Н.Наранбаатар: Намрын чуулган 75 удаа хуралдаж, 243 асуудал хэлэлцлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 01 сарын 20

УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулган өнгөрсөн мягмар /2022.01.11/ гарагт хаалтаа хийсэн. 

Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Наранбаатар "УИХ-ын 2021 оны намрын чуулган ажлын 75 өдөр чуулж, Байнгын хороо 97 удаа, Дэд хороод 9 удаа, нийт 111 удаа хуралдаж, 243 асуудал хэлэлцэж шийдвэрлэлээ. Анхдагч болон шинэчилсэн хуулийн найруулга 16, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 234 хууль, олон улсын гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 5, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 6, УИХ-ын 39 тогтоолыг хэлэлцэж баталлаа.

Миний бие УИХ-ын гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэн намрын чуулганы хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулийн төслийг санаачлан хамтран ажилласан гишүүдийн хамтаар УИХ-аар батлуулсан. 

Монгол Улсын хилийн боомтын удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох талаар судалж, санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж, Монгол Улсын Хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд холбогдох өөрчлөлтийг оруулан УИХ-аар батлууллаа.

Хуульд өөрчлөлт оруулснаар боомтын хөгжлийн асуудлыг төлөвлөх, орон сууц, цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус болон бусад дэд бүтцийг хариуцаж, боомтын хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэх, хилийн боомт дахь төрийн өмчийн бүртгэл, хяналтыг хариуцах чиг үүргийг Хилийн боомтын захиргаа хэрэгжүүлэх эрхтэй болсон.

Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, Оюу толгой төслийн гадны хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийх, төслийг тохирох, эцэслэн шийдвэрлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллаж, УИХ-ын тогтоолын төсөлд ус ашиглалтын талаарх нэмэлт оруулах зарчмын зөрүүтэй саналыг гаргаж батлуулсан.

Мөн Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж, ажилласнаар намрын чуулганыг өндөрлүүлж байна" хэмээн цахим хуудаснаа бичжээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өм(192.82.89.94) 2022 оны 01 сарын 20

худал мөн хусах юмдаа. хууль санаачлах. боловсруулах мэдлэг бий юу?

0  |  0
Top