Хаан банк хувьцааныхаа 4.7 хувийг ажилтнууддаа олгохтой холбоотой шийдвэрийг Монголбанк цагаан сарын өмнө гаргасан гэж Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч өнөөдөр /2022.02.28/ мэдэгдлээ.
Тэрбээр өмнө нь энэ талаар хэлэхдээ “Ажилтнууддаа хувьцаа эзэмшүүлэх тухайд бол банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөрийн дагуу IPO хийх банкууд хувьцаа эзэмшлийн төвлөрлөө 20% руу буулгаж, хуулийн шаардлагыг биелүүлэх нэг арга зам гэж ойлгож болно. Банкуудын хуулийн шаардлагыг биелүүлэхээр боловсруулсан төлөвлөгөөн дотор ажилтнууддаа хувьцаа эзэмшүүлэх хувилбар байж болох бөгөөд энэ нь олон улсад ч, Монголын компаниудад ч байдаг тогтсон жишиг юм. Монголбанк банкуудаас ирүүлсэн төлөвлөгөөг судлаад, хуулийн шаардлага хангасан, хувьцаа худалдан авах эх үүсвэр нь нотлогдсон нөхцөлд татгалзах зүйлгүй, хуулийн хүрээнд шийдвэрлээд явна” гэж байсан юм.
Хаан банкны сайт дахь Хувьцаа эзэмшигчдийн мэдээллийг харахад, 45.55%-ийн хувьцаа буюу нөлөө бүхий хувьцаа эзэмшигч нь “Эйч Эс Холдингс” ХК байна. 45.55%-ийн 26% нь Хидео Савада гэж хувь хүний мэдэлд байдаг.
Хаан банкны хувьцаа эзэмшилтэй холбоотой сүүлийн байдлаар ямар асуудлууд яригдаж байгаа вэ гэдэгт Монголбанкны ерөнхийлөгч мэдээлэл өглөө.
Хаан банкны хувьчлал 2003 онд хийгдэхэд Япон улсын иргэн Х.Савада өөрийн хувьцаат компанидаа 46 хувь буюу дийлэнх хувийг эзэмшиж байснаас хойш жил бүр эзэмшлийн хувь хэмжээ болон бусад хөрөнгө оруулагчид нь хэрхэн өөрчлөгдөж ирсэн мэдээлэл ил тод байдаг.
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбоотойгоор нөлөө бүхий хувьцаа эзэмшигч заавал мэдээлэл өгөхийг шаарддаг болсон. Энэ хүрэнд хувьцаа худалдах, шилжүүлэхтэй холбоотой зөвшөөрлийг 2019 оноос эхлээд өгч байгаа гэлээ.
Хамгийн сүүлд ямар процес явж байна гэхээр, Япон улсын Санхүүгийн хэрэгсэл ба үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн дагуу нээлттэй хувьцаат компанийн энгийн хувьцааны хяналтын багцыг худалдан авахад худалдан авч буй тал нь “Тендер санал” гаргаж, хувьцаа худалдан авах саналаа нийтэд зарладаг. Энэ жишгээр “Упсилон” ХХН болон түүний ерөнхий партнер “Мета капитал” компани “Савада холдингс” компанийн нийт хувьцааны 50.1 хувийг худалдан авах тухай тендер саналыг гаргасан байсан. Үүнтэй холбоотойгоор Монголбанкнаас зөвшөөрөл авъя гэж хандсан асуудал өнөөдрийг хүртэл явж байна.
Тендер саналын хугацаа дууссан учраас тендер биш саналаар авъя гэж байгаа гэв.
Сануулахад, уг асуудалтай холбогдуулан, Монголбанкны Банкны бүтцийн өөрчлөлт, бодлогын газрын захирал Н.Ариунбат хэлэхдээ “Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь заалтын дагуу банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцааны бүтцэд өөрчлөлт ороход Монголбанканд мэдэгдэж, холбогдох зөвшөөрлийг авах ёстой. Хуулийн дагуу “Упсилон” ХХН болон түүний ерөнхий партнер “Мета капитал” компани холбогдох баримт бичгийг бүрдүүлж, ХААН банкаар дамжуулан Монголбанкнаас тухайн үед зөвшөөрөл хүссэн.
Монголбанк энэ асуудалд маш нухацтай хандаж ирсэн. Худалдан авагч талын эцсийн өмчлөгч, мөнгөн хөрөнгийн гарал үүслийг тогтоох зорилгоор “Упсилон” ХХН-өөс ирүүлсэн баримт бичгийг хууль, журамд заасны дагуу тогтмол хянаж ирсэн, цаг хугацаа ч их зарцуулсан. Энэ ажлын хүрээнд худалдан авагч талтай холбоотой нэмж тодруулах шаардлага дахин дахин гарч байсан тул “Упсилон” ХХН-тай холбоотой 10 гаруй албан бичиг хүргүүлж, нэмэлт баримт материал гаргуулан авсан байдаг. Олон нийтийн сүлжээгээр цацагдаад байгаа Монголбанкны 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А-1/761 тоот албан бичиг нь дээрх албан бичгүүдийн л нэг. Уг албан бичгээр “Савада холдингс” компанийн хувьцааг худалдан авахыг зөвшөөрсөн эцсийн шийдвэр биш зөвхөн тус компанийн хувьцааг худалдан авах хүсэлт ирүүлсэн худалдан авагч талын бүрдүүлсэн баримт бичиг шаардлага хангаж байна, хүлээж авахад татгалзах зүйлгүй, мөн үргэлжлүүлэн хяналт тавинаа л гэсэн агуулгатай” гэж байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )