Н.Алтанхуяг: Чуулган эхлэхийг 40 минут хүлээлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 07

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Долоо хоног бүрийн баасан гарагийн үдээс хойших хуралдаанаар цөөнхийн бүлгийн сонирхсон сэдвээр Ерөнхий сайд болон сайд нар мэдээлэл өгдөг.

Энэ долоо хоногт “Иргэдийн сурч боловсрох эрхийг хангах, хичээл, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах арга хэмжээний талаар” Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өгч байна. 

Тэрбээр "Сурагчид 2019-2020 онд танхимаар хичээллэх нийт өдрийн 74 хувь, 2020-2021 оны хичээлийн жилд 62-68 хувийг зайн болон цахим хэлбэрээр явуулсан. Улсын хэмжээнд хийсэн судалгаагаар цэцэрлэгийн сурагчдын хоцрогдол 50.3 хувь, суурь боловсрол 36.4 хувь, бүрэн дунд боловсрол 36 хувьтай байна. Тэд эзэмших ёстой мэдлэг чадварынхаа дөнгөж 40-50 хүрэхгүй хувийг эзэмшиж байна. 

Сургалтыг цахимд шилжүүлсэн үед эрчим хүч, техник хэрэгслийн хүртээмжгүй байдлаас улсын хэмжээнд 178 мянган хүүхэд теле болон цахим сургалтад хамрагдаж чадаагүй. Энэ нь биднийг цахим сургалтаас гадна өөр хувилбартай болох ёстойг харуулж байна. Цахим сургалтын чанар хангалтгүй байгааг улсын хэмжээнд хийсэн судалгаанаас харж болно. Гуравдугаар ангийн сурагчдын хувьд нэг хичээлийн жилийн хичээлтэй тэнцэхүйц  хоцрогдол үүссэн. Хичээлийн хоцрогдлыг нөхөхөд гурван жил ч багадаж магадгүй.

Цахим контент бэлтгэх, цахим хичээлийн санг бүрдүүлэх, баяжуулах, сургалтад мэдээллийн технологийг бүрэн ашиглах, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн үед хичээл, сургалтын бэлэн байдлыг хангах зорилгоор улсын төсвийн 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар аймаг нийслэлийн боловсролын газар, ерөнхий боловсролын 45 сургуульд цахим контент бүтээх, бичил студи байгуулах ажлыг эхлүүлээд байна. Түүнчлэн хичээл, сурлагын хоцрогдол нөхөх, арилгах арга хэмжээг хэрэгжүүлэхэд 2021-2023 онд нийт 373 тэрбум төгрөг шаардагдана" гэв. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "УИХ унтаа байдлаасаа гараач ээ. Өнөөдрийн хэлэлцэж байгаа асуудлыг арваннэгдүгээр сард буюу зургаан долоо хоногийн өмнө сонсох ёстой байсан ч цаг үеэсээ хоцорсон байхад хэлэлцээд сууж байна. Чуулган эхлэхийг 40 минут хүлээлээ. Ардын намынхан олонх болсон юм бол ирцээ бүрдүүлэл дээ. Л.Энх-Амгалан ингэж гурилдах хэрэг байна уу. Өнөөдөр омикрон яриад сууж байх ёстой байтал цаг үеэсээ хоцорсон асуудал яриад байх юм. Би зургаан долоо хоногийн өмнө өнөөдрийн сэдвээр асуултаа бэлдсэн байсан, одоо надад тэр асуулт байхгүй байна. Тэгээд гишүүдэд өгсөн мэдээллээс өөр юм уншчихаад материалаа сольсон гэх юм" гэж байр сууриа илэрхийлэв. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top