“Капитал”-ын хохирогчдын 10.8 хувь нь мөнгөө авч чаджээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 02 сарын 25

Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар  /2022.02.23/ "Капитал" банкны битүүмжлэгдсэн 118 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын санд хувь тэнцүүлэн шилжүүлэх шийдвэрийг гаргасан.

Уг шийдвэрийн дараа Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл хуралдаж “Капитал Банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас Нийгмийн даатгалын сангийн  нэхэмжилсэн өр төлбөрт эд хөрөнгө суутган авах тухай асуудал хэлэлцсэн юм.

Хурлаар өр төлбөрт тооцож авах боломжтой хөрөнгийг танилцуулж тэдгээрээс нийт 25 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 86 ширхэг үл хөдлөх хөрөнгийг өр төлбөрт суутгаж авахыг зөвшөөрч баталжээ. Ингэснээр Нийгмийн даатгалын санд Капитал банкны эрх хүлээн авагчаас авах 49 тэрбум төгрөгийн авлага үлдэж байгаа гэсэн мэдээллийг өгсөн.

Сануулахад, Нийгмийн даатгалын сангийн 104 тэрбум төгрөг Капитал банканд байршиж байсан бөгөөд Засгийн газрын шийдвэр гарахаас өмнө  7.7 тэрбум төгрөг Нийгмийн даатгалын санд шилжиж орж ирсэн юм байна.

Капитал банктай холбоотой уг асуудалд, хуулийн хүрээнд төр өөрөө хохирогч боловч жинхэнэ хохирогчид нь ажил олгогчид, хөдөлмөр эрхлэгчид юм. Тиймээс төр засгийн зүгээс хуулийн хүрээнд хийж, хэрэгжүүлж болохуйц боломжит арга хэмжээнүүдийг зайлшгүй авах шаардлагатай талаар манай сайт өмнө нь мэдээлж байсан билээ.

Мөн Капитал банкны үйл ажиллагаанаас үүдэн хохирсон 354,260 хадгаламж эзэмшигч бий.

Хадгаламжийн даатгалын корпорацийн зүгээс  2019 оны 4 дүгээр  сарын 19-ний өдрөөс эхлэн албадан татан буугдсан Капитал банкны харилцах, хадгаламж эзэмшигчдийн 20 сая хүртэлх төгрөгийн даатгалын нөхөн төлбөрийг ХААН Банкаар дамжуулан олгож байгаа.

Албадан татан буугдсан Капитал банкны 354,260 харилцах, хадгаламж эзэмшигчдэд 44,662,554,578 төгрөгийн нөхөн төлбөр олгохоос 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 35,695 хадгаламж эзэмшигчийн 40,346,655,185 төгрөгийн нөхөн төлбөрийг олгожээ. 44.6 тэрбум төгрөгөөс 40.3 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг барагдуулсан байгаа ч, тус банканд  Харилцах, хадгаламж эзэмшиж байсан харилцагчдын 10.8 хувь нь л мөнгөө эргүүлэн авч чаджээ. Харин 89.92 хувь нь хохирлоо барагдуулж чадаагүй байна.

 

                                                       Нөхөн төлбөр олголтын явцын мэдээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top