СҮХБААТАР: Улсын хошой аварга 1, Улсын аварга малчин 4 төрлөө

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 02 сарын 10

Сүхбаатар аймгаас усан Бар жилийн босгон дээр Улсын Хошой аварга малчин нэг, Улсын аварга малчин өрх дөрөв тодорлоо.

Сүхбаатар аймгаас тодорсон Монгол Улсын "Хошой аварга малчин өрх", “Улсын аварга малчин өрх”-ийн шагналыг УИХ-ын гишүүн Н.Ганибал, ЗТЯ-ны дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, Нутгийн зөвлөлийн дарга У.Отгонбаяр болон холбогдох албаны хүмүүс  малчны хотонд нь очиж хүндэтгэл үзүүлэн, гардуулж өглөө.
 


Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумаас тодорсон Монгол Улсын "Хошой аварга малчин өрх" Жигмэдийн Хундаваа, гэргий Чулууны хамт.

Аварга малчид маань мал аж ахуйн салбарт 1960 оноос хойш 50 гаруй жил тасралтгүй ажиллаж байна. Малаа таван төрөл дээр нь өсгөж, удам дамжсан залуу малчдыг бэлтгэж, 6 хүүхдээ малчин болгожээ. Ховордож буй тэмээн сүргийн тоо толгойг нэмэгдүүлэхэд анхаарч, 2021 онд 100 гаруй толгой тэмээ тоолуулжээ. Ингээ тогтмол сааж цагаан идээг нь боловсруулдаг аж. Малчин хүн хөдөлмөрлөж чадвал ямар ч амжилтад хүрч болдог гэж аварга малчин онцолж байлаа.Тус сумаас тодорч буй хоёр дахь Улсын хошой аварга малчин өрх, Өгөөмөр багаас тодорч буй анхны аварга малчин юм.
 


Сүхбаатар аймгийн Асгат сумын нутаг “Хүйтэн хашаат,Хиаз” хэмээх газар  өвөлжиж буй тус сумын Их-Уул багийн малчин Дайрийн Буджав, Хулганайн Цэцэгээ нар МУ-ын “Аварга малчин өрх”-өөр шалгарч шагналаа гардаж авлаа. Арван зургаан настайгаасаа  мал маллаж эхэлсэн тэрээр 44 жилийн хөдөлмөрөө төр засагтаа үнэлүүлж шагнал авч байгаадаа баяртай байгаагаа хэлж байлаа. Зургаан хүүхэд төрүүлж  өсгөсөн тэд 4 хүүхдээ  удам дамжсан малчин болгожээ.

 Дайрийн  зээрд хэмээх адууны өв соёлыг өв залгамжлан авч яваа тэрээр адууны тоо толгойгоороо сумандаа тэргүүлдэг. Тус багаас тодрон гарсан гурав дахь Улсын аварга малчин болж байна.
 


Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын малчин М.Чулуунбатынх 2018 онд “Алтан төл”-ийн эзэн болж байсан бол өнөө жил “Улсын аварга малчин” боллоо. Малаа таван төрөлд өсгөж малын тоо толгой 3000 гаруй болжээ.

Мал сүргийн ихэнхийг хонь, ямаа, үхэр эзэлдэг. Улаан ямаанаас ноолуур гарган авч зах зээлд борлуулан, 50-60 сая төгрөгийн орлого олдог. Мөн ашиг шим сайтай Сэлэнгэ үүлдрийн бух тавьж, үхэр сүргээ өсгөн үржүүлэхийн зэрэгцээ махны чиглэлээр 5-10 тонн мах бэлтгэн зах зээлд нийлүүлж байна. Энэ ажилсаг гэр бүл мал маллах арга ухаанаа залууст зааж сурган 8 туслах малчныг малжуулжээ. 

Малаа тарга тэвээрэг авхуулахын тулд отроор голдуу нүүдэллэдэг. Оторлох үедээ хилийн зурваст ажиллаж байгаа олон албан хаагчдад хандив тусламж өгч, морь малаар дэмжлэг үзүүлж иржээ.

1990 оноос хойш малаа маллаж таван төрөл дээр нь өсгөж яваа тэд 8 хүнийг малжуулж амьжиргааг нь дэмжсэн байна.

Отор нүүдэл тогтмол хийж малаа таваарлаг байдал дээр нь анхаарч өсгөж байна гэж аварга малчин хэлж байлаа. Тэрээр удам дамжсан малчин бөгөөд аав н.Мягмар нь аймгийн аварга малчнаар шалгарч байжээ.

Баатруудын өлгий нутаг гэгддэг Баяндэлгэр сумын Жирмийн хөндийгөөс ийнхүү арав дахь Монгол Улсын "Аварга малчин өрх" тодорлоо.
 


1992 оноос хойш мал маллаж, 2021 оны эцсээр 1700 гаруй толгой мал тоолуулж, малаа таван төрөл дээр нь өсгөхийн зэрэгцээ мал маллах залуу үеэ бэлтгэж, 8 хүнийг малжуулсан Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 1-р баг "Өрнө дэрс" багийн малчин Халзангийн Сүхбаатар, Моонохойн Улаанхүүхэн нар “Монгол Улсын АВАРГА МАЛЧИН ӨРХ”- өөр тодорлоо. Малчин хүн эртэч байх хэрэгтэй гэдгийг аварга малчин онцолж байв.

Дарьганга сумын нутаг Яргайт бул чулуу гэдэг газар өнтэй сайхан өвөлжиж байна.
 


Аваргуудын гэр бүл отгон аваргаа угтан авлаа.

XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн босгон дээр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харьяат Улсын аварга малчин Балжиннямын хүү Хатанбаатар “Улсын аварга малчин” боллоо. \

“Монгол улсын аварга малчин”-ны цол тэмдгээ хүлээн авсан Хатанбаатарын аав Балдангийн Балжинням нь 2010 онд Монгол Улсын аварга малчин болсон ээж Гарвуугийн Сумьяа 1989 онд БНМАУ-ын аварга малчин (саальчин) болж байжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top