УИХ-ын өнөөдрийн /2022.01.18/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар БОАЖ-ын сайдад Б.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлж, томилох тухай асуудлыг УИХ-д танилцууллаа.
Үүнтэй холбогдуулан нэр дэвшигчээс УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.
Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Яагаад Сайд, Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга гурвыг чөлөөлөв гэдэг асуудал байна. Энэ асуудал цаашдаа жишиг болоосой гэж бодож байна. Тэгэхгүй бол Сайддаа захирагддаггүй Дэд сайд, Дэд сайддаа захирагддаггүй Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн нарийн бичгийн даргадаа захирагддаггүй газрын дарга, хэлтсийн дарга байна. Энэ байдалд дүгнэлт хийх цаг болсон. Сайдаа дэмжиж хамтарч ажиллаж чадаагүй Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга үлдэх нь утгагүй. Хэт халаа сэлгээ хийгээд дэмий байх гэдэг өнцгөөр хандаж ирсэн. Одоо бол чадаж байгааг нь дэмжиж, чадахгүй байгааг нь халж, сэлгээд явахаас өөр замгүй. Би ЗГХЭГ-ын даргаар хоёр жил ажилласан. Эхний нэг жил нь давхар дээлтэй танхимд ажилласан. Сэтгэлтэй ажлаа хийж байгаа сайд нараа харж байна. Салбартаа хүлээн зөвшөөрөх, улс төрд өөрсдийгөө илэрхийлэх сул талтай сайд нар байна. Тойрог гээд алга болдоггүй давуу тал ч байна. Би бүрэн эрхийнхээ хэмжээнд л ажиллах ёстой. Өнөөдрийн ажиллаж байгаа Засгийн газар цар тахлын хэцүү үед ажиллаж байна. Энэ нь сайд нарыг илүү хүчгүй харагдуулж байхыг ч үгүйсгэхгүй. Энгийн үед байсан бол өөр байхыг ч үгүйсгэхгүй. Манай улс цаашид сонгодог парламентын засаглал чиглэлд явах ёстой гэж боддог. Гишүүдийн тоог нэмж, холимог тогтолцоо ч орж ирэх ёстой.
БОАЖ-ын сайдад нэр дэвшигч Б.БАТ-ЭРДЭНЭ: Утаа бол ганцхан яндантай холбоотой асуудал биш. Дөрвөн хүчин зүйлээс шалтгаалдаг. Нэгт бол яндан, Хоёрт, авто машин. Гуравт, цахилгаан станц. Дөрөвт, тоос болон шороо байна. Шахмал түлшний үйлдвэр дээр технологийн шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай.
УИХ-ын гишүүн Ж.ГАНБААТАР: Шууд л үгээ хэлье даа. Даргыг мэднэ л дээ. "Пи ар"-аа багасгаарай. Яг ажлаа хийгээрэй, таныг харж байхад пи ар чинь хэт их шүү. УИХ-д ажлаа тайлагнадаг ажил шүү. Сайд болж байгаа хүн хуулиа уншина биз дээ. Хэт сошиалаар ажлаа хийхэд иргэд хүлээлттэй болдог. Утааны хувьд хэлэхэд саяхныг хүртэл гаргалаа байхгүй гэж ярьдаг байсан. Гэтэл У.Хүрэлсүхийн үед утааг байхгүй болгодог гэдгийг мэдсэн. Тэр ажлаа л дуусгах хэрэгтэй шүү.
Сэтгэгдэл ( 0 )