Байгаль хамгаалагчдын АМЬ НАСЫГ ХАМГААЛНА

Админ | Zindaa.mn
2022 оны 03 сарын 03

Өнөөдөр Төрийн ордонд “Бид байгаль хамгаалагчид” үндэсний чуулган эхэлсэн. Энэ үеэр Байгаль орчин, Аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ байгаль хамгаалагчдын амь насыг хамгаалах асуудалд онцгой анхаарахаа мэдэгдсэн юм. Тэрбээр “Байгаль хамгаалагчдын зэрэг дэв, цалин хангамж, нийгмийн хамгааллын олон асуудлыг эргэн харах, судлах, шийдвэрлэх шаардлагатай.  Байгаль хамгаалагчид эзгүй хээр, ганц гэрээрээ ч амьдардаг тохиолдол их. Тиймээс тэдний гэр бүлийн нийгмийн асуудалд анхаарах, орлогыг нь нэмэгдүүлэх, амь нас, эрүүл мэндийг хамгаалах асуудал энэ удаагийн чуулганаар хөндөгдөнө” хэмээн ярилаа.

Салбарын сайд байгаль хамгаалагчдад тулгамдаад буй эдгээр асуудлуудыг шийдвэрлэхийн тулд “Байгаль орчны салбарын нэгж” хэмээн харж, цогцоор шийдвэрлэх шаардлагатай хэмээн ярьж байв. Энэ хүрээнд “Байгаль хамгаалагчдын хөгжлийн хөтөлбөрийн төсөл”-ийг боловсруулсан байна.

Чуулганд оролцсон байгаль хамгаалагчдын төлөөлөлүүдийн зүгээс байгаль хамгаалагч эрэгтэй 55, эмэгтэй 50 насандаа тэтгэвэрт гарах боломж байгаа эсэхэд анхаарлаа хандуулж, салбар яамнаас судлаж өгөхийг хүссэн юм. Учир нь халуун, хүйтнийг үл тоон ажиллах тэдний мэргэжлийн онцлог бусдаас хүнд хэмээн үзэж байгаа ажээ.

Б.Нарангоо

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top