Өдрийн зээлдэгч ЗЭЭЛИЙН ХҮҮГЭЭ урьдчилан авахыг хориглоно

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 28

Монгол Улсын Засгийн газраас 2021 оны нэгдүгээр сарын 08-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг гуравдугаар сарын 01-ний өдрийн 10.00 цагт Төрийн ордонд зохион байгуулах гэж байна. Уг хуулийн төслийг ирэх хаврын чуулганаар хэлэлцэх төлөвтэй байгаа тул хуулийн төсөлд тусгасан зарчмын шинжтэй дараах зохицуулалтыг онцолж байна.


1.Иргэнээс ашиг олох зорилгоор, байнга олгох зээлийн үйл ажиллагаа болон барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэгчид тодорхой шаардлага тавьж, бүртгэл, хяналттай болгох юм. Хэрэв бүртгүүлээгүй бол хүү авах эрхээ алдаж, холбогдох зөрчлийн хэргийн хариуцлага хүлээх нөхцөл бүрдэх аж.

2.Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчид бүртгэл, хяналттай болсноор Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлөөс зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох аж.

Хувь хүн зээл олгохдоо алданги торгууль тооцохыг хориглоно

3.Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг (алданги, торгууль) хэрэглэхгүй байх талаар Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан байдаг. Энэ утгаараа зээлийн үйл ажиллагаа байнга, ашиг олох зорилгоор эрхэлж буй этгээд анз  хэрэглэхгүй, зөвхөн нэмэгдүүлсэн хүү тооцох зарчимтай.

Гэтэл иргэнээс олгох зээлийн үйл ажиллагаа нь ашгийн төлөө, байнгын шинжтэй болж, хэт өндөр хүү тогтоохоос гадна алдангийг гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувиар тооцож зээлдэгчээс авч байна.

Ийм учраас ашгийн төлөө, байнга зээл олгох иргэдийн үйл ажиллагааг бүртгэлтэй болгосноор Иргэний хуульд заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдэд тооцогдон хоног тутам алданги тооцохгүй байх, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тооцох боломжтой байдлаар хуулийн төсөлд тусгажээ.

5.Иргэнээс олгох болон зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй компани зээл олгохдоо 1 хувийн шимтгэл авч байгааг бичил санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх эдгээр эрхлэгчээс олгох зээлд шимтгэл авахыг хориглохоор тусгалаа.

Өдрийн зээл олгогч хүүгээ урьдчилан авахыг хориглоно

6.Өдрийн зээл олгогч хүүг урьдчилан авахыг хориглохоор хуулийн төсөлд тусгажээ. Өөрөөр хэлбэл өдрийн зээл нэрийдлээр үндсэн зээлийг бүрэн ашиглаагүй байхад өдөр өдрөөр тооцон үндсэн зээл, хүүг зээлдүүлэгчид төлдөг зээлийн хэлбэр түгээмэл байдлаар иргэдийн дунд байнга явагдах болсон.

Тиймээс зээлийн хүүг урьдчилан авахыг хориглож, хэрэв урьдчилж үндсэн зээл, хүүг тооцож авбал Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээх байдлаар хуулийн төсөлд тусгалаа.

7.Түүнчлэн иргэнээс ашиг олох зорилгоор, байнга олгох зээлийн үйл ажиллагаа эрхлэгч, барьцаалан зээлдүүлэх газрын үйл ажиллагаа эрхлэгчид тодорхой мэргэжлийн болон бусад шаардлагыг тавьж, тус үйл ажиллагааг цаашид мэргэжлийн болгоход чиглэсэн зохицуулалтыг хуулийн төсөлд тусгав.

8.Хуулийн төсөлд зээлийн гэрээ, холбогдох барьцаа, батлан даалтын гэрээнд заавал тусгах зүйлс, гэрээг хадгалах, бүртгэх, үүнд цахим бүртгэл хөтлөх, цагдаагийн байгууллагад сэжиг бүхий барьцааны зүйлийн талаар мэдээлэх, барьцааны зүйлийг өдөр бүр цахим бүртгэлд оруулах, барьцааны зүйлийг зарж борлуулах талаарх мэдэгдэл гаргах хугацаа, хэлбэр, барьцааны зүйлийн үнэлгээний талаарх зээлдүүлэгчийн үүргийг тусгалаа.

9.Зээлийн үйл ажиллагааг зөвхөн бүртгэлтэй этгээд сурталчлах, сурталчилгаанд тавих агуулгын шаардлага, заавал тусгах мэдээлэл, үүнд зээлийн хүүгийн хэмжээ гэх мэт, зээлийн үйл ажиллагаа эрхлэгч бүртгэлийн гэрчилгээгээ үйл ажиллагаа эрхлэх газраа байршуулах үүрэг, зээлийн хүүгийн хэмжээг ил тод баршуулах зэрэг үүргийг хуулийн төсөлд тусгав.

10.Иргэнээс ашиг олох зорилгоор, байнга олгох зээлийн үйл ажиллагаа эрхлэгч, барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэгчийг аймаг, нийслэлийн Засаг дарга бүртгэх, харин тодорхой мөнгөн дүнгээс дээш хөрөнгийн үнэлгээтэй, 2 болон түүнээс дээш аймагт, эсхүл аймаг, нийслэлд салбараа байгуулахыг хүссэн барьцаалан зээлдүүлэх газрын үйл ажиллагаа эрхлэгчийг Санхүүгийн зохицуулах хороо бүртгэж, холбогдох хяналт шалгалтыг хийх, хариуцлага тооцох, бүртгэлийн гэрчилгээг түдгэлзүүлэх, эсхүл хүчингүй болгох арга хэмжээ авах талаар хуулийн төсөлд тусгалаа.

11.Хуулийн төсөлтэй холбогдуулан Иргэний хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.46.124) 2022 оны 03 сарын 01

Их өндөр хүүтэй зээл өгч алданги тооцдог том мөнгө хүүлэгч банкууд болон банк бус санхүүгийн байгууллагуудад хуулийн ямар хариуцлага тооцох гэж байна. Элдэв янзын худал шалтаг тоочиж үнийн хөөрөгдөл үүсгэж байгаа хүүлэн мөлжигч наймаачид, шатахуун ипортлогчид ченжүүд худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд хуулийн ямар хариуцлага хүлээлгэх вэ?

0  |  0
Top