Д.Пүрэвсүрэн: Чулуу сонгосон хүний баярласан сэтгэлд баясдаг

2022 оны 01 сарын 28

Урин хавар хаяанд ирж, Сар шинийн өдрүүдийг хоног тоолон хүлээж байгаа билээ. Монголчуудын мэндлэх, хүндлэх ёсны илэрхийлэл болсон хөөрөгний зан үйлийн талаар хөөрөг урлаач, уран дархан Д.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.


-Сар шинэ хаяанд ирж иргэд хөөрөг сонирхох нь элбэг байна. Та нэг хөөрөг урлахад ойролцоогоор хэр хугацаа зарцуулдаг вэ?

-Иргэдийн захиалж буй хөөрөгний хийц, ураас шалтгаалж хөөрөг бүтэх хугацаа харилцан адилгүй байдаг. Тиймээс ямар нэгэн хугацаа хэлэх боломжгүй гэсэн үг. Хөөрөгний чулуу бүхэн өөр өөрийн гэсэн увдис, онцлог, тогтоцтой байдаг л даа. Бид нүүдэлчин соёлтой учир байгалийн чулууг эмчилгээнд хэрэглэж, байгаль дэлхийтэйгээ ойр явж ирсэн эртний уламжлалтай.

Тухайлбал, усан болорыг ертөнцийн тойрог гэж үздэг тул нүдний хараанд сайн байх жишээтэй. Хар халтар манан хөөрөг эд баялаг, эд чадлыг илэрхийлдэг гээд чулуу бүрийн онцлогийг харгалзан үзэж манайхан захиалга өгдөг.

-Хөөрөгний хийцийн талаар дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу ?

-Хөөрөгний хийцийг бадынх нь тоогоор үнэлдэг. Бад гэдэг нь хөөрөгний хоёр талын бөөрөнд байх мөрийг хэлдэг. Хөөргийг үнэлэхдээ бадынх нь тоогоор хэмжиж болдог юм. Жишээлбэл, хуучны хөөрөг гол төлөв зургаан бадтай байдаг бол найман бадтай хөөргийг их өндрөөр үнэлэн, сайн чулуугаар хийж, ноён хүн хэрэглэдэг байсан гэдэг. Үүнээс гадна хөөрөгний хийцийг чулууны онцлог, чанараас шалтгаалан тодорхойлно.

Хаш чулуу гэхэд барын цагаан гэсэн хийцтэй. Энэ нь хаш чулууны онцлогт тохируулан хавтгайдуу хэлбэрээр урлахыг барын цагаан хийц гэж нэрлэдэг. Харин манан хөөрөг бага зэрэг цүдгэр, бандгар хэлбэртэй байх жишээтэй. Өөрөөр хэлбэл чулууны онцлогоос хамааран зүсэлт нь ондоо байдаг. Мөн чулууны хальсан дээр сийлбэр бий. Сийлбэр дээр эртний онгод шүтээн, бэлгэдлийн морь зэргийг шингээдэг байж.

-Таны уран дархан болсон нь удам дамжсан гарын уртай холбоотой юу. Удам дамжсан, өвлөж авсан уран дархны авьяас байсан уу?

-Аав, ээжийн хоёр талын удамд уран гартай дархан хүмүүс байсан. Ээж маань гар урлалын үйлдвэрт насаараа чимэглэгч хийсэн хүн байдаг. Монголын үе үеийн мундаг дархчуудын дунд бага нас минь өнгөрсөн учир энэ салбарт ажиллахад ихээхэн нөлөө үзүүлсэн. Мөн миний багш Монгол Улсын начин, Алдарт уяач, Их дархан Г.Ганхүү гэж хүн бий. Энэ хүн монгол ёс заншлын гурван үеийг тээж яваа гайхалтай хүн юм. Их хувь заяагаар сайхан багшдаа шавь орж дархан болсон.

-Байгалийн чулуугаар хөөрөг урлах ажил танд хэр зэрэг сэтгэл ханамж өгдөг вэ?

-Дуртай юмаа хийнэ гэдэг мэдээж сайхан байлгүй яахав. Хайрын бэлгэдэлтэй чулуу хүртэл байдаг болохоор ажлаа хийхдээ үргэлж сэтгэл дүүрэн байдаг. Ягаан болор, ягаан хаш гэсэн хайрын бэлгэдэлтэй гоё чулуунууд бий. Бүтээсэн бүтээл минь бахархууштай, дахин давтагдашгүй байна гэдэг их сайхан.

-Сар шинийн баяр дөхөөд ирэхээр хүмүүс ихэвчлэн ямар хөөрөг захиалдаг вэ?

-Хүмүүст сонин санагдаж магадгүй. Энэ ертөнцийн эрдэнийн чулууд хоорондоо мэндэлдэг гэж үздэг. Монголчуудын мэндлэх хүндлэх ёс баялаг түүхтэй учир сар шинийн баяр дөхүүлээд хүмүүс аав, ээж, эмээ, өвөөгийнхөө хөөргийг засуулж сэлбүүлэх гэж их ирдэг юм. Ихэвчлэн өвөг дээдсийнхээ үлдээсэн хөөргийг засаж сэргээлгэж хэрэглэх нь түгээмэл болсон.

Хөөрөг нуух, халбага, толгой, их бие гэсэн хэсгээс бүрддэг. Үүнтэй холбоотой “Хөөрөгний сайхан нь толгойдоо, хүүхний сайхан нь гэзгэндээ” гэсэн хэлц ч бий. Энэ бүх хэсгүүдийг нь тэнцүүлж өв тэгш авч явах гэж засуулах хүн олширсон.

-Тэгвэл хөөрөгний бүрдэл хэсгүүдээс нь тайлбарлаач?

-Хөөрөгний халбагыг зааны соёогоор хийх нь бий. Энэ нь амар амгаланг бэлгэддэг. Арай хямд хөөрөгний халбагыг тэмээний шилбээр хийдэг. Зааны соёоны хувьд маш бат бөх, нягт палантай байдаг. Мөн арслан зааны олдвороос үлдсэн соёо Якутаас их ирж байна. 

-Жинхэнэ байгалийн чулууны эдэлгээ хэр удах вэ?

-Энергийн хууль гэж бий. Өвөг дээдсийн хэрэглэж байсан хөөрөг гэхэд тэр хүний сайхан сэтгэл, уужуу тайван ухаан зэрэг эерэг зүйлс нь холбоотой байх нь элбэг. Ааваас, өвөөгөөс магадгүй түүнээс дээш удам дамжиж үлдсэн хөөрөг байдаг. 300 жил гар дамжиж энерги шингээсэн хөөрөг гэдэг бол гайхалтай. Мөн хүний гар хамгийн өглөгч эрхтэн, үргэлж халуун дулаан байдаг учир тэр их хэмжээний эерэг энерги удам дамжиж явах нь ерөөл буян болно. Хөөрөг удах тусмаа үнэ цэнтэй болдог. Оюу чулуу гэхэд хүний биеэс ялгарсан тос шингэх тусам өнгө нь улам тодордог. Удаан хэрэглэсэн оюу хар ногоон өнгөтэй болж хувирна. Гэхдээ энэ чулууг ихэвчлэн хөөрөгний толгой өндөрлөхөд хэрэглэдэг. Толгойг нь өндөрлөсөн хөөргийг лам толгойтой гэж нэрлэж байх жишээтэй.

-Хөөрөгний бүрэлдэхүүн хэсгээс хамгийн үнэтэй нь аль нь вэ?

-Мэдээж хөөрөгний толгойн шүр үнэ цэнийг илтгэдэг. Энэ шүр нь далайнх байдаг учир маш үнэтэй. Ямарваа нэг байгалийн зүйлс хэмжээ хязгаартай байдагчлан далайн шүрний нөөц багасч байгаа тул сүүлийн хэдэн жил үнэ нь их өссөн. Тайванийн шүрний нөөц дууссан гээд бодохгүй юу. Шүр байгаа далайн ус их цэнгэг байна гэлцдэг. Тэр ч утгаараа Японы Окинава арлын далайн ус цэнгэг гэдгээр алдартай. Шүрний хувьд хүний хараа булаахаас гадна цусны эргэлтэд сайнаар нөлөөлөх шидтэй. Нөөц нь эрс багассанаас үүдэн сүүлийн гурван жилд үнэ нь гурав дахин өслөө.

Нэг грамм нь гэхэд л дэлхийн зах зээлд дунджаар 100-1000 ам.долларын ханштай болж өссөн. Тиймээс ирээдүйд олон жил эдэлсэн, хийц сайтай хөөрөг асар өндөр үнэд хүрэх төлөвтэй байна. Үнийг нь тогтоохдоо граммаар хэмжихээс гадна өнгийг нь шинждэг. Цагаан цайвар өнгөтэй нь харьцангуй хямд ба өнгө нь улаан болж тодрох тусам үнэ нь өсдөг. Цусан улаан өнгийн шүр хамгийн үнэтэй бөгөөд нунтаг нь цусны өвчтэй хүнд чухал эмчилгээ болдог.

-Хөөрөгний талаар анхан шатны мэдлэггүй, шинээр худалдан авах гэж буй хүмүүст зөвлөгөө өгөөч?

-Дэлхий нийтэд үнэт чулуун эдлэл сонгох жишиг бий. Үүнээс хамгийн чухал нь ямар нэгэн хагарал, өө сэв байх ёсгүй гэдэг дүрэм юм. Монголчууд хөөрөг, үнэт эдлэл хагарах юм бол амьдралд сэвтэй гэж үздэг. Үүн дээр нэмэгдэх чухал зүйл нь ур хийц байдаг. Дотор тал нь гадна тал шигээ өнгөтэй байх, хөөрөгний ам нь цэвэрхэн, гуурс нь нарийн гэх мэт шаардлагуудыг хангах хэрэгтэй. Өөрийн гэсэн донжтой төгс төгөлдөр хийцтэй байх нь урласан хүний сэтгэлийг илэрхийлнэ.

-Таримал чулуу, байгалийн чулуу хоёрыг яаж ялгах вэ?

-100 сая жилийн өмнө агаар мандлын ислээс үүссэн чулуу бол дахин давтагдашгүй, маш гоё өнгө орсон байдаг. Мөн мана чулуу цахиурын ислээс бүрддэг учир сүүлийн үед лабораторид ургуулах болсон. Байгаль эхийн бүтээсэн бүтээлийг гүйцэх юм гэж хаана ч байхгүй. Үүнээс гадна зарим байгалийн чулуу өнгө муутай байвал түүнийг лазераар цэнхэр, ягаан гэх мэт өнгөнд оруулж будах болсон.

-Сүүлийн үед хүмүүс хөөрөг сонирхох нь ихэссэн. Үүнийг дагаад энэхүү өвийг тээж, цаашид үргэлжлүүлэх шавь хэдийг төрүүлсэн бэ?

-Нэг үеэ бодвол үндэсний өв соёл маань сэргэн мандаж байна. Тиймээс уламжлалт өв соёлоо мэдье, үргэлжлүүлэн өвлөе гэсэн залуус их болсон. Сүүлийн үед мундаг гарын ур дүйтэй, чадварлаг залуу дархчууд гарч эхэлж байна. Өдийг хүртэл ойролцоогоор 30 гаруй залуу шавьтай болжээ. Тэд маань сурах зүйлсээ сурч, өөрсдийн бүтээлийг хийж амьдралаа авч явангаа цаашид үргэлжлүүлэх шавьтай болсон нь их сайхан санагддаг.

-Таны хувьд чулуугаар эд зүйлс урлаж эхэлснээс хойш хамгийн үнэтэй зарагдсан, дуудлага худалдаагаар өндөр үнэд хүрсэн бүтээл хэд хүрсэн бэ?

-Соён гэгээрүүлэгч телевизээр Төрийн шагналт, Ардын уран зохиолч, яруу найрагч Пунцагийн Бадарч гуайтай хамтарч “Есөн эрдэнийн орон” гэсэн сэдэвт бүтээл хийн дуудлага худалдаагаар борлуулсан. Харин хамгийн үнэ цэнтэй гэдгийг би ойлгохдоо хүний сэтгэлд нь туйлын нийцэж, чин сэтгэлээсээ олон удаа талархсан тэр зүйл л эд мөнгөөр хэмжээлшгүй байдаг. Үүнээс л уран дархчууд ажлын урам зоригоо авдаг.

-Цаашид уран дархан хүний хувьд хүсч байгаа зүйл юу вэ?

-Эх орон минь бахдам сайхан байгалийн үнэт баялагтай. Тийм ч учраас би хууль эрх зүйн орчин сайжирвал гар урлал ирээдүйд асар үнэ цэнтэй, өв соёлыг тээсэн салбар болно гэж боддог. Дэлхийн хамгийн шилдэг номин чулуу Афганистанд, хамгийн сайн хаш чулуу Орост бий. Харин хамгийн шилдэг мана чулуу монголд минь байдаг. Монголд хамгийн түгээмэл байдагчлан одоогоор 200 гаруй төрлийн мана чулууг нээж илрүүлсэн байна. Халтар мана, замагт мана, шар алтан мана гэх мэт олон төрлөөр нэрлэнэ.

Эрт дээр үеийн урлаачид нутаг хошуунаасаа чулуу авахдаа байгаль дэлхийдээ мөргөж, сөгдөн ёслол үйлдэж авдаг байсан талаар түүхэнд тэмдэглэсэн байдаг. Хонины арьс дэвсэх гэх мэт маш олон зан үйл байсан гэдэг. Бид ч мөн адил чулуугаар бүтээл урлахдаа сүсэг бишрэлтэй ханддаг. Чулуу сайхан бүтээл болж эзэндээ очихдоо авсан хүний баярласан сэтгэлд баясдаг гэлцдэг. Тэгж бодож хийх нь юм бол энэ бүхэн ирээдүйд өвлөгдөх үнэт соёл болно. Харин маш гоё тогтоцтой байгалийн чулууг зарим тохиолдолд тэр чигт нь үлдээгээсэй гэж хүсдэг.

М.САРАНЦЭЦЭГ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hoho(192.82.71.25) 2022 оны 02 сарын 06

ulsiin nachin ganhuu bol luivarchin shuudee40 myangatiin podvald l heden batsaan suulgaad guij yavdag bsn hunees mongo zeelcheed ogohgui ene puujeegiin huvid eldev zangui mayaggui zaluu bsn odoo yamar bolson yum bgaan urt tsagaanaar heseg ajilgui guij yavsan odoo harin burah n joohon dendeed bgamuda

0  |  0
Top