Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал гардуулах найм дахь удаагийн ёслол өнөөдөр (2022.02.01) Төрийн ордон дахь хүндэтгэлийн өргөө гэрт боллоо.
Судалгаа, шинжилгээнд суурилсан хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх, парламентат ёс, парламент судлал, үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр үнэ цэнтэй, томоохон бүтээл туурвисан эрдэмтэн, судлаачдыг хөхиүлэн дэмжих зорилготой Б.Чимидийн нэрэмжит найм дахь удаагийн шагналыг анх удаа судалгааны баг хүртлээ.
Монгол Улсын Их Хурлын даргын 2022 оны 18 тоот “Б.Чимидийн нэрэмжит шагнал олгох тухай” захирамж, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын даргын 2014 оны 176 дугаар захирамжаар батлагдсан “Б.Чимидийн нэрэмжит шагнал олгох тухай” журмын 1.2 дахь заалт, Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлийн шийдвэрийг тус тус үндэслэн Монгол Улсад Үндсэн хуульт ёсыг бэхжүүлэх, Үндсэн хуулийг хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулж “Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн хэрэгжилтийн байдалд хийсэн дүн шинжилгээ” бүтээл туурвисан судлаачдын багт 2022 оны, найм дахь удаагийн Б.Чимидийн нэрэмжит шагналыг олгохоор шийдвэрлэжээ.
Тус судалгааны багийн ахлагчаар хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Чимидийн Энхбаатар, багийн бүрэлдэхүүнд Монгол Улсын гавьяат багш, хууль зүйн ухааны доктор, профессор Дамдинсүрэнгийн Солонго, хууль зүйн ухааны доктор, профессор Пэлжидийн Амаржаргал, магистр Мигэддоржийн Батчимэг, хууль зүйн ухааны доктор, профессор Одонхүүгийн Мөнхсайхан, магистр Цэгмэдийн Даваадулам, профессор Том Гинсбург нар ажилласан байна.
Ийнхүү судалгааны багийн гишүүдэд Монгол Улсын Их Хурлын шагналыг хүртээж, өргөмжлөл, Б.Чимидийн дүрс бүхий медаль, мөнгөн урамшуулал гардууллаа.
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар шагнал гардуулсны дараа үг хэлэв. Тэрбээр, Б.Чимид агсан монгол төрийн хууль тогтоох эрх зүйн үндсийг боловсронгуй болгоход оруулсан үнэтэй хувь нэмэр, шинэ, ардчилсан Үндсэн хуулийг батлахад эхийг баригчаар ажилласан гавьяа зүтгэл, хөдөлмөр бүтээлийг мөнхжүүлэхээр түүний нэрэмжит шагналыг Монгол Улсын Их Хурлаас жил бүр олгож байхаар шийдвэрлэсэн болохыг дурдав. Шагналыг шилдэг бүтээл туурвисан нэг хүн, эсвэл судлаачдын багт олгохоор холбогдох журамд заасан байдаг бөгөөд 2022 оны энэ удаагийн шагналыг анх удаа баг хамт олонд хүртээхээр шийдвэрлэсэн болохыг Г.Занданшатар дарга онцлон тэмдэглэлээ. Хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Чимидийн Энхбаатараар ахлуулсан судалгааны багийн хамт олон нь 2013-2017 онд хоёр үе шаттайгаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байгаа эсэхийг судалж бүтээлээ гаргасан. Тус судалгааныхаа дүгнэлтэд Монгол Улсын Үндсэн хуулийн зарим зүйл, заалтад нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн 46 заалттай тайлан, дүгнэлт гаргасныг үндэслэн 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулахад, улмаар хэлэлцэн батлахад онол, практикын чухал суурь болсныг үнэлэн энэхүү шагналыг олгохоор шийдвэрлэсэн гэв. Судалгааны багийн гишүүн нэг бүр Үндсэн хууль судлалын чиглэлээр мэргэшсэн, 1992 оны шинэ, ардчилсан Үндсэн хуулийн төслийг боловсруулах, батлах, 2019 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн батлахад өөрсдийн оюун санааны болон хөдөлмөр зүтгэлийн үнэтэй хувь нэмрээ оруулсныг онцлон тэмдэглэв. Б.Чимидийн нэрэмжит найм дахь удаагийн шагналыг хүртэж буй судалгааны багийн хамт олонд Монгол Улсын нэрийн өмнөөс баяр хүргэж, нөр их хичээнгүй, оюун шавхсан ажилд нь өндөр амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
Үргэлжлүүлэн “Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн хэрэгжилтийн байдалд хийсэн дүн шинжилгээ” бүтээл туурвисан судлаачдын багийн хамт олонд шагнал гардуулсны дараа судалгааны багийн ахлагч, хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Ч.Энхбаатар, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын Гавьяат хуульч Д.Лүндээжанцан, Б.Чимид агсаны охин, “Чимид сан”-гийн гүйцэтгэх захирал Ч.Сайнсанаа нар үг хэлж, судалгааны багийн хамт олонд баяр хүргэсэн юм.
Шагнал гардуулах ёслолд Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, анхны Б.Чимидийн нэрэмжит шагналтан, Монгол Улсын Гавьяат хуульч Д.Лүндээжанцан, Улсын Их Хурлын даргын зөвлөх О.Номинчимэг, Б.Чимид агсаны охин, “Чимид сан”-гийн гүйцэтгэх захирал Ч.Сайнсанаа болон албаны бусад хүмүүс, хүндэт зочид оролцлоо.
Энэхүү нэр хүндтэй шагналыг өмнө нь Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Монгол Улсын Гавьяат хуульч И.Дашням, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Баярсайхан, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, академич Содовсүрэнгийн Нарангэрэл, Хууль зүйн ухааны доктор Хаянхярваагийн Сэлэнгэ, Академич, гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Жүгнээгийн Амарсанаа, Монгол Улсын Гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн гэрээт профессор Цэрэнбалтавын Сарантуяа нар тус тус хүртэж байв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Сэтгэгдэл ( 0 )