“Алт-2” үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлж, алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд энэ онд хөнгөлөлттэй санхүүжилт үргэлжлүүлэн олгоно гэж УУХҮЯ-наас мэдээллээ.
Цар тахлын улмаас эдийн засагт үүссэн хүндрэлийг хохирол багатай даван туулах, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч нар 2020 онд А/102, А-177 тоот хамтарсан тушаал гаргаж, “Алт-2” үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор олгох хөнгөлөлттэй санхүүжилтийн түр журмыг шинэчилсэн. Журмын хэрэгжилтийн хүрээнд 2021 онд 17 аж ахуйн нэгжид 333 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон бөгөөд компаниуд тухайн ондоо зээлээ бүрэн төлж барагдуулсан байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал, Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван нар алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй энэ сарын 17-ны өдөр уулзжээ. Уулзалтаар “Алт-2” үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор олгох хөнгөлөлттэй санхүүжилтийн түр журмын хэрэгжилтийг хэлэлцсэн байна.
Мөн энэ сарын 22-нд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван нар арилжааны банкны төлөөллүүдтэй уулзаж, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд шаардагдах асуудлаар санал солилцсон. Үүний үр дүнд Алт олборлогч ААН-үүдийн үйл ажиллагааг дэмжих үүднээс тус журмын үйлчлэлийг 2022 онд үргэлжлүүлэхээр болжээ.
Сэтгэгдэл ( 0 )