Дэлхий дахинд өнгөрсөн нэгдүгээр сард коронавирусний халдварын нийт 90 сая тохиолдол батлагджээ. Энэ нь 2021 оны арванхоёрдугаар сарын үзүүлэлтээс 3.6 дахин, 2021 оны нэгдүгээр сартай харьцуулахад 4.7 дахин их байна. Нэгдүгээр сарын сүүлийн долоо хоногт 22 сая хүн халдвар авсан нь цар тахал дэгдсэнээс хойш бүртгэгдэж буй хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Өнгөрсөн нэгдүгээр сард хамгийн олон тохиолдол буюу 20 сая орчим халдвар АНУ-д бүртгэгдсэн байна. Нэгдүгээр сарын эхээр тус улсад хоногт 600 мянга орчим шинэ тохиолдол батлагдаж байсан бол сарын дундуур 900 мянга болж өссөн ч сарын сүүлээр хоногт батлагдсан халдварын тохиолдол 300 мянга болж буурчээ.
Франц улсад нэгдүгээр сарын эхээр хоногт 500 мянга гаруй шинэ тохиолдол батлагдаж байсан бол сарын сүүлээр 25 хувиар буурсан байна.
Энэтхэгт сарын дунд үеэр хоногт 350 мянга тохиолдол батлагдаж байсан бол сарын сүүлч гэхэд хоёр дахин буурч, 170 мянга орчим болжээ.
Халдвар эрчимтэй тархсан ч ковидоос үүдэлтэй нас баралт дэлхийн хэмжээнд харьцангуй тогтвортой байсан байна. Өнгөрсөн сард дэлхий дахинд ковидын улмаас 233 мянга гаруй хүн эндсэн нь 2021 оны арванхоёрдугаар сартай харьцуулахад 10 хувиар нэмэгджээ. Жилийн өмнө дэлхийн хэмжээнд 400 мянга хүн хорвоог орхисон байна.
Ковидоос үүдэлтэй нас баралт АНУ-д өндөр хэвээр байна. Тус улсад хоногт гурван мянга орчим өвчтөн эндэж байгаа бол өнгөрсөн сард нас баралтын 65 мянга гаруй тохиолдол бүртгэгджээ.
Харин Энэтхэг улсад нас баралт огцом өсжээ. Өнгөрсөн оны сүүлээр тус улсад хоногт нэг мянга орчим хүн эндэж байв.
Сэтгэгдэл ( 0 )