“Омикрон” тээгч хэр хугацаанд бусдыг халдварлуулах вэ?

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 14

АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, “омикрон” хувилбарын халдвар тээгч хэр хугацаанд бусдад халдвар тараах чадвартай нь одоогоор тодорхойгүй байгаа ч урьдчилсан мэдээллээс үзвэл халдвар авснаас нэг хоногийн дараа бусдад халдвар тарааж эхэлдэг байна.

Ковидоор өвчилсөн хүмүүст шинж тэмдэг илрэхээс өмнө болон илэрснээс хойш хэд хоногийн хугацаанд халдвар тараах чадвартай байдаг гэнэ. Гэвч энэ цонх үе “омикрон” хувилбарын хувьд илүү эрт эхлэх аюултай гэж шинжээчид онцолжээ. Учир нь “омикрон” халдварын үед өмнөх хувилбаруудыг бодвол шинж тэмдэг нь илүү богино хугацаанд буюу халдвар авснаас хойш гурван хоногийн дотор илэрдэг байна.

Өмнөх хувилбаруудын үед халдвар авснаас хойш 2-4 хоногийн дараа халдвар тараах чадвартай болж, энэ чадвар нь 2-3 хоног үргэлжилдэг байжээ.

Харин шинж тэмдэггүй өвчтөнүүдийн бие дэх вирусний хэмжээ харьцангуй бага байдаг тул тухайн өвчтөн халдвар тараах чадвартай эсэх, ийм чадвартай бол хэр удаан үргэлжилдэг эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Гэсэн хэдий ч шинж тэмдэггүй өвчтөнүүд дор хаяж таван хоног өөрийгөө тусгаарлах ёстой гэж АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв зөвлөжээ. Харин шинж тэмдэг илэрсэн өвчтөнүүд биеийн халуун буурснаас хойш дор хаяж 24 цаг өөрийгөө тусгаарлах ёстой гэнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top