Сүүлийн үед ОХУ-ын Тувад коронавирусний халдварын тоо эрс нэмэгдэж байна. 2022 оны эхний 14 хоногт өдөрт 13-14 тохиолдол илэрдэг байсан бол энэ долоо хоногоос хэд дахин өсчээ. Өчигдөр Тувад 83 шинэ тохиолдол бүртгэгджээ.
Одоогийн байдлаар Тувад эмнэлгийн орны 22 хувь л чөлөөтэй байгаа юм. Тиймээс халдварыг зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор хэд хэдэн арга хэмжээ авлаа. Юуны өмнө Цагаан сар, олон нийтийн арга хэмжээг цуцалсан. Хичээл сургуулийг зайнаас оруулах асуудлыг хэлэлцэж байна. Мөн бас нэгэн санаа зовоосон асуудал нь хорих газрууд болоод байна. Шоронд халдвар нэг гарвал зогсооход тун хэцүү.
Тиймээс Тувагийн Онцгой штабаас хоригдлуудад чөлөө өгөх, хорих газрын нутаг дэвсгэрээс гадна ажил хийх, гарахыг хориглолоо. Урт болон богино хугацааны уулзалт, эргэлтийг зогсоолоо. Өмгөөлөгчтэйгээ богино хугацаанд уулзаж болох ч шилэн ханаар тусгаарлагдсан өрөөнд эмнэлгийн халат, малгай, амны хаалт, бээлий зэрэг ариутгал, хамгаалалтын хэрэгсэл ашигласан тохиолдолд л зөвшөөрөх юм.
Хорих газраас илгээмж хүлээн авахаа болиогүй ч ирсэн бүх илгээмжийг ариутгасны дараа эзэнд нь өгөх гэнэ.
Онцгой штабаас хоригдогчдын гэрбүлд хандан, хамгаалалалтын энэхүү арга хэмжээг ойлгон хүлээж авахыг уриалсан байна.
Сэтгэгдэл ( 0 )