“Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлэх нь” нэгдсэн зөвлөгөөн Төрийн ордонд болж байна.
Зөвлөгөөнд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн удирдлагууд оролцож байгаа юм.
Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, 2022 оны улсын төсвийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг гуравдугаар сарын 1-ний дотор зохион байгуулж дуусгахыг Засаг дарга нарт үүрэг болгож, бүтээн байгуулалтын ажлыг хугацаанд нь эхлүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцно гэсэн хатуу анхааруулга өгөв.
Төсвийн худалдан авах ажиллагаа, тендерийг хугацаанд нь амжилттай зохион байгуулж чадаагүй яам, орон нутгийн удирдлагуудын ирэх жилийн төсвөөс хасах арга хэмжээ авна гэж Ерөнхий сайд санууллаа.
Одоогийн байдлаар улсын хэмжээнд хэрэгжих 716 төсөл, арга хэмжээнээс тендер зарласан нь 345 буюу 48 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Одоогийн байдлаар тендер шалгаруулалт эхлүүлсэн хувиар Орхон, Дорнод, Говь-Алтай, Булган, Завхан аймаг 100 хувь тэргүүлж байгаа бол Баян-Өлгий 48 хувь, Дархан-Уул аймаг 43, Увс 45 хувь, Сэлэнгэ 36 хувь, Архангай 19 хувь, Дундговь 17 хувиар сүүл мушгиж байна.
Засаг дарга нартай байгуулж буй гэрээг хагас жил, жилийн хугацаанд дүгнэж, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг сайтар хангаж ажиллахыг Ерөнхий сайд тэмдэглээд, Засаг дарга нар 50+1 зарчмаар олонхоороо асуудлыг шийдвэрлэх, өөрчлөх санал дэвшүүлбэл Засгийн газрын хуралдаанаар оруулж болох аж.
Сэтгэгдэл ( 0 )