Төрийн албаны зөвлөлийн гишүүнд Ц.Амартөгсийг томилов

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 14

УИХ-ын чуулганы хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн гишүүнд Ц.Амартөгсийг томиллоо. 

Уг асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар дэмжиж, чуулганаар хэлэлцсэн билээ.  

Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах комисс Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах мэдээллийг хэвлэл мэдээллээр долоо хоног нээлттэй зарлаж, найман хүн материал ирүүлснээс журмын шаардлага хангасан таван оролцогчийг бүртгэж үнэлгээ өгөхөд Ц.Амартөгс нь хамгийн өндөр үнэлгээ авчээ.

Иймээс комиссын тайлан, холбогдох материалуудыг Байнгын хороонд хүргүүлж, хамгийн өндөр үнэлгээ авсан Ц.Амартөгсийг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлэх саналаа Байнгын хороонд уламжилсан байна.

Ийнхүү чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Ц.Амартөгсийг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилов. 

Нэр дэвшигч Цэнддаваагийн Амартөгс нь 1994-1998 онд Хөдөлмөрийн дээд сургуулийг хөдөлмөрийн эдийн засагч, менежер мэргэжлээр төгсөж, 2001-2003 онд МУИС-ийн Эдийн засгийг сургуульд бизнесийн удирдлагын магистр, 2005-2006 онд Австралийн Флиндерсийн Их суруульд төрийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан, 2021 оноос МУИС-ийн докторантаар суралцаж байгаа аж.

Тэрээр 1998-2000 онд Хөдөлмөр зохицуулалтын газарт мэргэжилтэн, 2000-2012 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд мэргэжилтэн, газрын орлогч дарга, 2012-2015 онд мөн яаманд хэлтсийн дарга, 2015-2020 онд Хөдлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлого зохицуулалтын газрын даргаар ажиллаж байжээ. Харин 2020 оноос Төрийн албаны зөвлөлийн Захиргаа, удирдлагын газрын дарга, Ажлын албаны даргаар ажиллаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top