Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж Журам батлах тухай, Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай тогтоолын төслүүдийг УИХ-ын даргад өргөн барилаа.
Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталж, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журам, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгогчдын саналаар эгүүлэн татах журам, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журмыг тус тус Улсын Их Хурал батлахаар тус тус хуульчилсан.
Тогтоолын төсөл нь 2 заалттай. 1 дэх заалтаар “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлаар иргэдийн санал авах журам”-ыг 1 дүгээр, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгогчдын саналаар эгүүлэн татах журам”-ыг 2 дугаар, “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журам”-ыг 3 дугаар хавсралтаар тус тус батлахаар, 2 дахь заалтаар тогтоолын төслийг дагаж мөрдөх хугацааг тусгасан байна.
Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай тогтоолын төсөл
Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас үүдэлтэй дэлхий дахинд нийгэм, эдийн засгийн хүндрэлүүд үүсч байгаатай адил Монгол Улсын эдийн засаг, нийгэм, төсөв, санхүүгийн нөхцөл байдал өөрчлөгдөөд байна. Энэхүү нөхцөл байдалтай холбоотойгоор “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Санхүүжилтийн эх үүсвэр шийдвэрлэгдсэн, шийдвэрлэх шаардлагатай төсөл, арга хэмжээний болон техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах шаардлагатай төсөл, арга хэмжээний жагсаалт, хэрэгжилтийн шалгуур үзүүлэлт бүхий Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-т туссан төсөл, арга хэмжээний хэрэгжилт удаашрах, санхүүжилт саатах зэрэг хүндрэлүүд үүсээд байна.
Тогтоолын төсөл нь 5 заалттай байх бөгөөд тогтоолын төслийн 1 дэх заалтаар “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Санхүүжилтийн эх үүсвэр шийдвэрлэгдсэн, шийдвэрлэх шаардлагатай төсөл, арга хэмжээний болон техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах шаардлагатай төсөл, арга хэмжээний жагсаалт, хэрэгжилтийн шалгуур үзүүлэлт бүхий Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг шинэчлэн батлах, 2 дахь заалтаар хөтөлбөрт тусгагдсан төсөл, арга хэмжээний санхүүжилтийг тухайн жилийн улсын төсөвт тусгаж байхыг даалгах, 3 дахь заалтаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгох, 4 дэх заалтаар тогтоол батлагдсантай холбогдуулан хүчингүй болгох эрх зүйн акт, 5 дахь заалтаар тогтоолыг дагаж мөрдөх хугацааг тусгажээ.
Сэтгэгдэл ( 0 )