Хүмүүс сайн танихгүй хүнээ “этгээд” гэж хочилдог. Тэр тусмаа сонин сэтгэгдэл төрүүлсэн хүнийг “этгээд зантай” хэмээх нь ч бий. Гаж өвөрмөц зүйлийг ч этгээд гэж тодотгодог. Мөн хуулийн шууд хамаарагч хүнийг этгээд гэж нэрийднэ. Тэгвэл киноны нэр “Этгээд” байх нь дээрхийн аль өнцгийг төлөөлсөн бол. Этгээд зүйл өөрөө этгээд сэдэл, сэрэл мэдрэмж төрүүлдэг болохоор энэ киног хүмүүс ихэд сонирхож буй биз ээ. Өвөрмөц нэртэй уг киноны триллер цацагдсан мөчөөс эхлэн судсаар этгээд урсгал гүйгээд байгааг анзаарав. Хүйтэн эвгүй мэдрэмж, цагийн зүү шиг цохилох түгшүүрт ая, зүрх дэнсэлгэсэн үзэгдлүүд, нуруу зарсхийлгэсэн харц, хүйтэн өнгө ноёлсон хөндий байшин, уулын мухарт амьдарч буй уйтгартай хэдхэн хүн. Дэлхий кино ертөнцөд сэтгэл зүйн триллер кино ид хүчээ авч буй энэ үед монголчууд дутахааргүй бүтээл хийсэн нь олзуурхууштай санагдав.
Зураг авалтанд олон план, байршил, эд хэрэглэл, хашхичсан, уйлсан олон хүн ч хэрэггүй. Ганцхан байшинд өрнөх амьдрал хийгээд түүнийг хөндлөнгөөс ажиглагч хөрш үйл явдалд оролцдог. Хөшгөө нээмэгц дэрхийн цочоодог хар хэрээ сайны дохио биш гэдгийг, мөнхөд цагаанаар жирэлзэж буй дэлгэц амьдрал удаан үргэлжлэхгүй гэдгийг, зүрхний лугшилт шиг цохилж байдаг ханын цагны чимээ тун удахгүй болох аймшигт хэргийг зөгнөж байгааг, тэр ч бүү хэл үхсэн муурын сэг зэм цээр төрөм хэргийн дохио гэдгийг бид хожим нь ойлгох болно. Киноны жүжигчид нь ч амьдрал дээрх жинхэнэ нэрээрээ дүрээ бүтээж буй нь этгээд байлаа. Тэд хичээж бэлдэж гангалсан ч юмгүй, завсрын өнгөтэй энгийн ноосон цамц өмсөж, биед эвтэйхэн дулаан хувцаслажээ.
Жүжигчдийн нүүрний хувиргалт дүнсгэр, айсан, цонхийсон, ууртай хурц байгаа нь мөнөөх олон кинонд тоглосон дүрүүдийг нь ул мөргүй арчиж өгчээ. Жүжигчид илүү дутуу хиймэл маяг байхгүй, хүчилсэн шахсан тоглолт байхгүй энгийн, хөнгөн атлаа өөр, өөрийн характерыг чадмаг гаргажээ. Зураг авалт уламжлалт хэв маягаас хахь ондоо бөгөөд нэг ч сул дүрс байхгүй техник технологийг тултал нь ашигласан байв. Монгол кинонд огт харж байгаагүй шийдлүүдийг камераар тоглож, шилжилт, өнцгийг алдалгүй үйл хөдлөл бүрийг маш этгээд гаргажээ. Зураглаач, найруулагч Б.Баатарын анхны бие даасан уран бүтээл болох сэтгэл зүйн триллер төрлийн “Этгээд” кино нээлтээ хийсэн даруй үзэгчдийн анхааарлыг эрхгүй татаж эхэлсэн. Энэ кино Монголын кино урлагт нэг шатыг ахиулсан маш өвөрмөц зураг авалт, өнгө тавилт, дуу дүрсний онцлогтой, мэргэжлийн түвшний бүтээл болж чаджээ гэж мэргэжлийнхэн үнэлж байв.
УЛАМЖЛАЛЫГ ЭВДСЭН УРБАН СЭТГЭЛГЭЭ
/Г.Эрхэмбаяр/, Сэлэнгээ /Ч.Сэлэнгэ/ нар хотоос зайдуу, ой модон дундах хуучны нэгэн байшинд нүүн ирснээр үйл явдал эхэлнэ. Уран бүтээлч эхнэртээ орон зай бий болгож, амар тайван байдлыг нь бодож энд ирсэн боловч бүсгүй тухтай байж чадаж байгаа болов уу. Байнга хар дарж, уйлж, уйтгарлаж, айж түгшиж байдгийн учир юунд байв. Эрхэмээгийн хачирхалтай байдал, учир битүүлэг үйлдэл нь тэдний шинэхэн хөршид этгээд санагдана. Хосууд чухам яагаад уулын мухарт ирэх болов. Бүхнийг анхнаас нь зураглаж суусан этгээд хэн байв. Хөршийн дүрийг бүтээсэн Н.Ялалт хосын амьдралыг хөндлөнгөөс ажиглаж Сэлэнгээг аврах итгэлт хүн нь юм шиг л санагдана. Зохиолын найруулга эмх цэгцтэй, логик алдаагүй, санаанд оромгүй төгсгөлтэй, өнгө аяс нь яг л Jordan Peele найруулагчийн “US” киног санагдуулам. Монгол сэтгэлгээнд буухгүй ч хаа нэгтээ нууцаар оршсоор буй гэмт үйлдлийг зоригтой ил гаргаж ирсэн ч юм шиг. Хэргийн хамаг учир сэтгэл санаа нь тогтворгүй, үргэлж айж цочиж байдаг Сэлэнгээд байгаа ч юм шиг. Түүнийг хаанаас нь ч харсан сэтгэцийн “юм”-тай гэдэгт итгэж орхимоор. Зурсан зургууд нь цусанд бялдсан улаан өнгө ноёлсон нэг л хэвийн биш. Түүнийг харгалзан, “хашиж” байгаа хань нөхөр болох Эрхэмээг ч гэмгүй дүртэй хүчирхийлэгч гэж хардмаар.
Толгойд эргэлдсэн олон асуултын хариулт юу байв. Энэ киноны триллерийг хараад “Ларьдма” кинотой төстэй юм байна гэж дүгнэж байсан минь эндүүрэл байсныг мэдэв. Ихэнх хүмүүс ингэж бодож байж ч магадгүй. Киноны үйл явдалд Сэлэнгээгийн найз Бадмаа /Б.Бадамцэцэг/, Санаа /Б.Баярсанаа/ нар оролцсоноор илүү сонирхолтой болгоно. Тус кинонд өөр өөрийн өнгө аясыг илтгэх, мөнхүү дотортой жүжигчид сонгогдсон нь киноны мөн нэг онцлог байна. Тухайлбал, С.Ариунбямба, Ж.Оюундарь хоёр киног бүхэлд нь сэвхийтэл өргөөд дээш шидчихэв. Кинонд жүжигчид шинэ дүрээр дахин төржээ. Ялангуяа Эрхэмээгийн харц, Сэлэнгээгийн дотоод сэтгэлийн зөрчил, Ялалт болон Оюундарийн сайн хийгээд муугийн туйлыг гаргаж буй байр байдал, Ариунбямбын харгис зэвүүн царай гээд бүгд л дотор зарсхийлгэсэн дүрүүдтэй. Хэтэрхий гэнэн итгэмтгий байдал заримдаа маш том алдаа болж, бусдын олз идэш болдгийг энэ кино харуулжээ. Түүний дараа бүх зүйлд айж болгоомжилсон, сэрдэж зэвүүцсэн харцаар хараад байх болсноо ч анзаарав. Ер нь аливаа зүйлд няхуур, ухаалаг, ул суурьтай хандахгүй бол бид гал, ус руу ч үсрэхэд бэлэн сэтгэлтэй амьтад шүү дээ. Нөгөө талаас эсрэг дүрийн эрэгтэй ардаа амь амьдралтай, эрх танхи охинтой гэдгийг харуулаад зогсоогүйн дээр өөрөө ч тэдний нэг адил золигт гарч буй нь өршөөлгүй хэрцгий байлаа. Бүх л кино сайн сайхнаар төгсдөг бол энэ кино эсрэгээрээ. Авралын илч, сахиусан тэнгэр гэж итгэж байсан нэгэн эмэгтэй бүх үйл явдлын захиалагч, арилсан дотортой аймшигт араатан байсныг хараад шоконд орж орхив. Яг л хонины нэхий нөмөрсөн чоно та бидний дунд, магадгүй яг дэргэд чинь буй шүү гэдгийг сануулах шиг болов.
ӨРӨӨЛИЙН ҮГЭЭР ӨӨРИЙГӨӨ ҮГҮЙ ХИЙГСЭД
“Этгээд” киноны ерөнхий продюсероор Н.Энхмандах, зураглаачаар Б.Баатар, найруулагчаар Б.Баатар, Г.Эрхэмбаяр нар ажиллажээ. Найруулагч Б.Баатар нь “Сайн, муу, хэрцгий”, “Одод болохын хүслэн”, “Хийморь”, “Зориг” зэрэг УСК-ны ерөнхий зураглаачаар, “Яллагч” УСК-ны ерөнхий найруулагчаар ажиллаж байсан туршлагатай уран бүтээлч юм. Киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Ч.Сэлэнгэ нь “18 нас би чамд хайртай” “Аз жаргал” “Хайр”, "Six feet", "Бумеранг" гэх зэрэг уран бүтээлүүдэд ажиллаж, авьяаслаг, үзэсгэлэнтэй жүжигчин гэдгээрээ олонд танигдсан билээ. Тэрбээр энэ удаа тэс өөр дүрийг бүтээж өөрийгөө этгээд байдлаар эвдсэн юм. Ч.Сэлэнгэ “Анх киноныхоо зохиолыг уншиж танилцахад л зохиол нь маш содон, өвөрмөц, этгээд байж чадсан учраас тухайн бүтээлд оролцох ёстой юм байна гэж бодоод саналыг шууд хүлээж авсан. Кинон дээр хүнд зураг авалтууд маш их байсан. Зүрх багтарч, амнаас таван цул эрхтэн гарах гэж байгаа юм шиг амьсгаадан гүйж байгаа ч, дэлгэцээр харахад зүгээр л гүйж байгаа мэт харагддаг юм билээ. Жирэмсэн эмэгтэйн сэтгэлзүйн байдлыг мэдэх учир амьдралынхаа туршлагаас үндэслээд киноны гол дүрийн сэтгэл зүйн гүн хямралыг харуулахыг хичээсэн. Сценээс сцений хооронд дүрийн шугамаа алдахгүйн тулд сэтгэл санааны түвшингөө барьж өөр дээрээ маш их ажилласан” гэлээ.
Тэгвэл “Хэцүү анги” киноны Гэрлээгийн дүрээр олны танил болсон жүжигчин, мисс Б.Бадамцэцэг “Этгээд” УСК”-нд тоглох санал надад тавихад нь би үнэхээр чадах болов уу, тохирох болов уу гэж маш их эргэлзэж, айж байсан. Үнэндээ зохиолоо уншаад огт ойлгоогүй. Миний төсөөлөлд огт бууж өгөхгүй, дахин дахин уншиж байсан. Монгол биш гадаад зохиол уншиж байгаа юм шиг л санагдсан. Тэгээд зураг авалтын талбай дээрээ ирэхэд киноны өнгө төрх гээд бүх зүйл нь үнэхээр сэтгэгдэл төрүүлэхүйц, өвөрмөц, содон байсан л даа. Миний дүрийн хувьд олон үг хэлдэггүй, надтай төстэй ч юм шиг санагдаж байв. Уран бүтээлчийн зүгээс аз сорьсон зураг авалт олон байсан. Өмнө нь ийм эрсдэлтэй дүр дээр ажиллаж үзээгүй. Сонирхолтой байлаа” гэсэн юм.
Тэгвэл киноны ерөнхий продюсер Н.Энхмандах “Кино урлагийн салбарт “Этгээд” МУСК-оороо этгээд мэссэж өгөхийг зорилоо. Энэхүү киногоороо нийгэмд болж буй чухал сэдвийг хөндсөн. Киноны баг маш сайн дүрдээ орж ажиллаж, зураг авалт өнгө тавилт, гэрэлтүүлэг зэрэгт их бүтээлчээр ажилласан. Шинэлэг, сонин, этгээд зүйл хүсэж байгаа бол манай киног үзээд дүнгээ тавиарай” гэлээ. Киног амилуулсан жүжигчин Ж.Оюундарь ”Хүн ер нь өөрийн гэсэн ухаантай, оюун бодолтой, үзэл баримтлалтай байхгүй бол хэн нэгний тоглоом болоод л дуусна. Үүнийг томоор авч үзэх юм бол өөрөө, цаашлаад гэр бүл, улс нийгэм даяараа ухаантай л байхгүй бол хэн нэгний олз, хоол болж дуусдаг юм байна шүү. Улс үндэстэн гэдэг чинь өөрийн гэсэн үнэт зүйлтэй, хайрлаж бишрэх бахархалтай, тэрийгээ хамгаалж явах чадалтай байх ёстой юм байна. Гол санаа ердөө л энэ. Найруулагч ч энэ үзэл санаагаа маш оновчтой гаргаж чадсан гэж бодож байна
Найруулагчийн өвөрмөц шийдлүүд, зураг авалт, өнгөний тавилт гээд тун онцгой байж чадсан. Миний тоглосон, киноны сүүлийн сцен л гэхэд үнэхээр содон. Тэнд киноны гол илэрхийлэх гэсэн санаа, бүх зангилаа тайлагдана” гэж байлаа. Эцэст нь хэлэхэд, киноны төгсгөлд дараагийн золиос огтхон ч хар авсан шинжгүй, аз жаргалтайгаар инээмсэглэн мөнөөх араатан шиг этгээд нэгэнтэй зөрөөд өнгөрөх нь энэ кинонд үргэлжлэл бий ч юм шиг...
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )