Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос өнөөдөр (2022.02.11) “Тамхины хяналтын тухай хууль, эрх зүйн орчин” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа нар танхимаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Д.Сарангэрэл, Эрүүл мэндийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яамны удирдлагууд болон холбогдох байгууллагуудын албан тушаалтан, эцэг эхчүүдийн төлөөлөл цахимаар оролцов.
Байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын нэгдэн орсон Тамхины хяналтын суурь конвенцод нийцүүлэх, тамхины төрлийн бүтээгдэхүүнд утаат болон утаагүйг нь хамаатуулахын зэрэгцээ, электрон тамхийг хуульчлах, шаардлагатай тохиолдолд Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах болон хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлт хүчин зүйлийг бууруулахад тус хэлэлцүүлгийг зохион байгуулж буйг онцолсон.
Мөн тэрбээр, “Аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид электрон тамхийг хил, гаалиар нэвтрүүлэхдээ цахилгаан бараа, төхөөрөмж, аппарат гэх зэргээр нэрлэж мэдүүлдэг байна. Тиймээс утаат тамхи шиг хяналт тавих боломжгүй байдаг байна. Иймд электрон тамхийг хуульчлах, дотоод орчинд татахыг хориглох, үйлдвэрлэх, экспортлох, импортлох тусгай зөвшөөрлийн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэх нь зүйтэй” гэдгийг онцлон тэмдэглэсэн.
Хэлэлцүүлэг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэгийн “Тамхины хэрэглээ, хууль эрх зүйн орчин” сэдэвт илтгэлээр үргэлжилсэн. Тэрбээр илтгэлдээ, сүүлийн жилүүдэд тамхины хэрэглээ улам залуужиж байгааг дурдаад манай улсын насанд хүрсэн нийт иргэдийн 24.2, эрэгтэйчүүдийн 49.1, эмэгтэйчүүдийн 5.3 хувь, 13-15 насны хүүхдийн 14.3 хувь нь тамхи татдаг гэсэн судалгаа гарсныг тодотгож байлаа. Мөн манай улсад 2017-2019 оны хооронд импортоор оруулж ирсэн электрон тамхины хэмжээ 68 дахин өсчээ. Үүнийгээ дагаад хэрэглээ ч мөн өссөөр байгаа аж. Тиймээс салбарын яамнаас ирэх зургадугаар сард багтаан Тамхины хяналтын тухай хуульд, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, Засгийн газарт өргөн барихаар болсныг мэдэгдэв.
Үргэлжлүүлэн “Фокус” төрийн бус байгууллагын захирал Б.Туяа “Тамхины хяналтыг сайжруулах, ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенцын хэрэгжилтийг хангах чиглэлээр ахиц гаргасан улс орнуудын шилдэг туршлага” сэдвээр илтгэл тавьж, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд тамхины хууль болон эрх зүйн орчны хүрээнд хэрхэн ажиллаж байгаа талаар товч мэдээлэл хийлээ.
Хэлэлцүүлгийн төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг Эрүүл мэндийн яам холбогдох хуулийн төслийг боловсруулж Засгийн газарт өргөн мэдүүлэх хугацааг богиносгохыг дурдаад ирэх зургадугаар сард Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхэд анхаарч бэлтгэл ажлыг хангаж ажиллах шаардлагатайг тодотгосон. Мөн Эрүүл мэндийн яам, дүүргүүдийн хяналтын байгууллага, ТББ-уудтай хамтраад хяналтын механизмыг тодорхой болгох үүднээс тамхины хэрэглээний талаарх нарийвчилсан судалгаа хийх, бусад байгууллагууд энэ асуудалд хамтран ажиллах шаардлагатайг анхааруулав. Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос уг асуудалд онцгой анхааран дэмжин ажиллахаа мэдэгдээд Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хугацаанд нь хэлэлцүүлж, батлуулах нь бидний хамтын ажлын үр дүн байх болно” хэмээв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл ( 0 )