Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл өнөөдөр /2022.02.28/ үдээс хойш хуралдана гэж Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэллээ.
ОХУ, Украины нөхцөл байдалтай холбоотойгоор үүсээд буй геополитикийн асуудал манай эдийн засагт сөрөг нөлөөлөл үзүүлэх төлөвтэй гэж Төв банк үзэж байна.
Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч хэлэхдээ “Манай улс хоёр том гүрний дунд байдаг. Гуравдагч ертөнцтэй энэ хоёр гарцаараа л дамжиж харилцдаг. Нэг гарц дээр геополитикийн асуудал үүсээд байна. Манай улс эрчим хүч, нефть шатахуун, тос, тослох материал, үйлдвэрлэлийн орцуудаа ч ОХУ-аас авдаг учраас хил гааль дээр, төлбөрийн систем дээр асуудал үүсэх нь нэгэнт ойлгомжтой. Тиймээс өнөөдөр үдээс хойш Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдаж, банк санхүү, төлбөрийн системийн асуудлыг ярина. Шатахууны тал дээр аваад үзэхэд, Монголбанк шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдэд 2021 онд Репо санхүүжилтийн хүрээнд 290 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй, зээл олгосон. 2022 он гарснаас хойш 50-60 тэрбум төгрөгийн санхүүжилт олгочихсон байгаа. АМГТГ-аас өгч байгаа мэдээллийг үзэхэд, АИ-92 зэрэг шатахууны 38 хоногийн нөөц манай улсад байна гэсэн мэдээллийг өгч байна” гэсэн юм.
Тодотгоход, Украины салан тусгаарласан бүс нутаг Донбасст цэргийн тусгай ажиллагаа явуулах ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины шийдвэр Украины олон хотыг хамрах тусам, өрнөдийн орнуудын хориг шийдвэрүүд чангарч байна.
Тухайлбал, ОХУ-ын гол банкуудыг SWIFT буюу олон улсын төлбөр тооцооны сүлжээнээс салгах шийдвэр дээр АНУ, ЕХ, Их Британи, Канад улсууд санал нэгдсэн. Мөн БНХАУ-ын ICBC болон Bank of China банкууд ОХУ-тай хийх төлбөр тооцоонд хязгаарлалт тогтоох шийдвэрийг гаргаад байна.
Сэтгэгдэл ( 0 )