт ”Дэлхий дахины олон гадаад улсын адилаар сонгож байгуулах засаг байгуулах”, “МАН-аас Түмэнд тунхаглан зарлах бичиг”-т ”улсын засгийн эрх мэдлийг авч, сонгуулийг эрхэлсэн гүрэн байгуулбал зохино” хэмээн тусгасан байна.

Ардын засаг төрийг тогтоон, шинэ улс гэрээ эмхлэн цэгцлэх үйл хэрэгт ард түмний итгэл хүндэтгэлийг хүлээсэн, ёс журамтай хүмүүсийг сонгохыг чухалчилж байсан нь 1923 онд баталсан “Монгол Улсын нутгийн захиргааны дүрэм”-д бүрэн тусгалаа олсон байдаг. Уг дүрэмд “Улсын ба аймаг, хошуу, сум, баг, арван гэрийн даргад хүртэл аливаа албан тушаалтан буюу тус бүрийн хурлын төлөөлөгчдийг сонгоход цөм эрхбиш ард олны зовлон зүдгүүрийг нэвтэрхий мэдэх, олны тусыг бодох бөгөөд цэвэр шударга, чадвал бичиг үсэгт боловсронгуй, өөр өөрийн оролдсон явдлыг магадаар бүтээн чадах хүнийг сонговол зохино. Гагцхүү арван гэрийн даргад бичиг үсэгт боловсроогүй боловч төв шударга хүн бол сонгож болно” гээд, албан тушаалтан ба хурлын төлөөлөгчдийг сонгохдоо “…дэмий ноёд баяд ба ураг төрлийг нүүрчлэх, эзэрхэг харгисын сүрээс айх ба эд ашигт шунах зэргээр зусарч бялдууч, ховдог авлигач, хааш яаш хүнийг сонгох зэргийн гэм өдүүлэх аваас сонгосон, сонгогдсон хоёр этгээдийг цөм улсын цаазыг зоримогоор зөрчсөн хууль ёсоор хүндэд яллан, уул тушаалын орыг өөр хүн сонгуулна” гэсэн байдаг. Эдгээр зарчим өдгөө ч чухал ач холбогдолтой хэвээр байгаа юм.

Улмаар 1924 оны арван нэгдүгээр сарын 26-нд  Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах засаглалыг тунхаглан зарласан. Ийнхүү Монгол улс түүхэндээ анх удаа Үндсэн хуультай болж, эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдийн нэгэн адил тэгш эрх олгосон Азийн анхны орон болж, улс орондоо анх удаа парламентат ёсыг Улсын Их Хурал, Улсын Бага Хурал хэлбэрээр буй болгосон нь түүхэн дэвшил байлаа.

Тухайн үеийн үндэсний ардчилсан үзэлтнүүд эдийн засгийн хувьд “бусдыг мөлжихгүйгээр баяжигтүн” гэсэн уриа дэвшүүлж, хүн амын бүх анги давхарга ижил тэгш эрхтэй байх ёстой гэж үзэж байсан юм. Энэхүү бодлогыг “Баруунтан”-ын нугалаа хэмээн хэлмэгдүүлж, “Зүүнтэн”-ий бодлого нэгэн үе хүчээ авсан.

Харин 1932 онд хуралдсан МАХН-ын онц III бүгд хурал Зүүний алдаа завхралыг засах шийдвэр гаргасан нь түүхэнд “Шинэ эргэлтийн бодлого” хэмээн алдаршсан. Энэ бодлогыг хэрэгжүүлж эхэлснээр эдийн засагт таваар-мөнгөний харилцаа хөгжиж, улс төрийн амьдралд ардчилал илт сэргэж иржээ.

1930-1940-өөд онд монголчууд Зөвлөлтийн армийн тусламжтайгаар Халх голд ялалт байгуулж,  дэлхий хоёрдугаар дайнд Зөвлөлтийн эвслийн талд баттай зогсож, дэлхийн дайны төгсгөлд Монголын Ардын арми Дорно дахинд энх тайван байдал тогтооход үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

1943 оны хоёрдугаар сард Ялтад болсон Холбоотон гүрнүүдийн бага хурлаар БНМАУ-ын статус-квог одоо байгаа хилээр нь хүлээн зөвшөөрөхийг Их гүрнүүд дэмжсэнээр 1945 оны аравдугаар сарын 20-нд явуулсан Тусгаар тогтнолын төлөөх санал асуулгад манай хүн амын  98.6 хувь нь оролцож, бүгд нэгэн дуугаар тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрчээ. Ийнхүү БНМАУ албан ёсоор тусгаар тогтносон Бүрэн эрхт улс болсноор дэлхий дахинаа манай улсын нэр хүнд өсөж, 1961 онд НҮБ-д элссэнээр дэлхийн хамтын нийгэмлэгт зүй ёсны байр сууриа эзэлсэн түүхтэй.

1960-1990-ээд онд Монголын ард түмэн их бүтээн байгуулалт өрнүүлж, атрыг эзэмшиж, аж үйлдвэржилтийн эхлэлийг тавьж, зам харилцаа, дэд бүтэц, холбоо мэдээлэл, боловсрол, эрүүл, мэнд, шинжлэх ухааны цоо шинэ тогтолцоо бүрдүүлэн, нийгэм, эдийн засгийн томоохон дэвшилд хүрсэн.

Ардчилсан үзэл монгол нүүдэлчдийн цусанд байсан бөгөөд эзэн Чингис хааны төр улсаа түвшитгэх бодлого, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан 1911 оны хувьсгал, 1921 оны Ардын хувьсгалын үзэл санаа анхнаасаа л ардчилсан суурьтай байсан юм.

Ардчиллын төлөөх энэ үзэл санаа үр хөврөлөө тээсээр 1990-ээд онд нийт нийгмийг хамарч, тэр нь Ардчилсан хөдөлгөөн болон өрнөснөөр 1990 оны цагаан морин жилийн Ардчилсан хувьсгал ялсан билээ. Энэхүү хувьсгал нь Монгол орон хүн төрөлхтний хөгжлийн жам ёсны замд хөл нийлэх, ардчилсан засаглал, зах зээлийн эдийн засгийн харилцааг сонгон, улс орноо цоо шинэ замаар удирдан хөтлөх шинэ ирээдүйг нээсэн юм.

Зуун жилийн өмнө өвөг дээдсийн минь зорьж байсан Үндсэн хуульт байгуулал, засаглалын тогтолцооны үндсэн үзэл баримтлал 70 жилийн дараа 1992 онд баталсан ардчилсан шинэ Үндсэн хуульд дахин тусгалаа олж, өдгөө бид хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоохын төлөө хичээн зүтгэж байна.

Өнгөрсөн зуунд бид тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа сэргээн мандуулахын төлөө тэмцэж амжилтад хүрсэн бол шинэ зуунд Монгол улсаа хөгжүүлж, эдийн засгийн хувьд бие дааж тусгаар тогтносон, цэцэглэн мандсан улс болгон хувиргах ёстой. Бид энэ зорилтыг хэрэгжүүлж байж улс орныхоо тусгаар тогтнолын төлөө амиа хайрлалгүй тэмцсэн өвөг дээдсийнхээ гэгээн дурсгалын өмнө нүүр бардам зогсох эрхтэй болно. 

Эрхэм нөхөд өө,

Шинэ Үндсэн хуулиа батлан мөрдөж эхэлсний 30 дахь жилийн ой шинэ он дөнгөж гарсны дараа тохионо. Өнгөрсөн 30 жилд олсон ололт, туршлага сургамжаа цэгнэн үзсэний үндсэн дээр Үндсэн хуульдаа 2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд нэмэлт, өөрчлөлт оруулж баталсан. Уг нэмэлт, өөрчлөлтийг амилуулан хэрэгжүүлэх үүрэг даалгаврыг УИХ-ын гишүүд та бидэнд ард түмэн минь өгсөн.

Монголын ард түмний сонголтоор сонгогдсон найм дахь парламент сонгодог парламентын засаглалыг тогтоох, цахим парламент болох, ард түмний засаглах эрхийг хангаж, иргэдтэйгээ хамтран хууль баталдаг тогтолцоог бүрдүүлэх, парламентын боловсролыг иргэддээ түгээх, парламентад сахилга, хариуцлага, ёс зүйг хэвшүүлэх зэрэг чиглэлээр хичээн зүтгэж байна.

Парламент хууль батлахын зэрэгцээ түүний биелэлтэд эн чацуу анхаардаг болох сонгодог парламентын хөгжлийн дараачийн шинэ үе шат хэдхэн хоногийн өмнө баталсан Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулиар эхэлж байна.  

Эрх зүйн хувьсгалыг Эдийн засгийн, Нийгмийн бодлогын хувьсгалтай хамтатган өрнүүлэх ёстой гэж бид үзэж байна.

Бидний өвөг дээдэс тэртээ 100 гаруй жилийн өмнө эдийн засгийн хувьд бие даасан байдлаа хангахыг эрхэмлэн чухалчилж байсныг бид ч үргэлжлүүлэх учиртай. Хөгжлөө тэтгэх эдийн засаг, өсөлтийн үр өгөөж нь иргэддээ, айл өрх бүхэндээ хүрэх боломж нөхцөлийг хангасан Эдийн засгийн хувьсгал хийх цаг нэгэнт болсон. Уул уурхайд түшиглэсэн ганц тулгуурт эдийн засгаа дор хаяж 2-3 тулгууртай болгоход Эдийн засгийн хувьсгал, Шинэ сэргэлтийн бодлого чиглэж байна.

Нийгмийн бодлогын хувьсгал Халамжаас хөдөлмөрт шилжих тулгуур зарчимд суурилж, монгол хүнээ дэлхийн түвшний боловсролтой болгож, эрүүл Монголыг төлөвшүүлэхэд чиглэх ёстой гэж үзэж байна. Үйлдвэрлэлийг хөгжүүлж, иргэн бүхэн хөдөлмөрлөж байж, улс орон хөгжинө. Ажилтай хөдөлмөртэй иргэн байхын тулд боловсрол мэдлэг эзэмших ёстой. Энэ зорилгоор Боловсролын шинэчлэл хийхээр бид зорьж байна.

Эрүүл монгол хүн л ихийг бүтээж, эх орноо хөгжүүлж чадна. Эрүүл мэндийн салбарыг иргэндээ ээлтэй, чадварт суурилсан, шинжлэх ухааны ололт, шилдэг тоног төхөөрөмжөөр хангагдсан, хүн бүхэнд хүрч үйлчлэх зөв тогтолцоотой болгон хөгжүүлэх эхний алхмуудыг хийж эхлээд байна.

Ийнхүү Эрх зүйн, Эдийн засгийн, Нийгмийн бодлогын гурван хувьсгал хийх нь Монгол орон сэргэн мандах, хөгжин дэвших түлхүүр хүчин зүйл болно гэдэгт итгэлтэй байна.

1911 онд бидний эцэг дээдсийн асаасан эрх чөлөөний гайхамшигт бамбар Монголын ард түмний ирээдүйг заасан гэрэлт цамхаг болж, гадаад, дотоодын түмэн бэрхшээлийн дундуур буурал түүхийн нугачаанд бүтэн зууны турш зүтгэж, унаж босож, алдаж онож явсаар өнөөгийн энэ цагт хүрсэн гэдгийг бид мартах учиргүй.

Улс орныхоо тусгаар тогтнолыг сэргээн мандуулсан энэ өдрийн ач холбогдол нь эх орны маань тусгаар тогтнол, мандал бадралын төлөө амь, биеэ огоорон зүтгэсэн үе үеийн эх орончдын алдар гавьяаг санан дурсаж, эрх чөлөөт эх орноороо бахархах явдал билээ. Наймдугаар Богд Жибзундамба хутагт, Эрдэнэ дайчин хошой чин ван М.Ханддорж, Да лам Д.Цэрэнчимид, Сайн ноён хан Т.Намнансүрэн нарын 1911 онд эхлүүлсэн Үндэсний эрх чөлөөний хувьсгалын түүчээг С.Данзан, Д.Бодоо, Д.Сүхбаатар, X.Чойбалсан, Д.Чагдаржав, Д.Догсом, Д.Лосол нарын хувьсгалчид үргэлжлүүлэн 1921 оны Ардын хувьсгалыг ялалтад хүргэж, үе үеийн эх орончдын олон арван жилийн уйгагүй тэмцлийн үр дүнд өнөөгийн тусгаар тогтносон, бүрэн эрхт, ардчилсан Монгол Улс бүрэлдэн бий болж, Та бид эрх чөлөөт иргэдээ төлөөлөн энд сууж буй гэдгээ хэрхэвч мартаж үл болно.

Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан энэ өдрийг тэмдэглэхийн утга учир нь алдар гавьяатай өвөг дээдсээрээ бахархахаас гадна өнөөгийн залуу үеийг эх орон, тусгаар тогтнол, эрх чөлөөгөө үнэлэн цэгнэж, бахархан дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, тэднийг хүнлэг, энэрэнгүй, хөгжин дэвшсэн нийгмийг цогцлооход хувь нэмрээ оруулах эрмэлзэлтэй ШИНЭ МОНГОЛ иргэн болгон төлөвшүүлэхэд оршино.

Зуун арван жилийн тэртээ өвөг дээдэс маань хувьсгал хийж, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан. 1921 онд үндэсний ардчилсан хувьсгал хийж, шинэ ирээдүйн замыг тэгшилсэн. Гучин жилийн өмнө хүний эрх, эрх чөлөө, ардчиллыг сонгож, Ардчилсан хувьсгал хийсэн. Зуун арван жилийн дараа бидний хийх хувьсгал зөв бодлого, тууштай хүчин зүтгэл, Нэг Монгол Нэг зүгт харж, хүчээ нэгтгэсэн итгэл тэмүүлэл, эвийн хүчээр өрнөх ёстой.

Тиймээс ард түмний засаглах эрхийг бүрнээ эдлүүлсэн эрх зүйт тунгалаг төр, улсын хөгжил, иргэдийн сайн сайхан амьдралыг тэтгэсэн хөгжлийн эдийн засаг, хүний хөгжил, бүтээлч хөдөлмөрийг эрхэмлэсэн шударга нийгмийг хамтдаа цогцлоохын төлөө нэгэн сэтгэлээр хичээн зүтгэхийг нийт Монгол түмэндээ уриалъя.

Өөрийн эрхээр амьдрах эрх чөлөө, өөртөө эзэн суух тусгаар тогтнолыг бидэнд авчирч өгсөн өвөг дээдэстээ мэхийн мөргөе.

Монгол Улс минь мөнх оршиж, ямагт бадран мандах болтугай.

 

 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Э(66.181.161.101) 2021 оны 12 сарын 29

Энэ яавч монгол улсыг хөгжүүлэх биш ухраахад ажиллаж байгаа хүн дээ.

0  |  0
Юу хүсээд байна аа(66.181.191.61) 2021 оны 12 сарын 29

Хэмжээгүй эрхт хаант төртэй гэх сүржин дагуул улс л байсан биздээ ккк. Сонгодог парламеттай улс байх уу? хаант засаг хүсээд саналзаад байна уу? Нэг л ойлгомжгүй?! Түүхийн буруу зөвийг өнөөдөр шүүх гээдч байгаа мэт юу ярьдаг эрхэмүүд вэ?унагнаас хүүхэд төрүүлээд ,10 гаруй жилийн өмнө үхсэн хүнтэй уулзаад байгаа мануус хэдэн зуун жилийн өмнө болж өнгөрснийг шүүгээд зөв болгож бара уу? ккк

0  |  0
Ооркийн сэтгэлгээ нэ(66.181.191.61) 2021 оны 12 сарын 29

нэртэйгээр нь одоо Түвд лам залж ирүүлээдд хаан болгочихоод 100 лан мөнгө,ижиг луусаа дуулвал яасан юм

1  |  0
zochin(64.119.19.144) 2021 оны 12 сарын 29

zandanshata chi end ih janjin hatanbatar boogoi bas damdin janjin martaad baina 1 bogd baigaguildee.

0  |  0
zochin(64.119.19.144) 2021 оны 12 сарын 29

mongol hun nutagt neg tort ber ebeln goimonidehde neg muuhai tuba tod boo zairna asuj zobshorol abdag bolje.echi ondor tim hool diehgui chi tiim gutal onsohgui geel. bid bool bsihe bi bool bishee bi uuchure zurhai hiih geed bool bishe. uuhai

0  |  0
zochin(64.119.19.144) 2021 оны 12 сарын 29

bidni mongolchuda olson buh mongo olz shigig neg muuhai tobd tuba zahirah boljee. uhai uuhai.

0  |  0
zochin(64.119.19.144) 2021 оны 12 сарын 29

dash endon hoit solongos north korea hajigam geele.shu.dash endong nord korea zaj ogod mongoa bildaa. onodor mongol boolin zasag garjee uuchure bool zasga boljee.zurhai uuchure bool boljee. bidni haarh nudig neg muhia tobd tuba boo uuchure zurhai ih budeguuljina.mongol nuta tuba tobd reket mori zaiald ogoo.

0  |  0
zochin(64.119.19.144) 2021 оны 12 сарын 29

dash endon bol dambijaa muu umhi tuba tobd hulgai mon shuu. dahs endon budja ald.ardchilsan ulsa tunhaglah bolnoo. dambijaa hsihigee shigel umhi reekt mongol nutag tonoj duusjilaa. mash olon uda ard tuemenihe hamag mongo hulagilj deremduslen imel zasag mongol baihgis hdee.yun bogd hana bee ene chin hatanbatar tsereg shdee.chi negaprtisnai aldar yalatig uguisgeh demil shuu.

0  |  0
zochin(64.119.19.144) 2021 оны 12 сарын 29

dashendon bol urbasna muuhai tobd tuba humus shdee .dashendon ustagh hergeti budaj aldag shuu. dash endon urbasna hulgaicha. ardchilsna 31 jild mongol buhel mongo ehdne rekt deremduled zodulj hulgaid aldad duusjilaa.

0  |  0
zochin(64.119.19.144) 2021 оны 12 сарын 29

mongol nutagtardchial garad 31 jil bolhdo ugegeui jaduu suulde shirilank yaduu amdaral bolje.eimel baidga shde 31 jil mash olon hadgaalmj horshond mongo deremduled.ih olon jil mongol nutag reket mongo huraasan abs der olson buh mongo hulgai luiabrdaja bdag humuus udahgui muuga uzueh bolnoo.

0  |  0
zochin(64.119.19.144) 2021 оны 12 сарын 29

chi neh zandanshatar chi neeh ebguil shde partisani zasag hundelehgui geel bogd hanat asga geed yu bolhin bee adilhan hatanbaatra partisnai zasag shdee.medjinuu damdinsuren ih janjini zasga bolhos neg muu tuba tobd lamaha zasag bsohel dee.partisnai gabjag darah gutaha ged demildee.

0  |  0
Top