Дуу хуур, кино дүрсэнд мөнхөрсөн “Их газрын чулуу” хэмээх байгалийн өвөрмөц тогтоц бүхий нутаг Дундговь аймагт бий. Гурвансайхан, Өлзийт, Говь-Угтаал гэх гурван сумын нутгийг хиллэн орших тус газрыг 2003 онд Улсын Тусгай хамгаалалтад авчээ.
Аймгийн төвөөс зүүн урагш 80 гаруй киллометрийн зайд, хойш урагшаа тус бүр 20 гаруй киллометр үргэлжилсэн 35 мянган га нутагтай тус газрыг “Хадан ой” хэмээн нутгийн иргэд нэрийднэ. Хамгийн өндөр цэг нь 1706 метр өндөр Ерлөг уул юм.
“Их газрын чулуу” гэх энэ нутагт Монголын олон уран сайхны киноны зураг авалтыг хийсэн байдаг. Тодруулбал, “Ичээндээ”, “Алтан Өргөө”, “Бушхүүгийн үлгэр” кинонуудаас гадна “Зүрхний хилэн” уран сайхны киноны зураг авалтыг энд хийжээ.
Түүнээс гадна “Их газрын чулуу”-нд Хөдөлмөрийн баатар, нэрт уртын дууч Б.Норовбанзадад зориулсан дурсгалын хөшөө, байгальд байгуулсан задгай театр бий. Тэнд 3000 уртын дууч, морин хуурчийг чуулуулан томоохон арга хэмжээ зохион байгуулж байсан билээ.
Өрж тавьсан шагай шиг өөр өөр хэлбэр тогтоц бүхий тус нутгийг дөрвөн байгаль хамгаалагч хамгаалдаг байна. Тэдний нэг өнөөдрийн манай нийтлэлийн гол баатар, байгаль хамгаалагч Д.Мөнх-Очир юм.
Д.Мөнх-Очир 2008 оноос хойш тасралтгүй 14 жил байгаль хамгаалагчийн ажил гүйцэтгэж байгаа туршлагатай нэгэн. Дундговь аймгийн Гурвансайхан суманд төрж өссөн, жинхэнэ нутгийн хүү. Тиймээс ч нутгийнхаа жалга судаг, хонхор гүдгэр, агуй ам бүрийг гаргаахгүй мэднэ.
Жилийн дөрвөн улиралд уулаа даган нутаглах түүний ажлын нэг өдөр ан амьтнаа дурандахаас эхэлдэг гэнэ. Ажил, амралтын өдөр гэж ялгалгүй, өдөр шөнийг ажиралгүй зүтгэж буй энэ ажилдаа тэр үнэнхүү дуртай.
Энэ талаараа тэрбээр “Энэ яваа насандаа, төрсөн нутаг орноо хамгаалах сайхан ажил хийж яваадаа сэтгэл үнэхээр хангалуун байдаг. Тиймдээ ч ажилдаа маш их дуртай. “Их газрын чулуу” хэмээх энэ сайхан нутаг миний төрсөн гэр шиг л санагддаг болсон” хэмээн бахдан ярьж байна.
“Их газрын чулуу”-нд аргаль, янгир, мануул гээд ховордсон ан амьтад, олон зүйлийн эмийн ургамал ургана. Сүүлийн жилүүдэд тохиосон цаг уурын гамшигт үзэгдлээс шалтгаалан өвс, ногооны гарц муу байгаатай холбоотойгоор ан амьтад нутаг сэлгэх, турж эцэх, усгүйдэх зэрэг олон асуудлууд тулгараад байна.
Энэхүү тулгамдсан асуудлыг даван гарахын тулд байгаль хамгаалагчид олон арга замыг эрэлхийлдэг аж. Тодруулбал өнгөрөгч онд Дундговь аймагт болсон “Нөөлөг салхи”-ны улмаас газрын үндэс булга татагдаж, амьтад хоол ундгүйдсэн тэр цаг үед Д.Мөнх-Очир тэргүүтэй байгаль хамгаалагчид олон киллометр газар өвс, ус үүрч хүргэжээ. Хамгийн гол нь уулын зэрлэг амьтдад өвс, тэжээл, хужир шүү хүргэхийн тулд явганаар, өндөр цэг рүү явах ёстой болдог байна.
Д.Мөнх-Очир энэ талаар “Хүмүүс хүний гар хүрсэн өвсийг уулын зэрлэг амьтад иддэггүй гэж ярьдаг. Тэр бол худлаа. Бид өвсөө аваачаад ойролцоо байх бут, сөөгний үндсэнд тараан байрлуулдаг. Тэгээд хажууд нь хөдөлгөөнт камераа байрлуулж яваад маргааш нь ирээд нөгөө хэдийнхээ өвс идэж байгаа бичлэгийг үздэг. Тэрийг харахад л нөгөө олон киллометрт өвс, ус өргөж явсан ядаргаа тайлагдах шиг л болдог” гэлээ.
Түүний ярьснаар энэ ууланд хэд хэдэн хөдөлгөөнт камер бий. Тэдгээрт олон зүйлийн амьтдын өвөрмөц сонин дүрс буусан байдгийн нэг нь 2017 онд авсан цагаан аргалийн бичлэг байв. Цагаан аргаль бол нэн ховордсон амьтан билээ.
Түүнчлэн Д.Мөнх-Очир эргүүтсэн янгирыг эмчилж байжээ. 2009 онд шинэхэн байгаль хамгаалагч байхдаа эргүүтсэн янгиртай таарч, бүтэн өдөржин хөөцөлдөн байж барьж аваад нутгийн малын эмч н.Пунцагтай хамтран хагалгаа хийсэн байна. Тийнхүү эргүүг нь аваад, хүзүүнд нь хадаг зүүж сэтэрлэн тавьсан тус янгир хоёр жил гаруй хяналтын камерт бичигдэж явсан гэнэ.
“Их газрын чулуу” уулыг тусгай хамгаалалтад авсантай холбоотойгоор, түүнийг түшиглэн аялал жуулчлалыг татах олон ажлыг байгалийн цогцолборт газрын захиргаа нь хийж гүйцэтгэж байна. Тэрхүү ажлынхаа хүрээнд байгаль хамгаалагчдыгаа байртай болгож, иргэдийн ая тухад зориулж био жорлон, амрах хэсэг, отоглох газрыг байгуулжээ.
Их газрын чулууг зорин очих гадаад, дотоодын жуулчид газар дээр нь тийм орчин нөхцөл угтана гэж төсөөлдөггүй тухайгаа ярьдаг байна. Эзгүй говьд ийм байгалийн урлан бий болно чинээ төсөөлдөггүй жуулчдын анхаарлыг өдрөөс өдөрт татаж буй хадан ойн байгаль хамгаалагчийн тухай нэвтрүүлгийг та бүхэндээ хүргэе.
Сэтгэгдэл ( 0 )